Тереза Рэйклин:Тэвчээрийн дээд цэгийг би мэднэ

Ч.ГАНТУЛГА

Монголын урлагийн зөвлөл “Нью-Йорк Сити Балет” компанийн шил­дэг уран бүтээлчдийг урьж, тоглолт сургалт зо­хион байгуулж байгаа билээ.

Энэхүү компанийн тэр­гүүлэх гоцлооч Тереза Рэйклин манай үзэгчдэд алдарт “Хунт нуур” ба­летын цагаан хунгийн гоц­лолоор бэлэг барьж бай­на. Түүнийг “Баасан гаригийн зочин”-оор  урьж ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Өмнө нь манай оронд ирж байв уу?

-Танай сайхан улсад анх удаа ирж байна. Монгол гэхээр хоёр том гүрний дунд байдаг, тэдгээр улсдаа уусчихсан жижигхэн улс гэсэн төсөөлөлтэй ирсэн. Гэтэл цэлгэр уудам нутагтай, цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаартай, сайхан нутаг юм. Хүмүүс нь найрсаг, зочломтгой, үргэлж инээмсэглэсэн, амгалан улс шиг санагдлаа. Яг үнэндээ миний сэтгэл их хөдөлж байна. Боломж олдвол танай улсад дахиад заавал зочилноо.

-Манай бүжигчдийн тоглолтыг үзэж амжсан уу?

-Хараахан амжаагүй байна. Харин үндэсний урлагийн тоглолт үзсэн. Гайхалтай санагдсан шүү.

-Та балетаар хэдэн жил хичээллэж байна?

-Гурван настайгаасаа эхэлж хичээллэсэн. Амьдралынхаа цаг, минут бүрийг энэ урлагт зориулж явна. Бэлтгэл, сургуулилтгүйгээр нэг өдөр ч байж үзээгүй. Магадгүй чадахгүй байх л даа.

-Гурван настай бяцхан охины сэтгэлийг балет яаж тэгтлээ татсан юм бол?

-Миний сурч байсан сургуулийн хичээлийн хуваарьт балетын хичээл багтдаг байсан юм. Яагаад ч юм балетын хичээлийг тэсэн ядан хүлээдэг байсан. Ангийнхнаасаа хамгийн эхэнд бэлтгэлийн зааландаа очиж, найз охид маань хичээлийн дараа тоглож байхад би бэлтгэлээ хийгээд үлддэг байсан. Миний сэтгэл тэр үед л аз жаргалыг мэдэрдэг, үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн таашаал авах шиг санагддаг байлаа. Одоо ч тэр мэдрэмж үргэлжилж байна. Энэ үеэс л ирээдүйд уран бүтээлч, бүжигчин болох сууриа тавьсан байх.

-Өдрийн хэдэн цагийг бэлтгэлтэй өнгөрөөдөг байв?

-Ихэнх цагийг бэлтгэлээ хийж өнгөрөөнө. Одоо харих ёстой гэсэн үедээ л гэртээ харьдаг. Одоо ч заавал өдрийн 2-3 цагийг бэлтгэлдээ зориулдаг. Өдөр бүхэн сургуулилттай болохоор бие минь хүртэл дасчихсан.

-Шантрах үе, бэрхшээлтэй зүйл тулгарч байсан уу?

-Бүжигчин хүн өдөр бүр л бэрхшээлтэй асуудалтай тулгардаг. Олон цагийн бэлтгэл, дараалсан тоглолт, бие эвгүйцэх зэрэг асуудал амьдрал л юм хойно ар араасаа хөвөрнө шүү дээ.

-Тэр үед өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?

-Миний хүссэн, хайрласан, тэмүүлсэн мэргэжил учраас ухрах зам байхгүй шүү гэж өөртөө хэлдэг. Бэрхшээлийг бэрхшээл гэж бодоод байвал бэрхшээл л болно. Харин энэ бол юу ч биш, үүний цаана сайхан амьдрал, аз жаргал байна гэж бодвол даваад гарна гэж боддог.  Ер нь хувь хүний ухамсарт минь бэрхшээл тулаад ирэхэд, даваад заавал ард нь гарч чадна гэсэн сэтгэлийн хат байдаг. Энэ бүхнийг надад балетын урлаг сургасан.

-Гадаадын бүжигчидтэй хослоход ямар байдаг вэ?

-Манайд дэлхийн өнцөг, булан бүрээс ирсэн сайн уран бүтээлчид олон бий. Улс орны бүжигчин бүр өөр, өөрийн арга барилтай. Балет өөрөө хурдтай урлаг. Тэдэнтэй бүжиглэхэд хурд, цаг хугацааны хувьд таардаггүй тал бий. Гэхдээ бүжиглээд ирэхээр арга барилаа олоод, нэг нэгэндээ уусаад эхэлдэг.

-Та цагаан хунгийн дүрийг бүтээж байгаа. Хар хунд бүжиглэж байсан уу?

-Би дэлхийн олон орноор тоглохдоо “Хунт нуур”-ыг ганцаараа гоцолж байсан. Тэгэхээр аль, алийг нь бүтээсэн туршлага бий.

-Ялгаа нь юу байв?

-Дүрийнхээ онцлогийн хувьд хоёр өөр ертөнц шүү дээ. Цагаан хун бол сайн сайхан, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл. Тиймээс ихэмсэг, нууцлаг байдлыг шаарддаг. Харин хар хунд бүжиглэхдээ хүчтэй, догшин, хурдтай, сэтгэлийнх нь илрэлийг гаргах  ёстой.

-Бүжигчин хүн тайзан дээр гарахын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх ётой вэ?

-Хамгийн гол нь стрессгүй, тайван байх нь чухал. Гэхдээ хүн хүний сэтгэлзүйн онцлогоос шалтгаалдаг байх. Бүжигчид бүгд нэг цутгамал биш шүү дээ. Тайзан дээр гарахынхаа өмнө сандардаг мөртлөө бүжиглээд эхлэхээрээ тайвширдаг хүмүүс бий. Зарим нь бүр эсрэгээрээ.

-Таны хувьд аль нь вэ?

-Бид үргэлж амьд хөгжимтэй бүжиглэдэг. Тэр нь маш сайхан, бодит мэдрэмжийг мэдрүүлдэг. Миний хувьд тайзны ард зогсож байхдаа тэгнэ, ингэнэ гэж төлөвлөдөггүй. Зүгээр л сэтгэлээ тайван байлгаж, анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг. Тайз руу гараад тэр үеийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжээр бүжиглэхийг хүсдэг.

-Өндөр хөгжилтэй орнуудад балетын урлаг дээд цэгтээ хүртэл хөгжсөн байдаг. Тэр хэрээр өрсөлдөөн их биз?

-Амьдрал өөрөө өрсөлдөөн дунд оршдог гэж би боддог. Мэдээж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн хэмжээний гоцлооч болохын төлөө ширүүн өрсөлдөөн байлгүй яах вэ. Өрсөлдөөн биднийг хурцалдаг. Гэхдээ бие биедээ муу  санасан биш, цагаахнаар өрсөлдөх нь чухал. Бусад алдартай балетын компаниудынхаа бүжигчдийг харж, судалж, туршлага солилцдог. Бид энэ урлагийн жаргал зовлонг яс махандаа тултал мэдэрсэн хүмүүс. Энэ утгаараа нэгдэж, нэг гэр бүл шиг байж чаддаг юм. Ямар үнэ цэнэ, хүч хөдөлмөрөөр амжилтад хүрдгийг мэддэг учраас нэгэндээ хар буруу санаж чаддаггүй. Харин ч хүндлэлтэй харьцаж, зовлон жаргалаа ярилцдаг.

-Тэр өрсөлдөөн дундаас гарч ирж, дэлхийн шилдэг компанийн тэргүүлэх гоцлооч болсон гэхэд таниар бахархмаар санагдаж байна?

-Олон шалгууртай тулж, ард нь гарч байж энэ амжилтад хүрсэн. 13 жилийн хөдөлмөрийн үр шим гэж хэлмээр байна. Анх 2001 онд энэ компанид бүжигчнээр орсон. 2005 онд гоцлооч, 2009 онд тэргүүлэх гоцлооч болсон. Энэ хугацаанд нэг өдрийг ч алдаж, үр ашиггүй өнгөрөөж байгаагүй. Сэтгэл зүрх, бие сэтгэл гээд бүх зүйлээ зориулсан.

-Балетын урлаг хүний хүмүүжилд яаж нөлөөлдөг вэ?

-Хамгийн зөв хүмүүжлийг олгодог. Сэтгэлзүй, бие бялдрын хувьд төгс цогцлыг олж авна. Хүлээцтэй, тэвчээртэй, тайван занг сургадаг. Гоо зүйн мэдлэг, таашаалыг авдаг. Биеэ хэрхэн авч явах, хүнтэй яаж боловсон харьцах зэрэг хувь хүн талдаа зохион байгуулалттай болдог.

-Таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?

-Би өөрийгөө их тэвчээртэй гэж боддог. Энэ балетаас үүдэлтэй зан. Надад аз жаргал, нандин дурсамж, нэр алдар зэрэг олон гайхалтай зүйлийг бэлэглэсэн. Тэвчээр гэдгийн дээд цэгийг би мэднэ. Аливаад хүлээцтэй ханддаг, тайван зантай болсон минь балетын урлагийн буян.

-Урлаг, уран бүтээлчээс золиос шаарддаг гэдэг. Та ямар үнэ цэнээр өнөөдрийн амжилтад хүрсэн бол?

-Үнэхээр үнэн шүү. Би ч ялгаагүй хувийн амьдралаа хойш нь тавьж байж өнөөдөр өдий зэрэгтэй явна. Бусад хүүхдүүдийн адил өдөр бүр гадаа тоглож, хүссэнээрээ зугаацаж чадаагүй. Багадаа төрөлх хот, хайртай хүмүүсээ орхиод балетын сургуульд сурахаар явж байсан. Балчир хүүхэд гэрээсээ хол, ээж, аав, найзуудаа санасан үе зөндөө бий.

-Хааяа харамсдаг уу?

-Нэгэнт л миний амьдрал учраас харамслаа гээд яах билээ. Хэн ч намайг хүчлээгүй, ятгаагүй, сонголтоо зөвхөн би л хийсэн. Тиймээс харамсч байгаагүй. Харин ч балетын урлагаас мөн чанараа мэдэрч байна.

-Балетыг залуу насны мэргэжил гэдэг?

-Би тантай санал нэг байна. Үнэхээр залуу нас, гоо сайхан, сэтгэл зүрхний урлаг. Амьдралын идэвхтэй, гал цогтой, хүсэл тэмүүлэлтэй үедээ энэ урлагийн, энэ мэргэжлийн сайхныг биеэрээ, сэтгэл зүрхээрээ мэдэрч болно. Үүнээс гадна хүний биеийн галбир, физиологи гэж бий. Тэр нь хэзээ эвдэрч, яаж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй. Миний хувьд балчир наснаасаа өдийг хүртэл зөвхөн энэ урлагт үнэнч яваа. Дараагийн 10 жилд боломжтой бол бүжиглэнэ гэж боддог. Мэдээж цаг нь ирэхээр тайзнаасаа хүссэн,  хүсээгүй бууна даа.

-Тэр үедээ юу хийх вэ. Төлөвлөгөө бий юу?

-Хүний амьдралд олон боломж гарч ирдэг шүү дээ. Надад ч тэр сайхан боломжуудын нэг нь ирнэ гэдэгт итгэдэг. Миний сэтгэл зүрхийг татах, дахиад намайг дурлуулах сайхан ажил, мэргэжил энэ бөмбөрцгийн аль нэг хэсэгт байгаа байх. Түүнээс биш би тайзнаасаа буугаад яг тийм зүйл хийнэ гэж урьдчилж хэлэхэд хэцүү юм. Одоогоор бодож үзээгүй юм байна.

-Манайд балетаар хичээллэдэг, хичээллэхийг хүсдэг, хичээллэж эхэлж байгаа олон хүүхэд бий. Та тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хамгийн эхэнд хөдөлмөрч, үнэнч байгаарай гэж захих байна. Балет бол өнөөдөр сураад, маргааш нь бүжигчин болчихдог амархан урлаг биш. Олон жилийн хүч, хөдөлмөр шаардсан хүнд урлаг. Тиймээс бэлтгэлээ сайн хийгээд, тэвчээртэй хүлээ. Чи заавал амжилтад хүрнэ.

ЗУУНЫ МЭДЭЭiphone 4s бамперthai escort in dubaiальфа банк кредитная карта мужскаяв танзании в декабрезаказать кредитную карту дельта банка онлайнкак получить кредитку в дельта банкереклама недвижимостипієлонефрит


Тереза Рэйклин:Тэвчээрийн дээд цэгийг би мэднэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.