Холливудын үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Холли Берри өчигдөр хуримаа хийжээ. Тэрбээр Францын жүжигчин залуу Оливер Мартинезтэй 2010 оноос хойш харилцаа холбоотой байгаа юм.
Хосууд Францын Валлери хотын орчимд байдаг “Chateau des Conde” хэмээх хуучны хэв маягтай эдлэн газар хуримаа хийсэн байна.
Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр хосуудын хуримд ойролцоогоор 250 зочин оролцжээ. Жүжигчин бүсгүй хуримаа өргөн хүрээнд бус, дуулиан шуугиантай хийхийг хүсэхгүй байгаагаа өмнө нь хэвлэлээр дамжуулан уламжилж байв.
46 настай жүжигчин Холли Берри 1993 онд бэйсболлын тоглогч Дэвид Жастистай гэрлэсэн ч тэд 1997 онд хоёр тийш болсон юм. 2001 онд дуучин Эрик Бенеттэй гэрлэж, хосууд 2005 онд салжээ.
Холли Берри 2005-2010 онд модель залуу Габриэл Аубритой үерхсэн бөгөөд хосууд Нахла хэмээх охинтой болсон юм.
Харин 47 настай Оливер Мартинез өмнө нь жүжигчин Мира Сорвино, дуучин Кайли Миноуг, Английн модель Рози Хантингтон-Уайтелейтэй үерхэж байжээ.
Холли Берри, Оливер Мартинез нар энэ оны сүүлчээр анхны хүүхдээ өлгийднө. Тэд өнгөрсөн онд сүй тавьсан билээ.
Т.Арьяа
time.mn