ОХУ-ын Казань хотноо дэлхийн оюутны 27 дахь удаагийн Универсиад наадмаас Монголын ширэн бээлийтнүүд анхны аваргаа өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Универсиад наадмын боксын рингэнд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин Х.Энхдэлгэр ОХУ-ын шилдэг тамирчин Лондон-2012 зуны олимпын хүрэл медалт, Дэлхийн аваргын алтан медальт Миша Алояныг ялж, аваргаар тодорсон юм. Уг нь олон хүн Н.Төгсцогт гавьяатыг явах байх хэмээн таамаглаж байсан. Гэтэл түүний оронд Х.Энхдэлгэр 52 кг-ын жинд ширэн бээлийтнүүдээ төлөөлөн оролцсон юм. Тэрбээр 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлснээр шигшээ багт харьяалагдах болсон бөгөөд Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах шинэ, залуу тамирчин юм. Өдгөө 18 настай цэл залуухан тамирчин маань ямархуу тамирчин болохоо Казань 2013-т харууллаа. Энэ жилийн Универсиад Монголын боксчидын түүхэнд шинэ хуудас нэмж буй. Анх удаа Универсиадад хүч сорьж буй боксчид долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос ийнхүү нэг алт, таван хүрэл медаль хүртэж байна. Одоо эх орондоо газардаад байгаа оюутны шигшээ багийн тамирчин Монгол Улсын боксын шигшээ багийн тамирчин Х.Энхдэлгэрийн цаашдын спортын замналд амжилт хүсэх хүн олон. Монголын боксын тамирчдын шинэхэн үе шил шилээ дараад гарч ирсээр байгаагийн нэг нь тэр.
Ж.Баттуул