Англичууд тун завгүй явна. Тэд бяцхан ханхүүгээ баяр хөөр болж угтан авлаа. Угсаа залгамжлах ханхүү мэндэлнэ гэдэг 30 жил тутамд ганц удаа тохиолдох үйл явдал учраас ингэх нь ч аргагүй. Бяцхан ханхүүг нэг тэрбум ам.долларын өв хөрөнгө, олон нийтийн хараа булаасан тансаг амьдрал хүлээж байна.
Гэвч түүнийг ээж нь 50 ам.долларын үнэтэй даавуунд ороож, 200 ам.долларын үнэтэй хүүхдийн тэргэнд суулгажээ. Магадгүй энэ нь хааны угсааныхан энгийн иргэдийнхээ амьдралд ойр байдгаа харуулах нэг алхам ч байж мэдэх юм.
АНГЛИЙН ИРЭЭДҮЙН ХААН VII ЖОРЖ
Английн угсаа залгамжлах бяцхан ханхүүг Жорж Александр Луй хэмээн нэрлэсэн тухай мэдээлэл өчигдөр гарсан. Харин албан ёсоор бол түүнийг Кэмбрижийн ханхүү Жорж гэж дуудах юм. Язгууртнуудын дунд Жорж гэдэг нэр хамгийн түгээмэлд тооцогддог байна. Английн түүхэнд зургаан хаан Жорж гэдэг нэртэй байсан. Одоогийн хатан хаан II Элизабетын эцэг л гэхэд VI Жорж нэрээрээ алдаршсан нэгэн байж. Тиймээс бяцхан ханхүүгийн эцэг, эх сонгодог уламжлалыг дагахаар шийдсэн бололтой. Тэр хаан болох үед нь түүни
йг VII Жорж хэмээн нэрлэх биз. Харин Луй хэмээх нэрний тухайд энэ нь ханхүү Уилъямын дундах нэр нь юм. Угтаа бол 1947 онд Их
Британийн колони байсан Энэтхэгт вангийн төлөөлөгч болж очиж байсан Эдинбургийн гүн Лорд Луй Маунтбэттеныг хүндэтгэн ханхүү Уилъямыг ийн нэрлэж байсан аж. Тэгээд ч Эдинбургийн энэ гүнтэн нь бяцхан ханхүүгийн өвөө Чарльзын авга ах нь учраас иймэрхүү хүндэтгэл үзүүлэх нь зохимжтойд тооцогдох биз.
Александр хэмээх нэрний тухайд гэвэл II Элизабетын дундах нэр нь Александра билээ. Түүнээс гадна Македоны Александр хаан, Шотландын түүхэнд бичигдсэн агуу гурван хааны нэг нь Александр байсан зэрэгтэй холбон тайлбарлаж байна. “BBC” бяцхан ханхүүгийн нэрийг сонгохдоо язгууртны гарал угсаа зэргийг харгалзан үзсэн гэж тайлбарлажээ. Ханхүү Уилъям болон түүний эхнэр Кэйт нар энэ нэрийг өөрсдөө сонгосон гэсэн байна. Гэхдээ тэд зохиолчдын санал болгосон нэрс дундаас сонгожээ. Ямартай ч “Александр гэдэг нэр ээжид нь хамгийн их таалагдсан” хэмээн ханхүү Уилъям ярьсан аж. Одоогоос 65 жилийн өмнө Уэлсийн хунтайж Чарльзыг мэндэлснээс нь хойш бүтэн сарын дараа нэрийг нь өгч байжээ. Харин 31 жилийн өмнө ханхүү Уилъямыг төрснөөс хойш нэрийг нь долоо хоног бодсон гэдэг. Тэдэнтэй харьцуулахад бяцхан ханхүү тийм ч удаан хүлээсэнгүй. Ямартай ч Английн хатан хаан гучтайгаа 30
минут уулзах үеэрээ түүнийг нэрээр нь дуудан энхрийлсэн байна. Түүнээс гадна Кэйт Мидлетоны эцэг эх, ханхүү Харри, Кэйтийн эгч гэх мэт олон хүн бяцхан хүүг харахаар цуглажээ. Харин түүний эмнэлгийн гадаа болон явсан газар бүрт нь мянга, мянган хүн цуглаж, ирээдүйн эзэн хаантайгаа мэндчилэхийг хүсч байсан юм.
Хааны угсааныхны нэрийг хүүхдүүддээ өгөх тохиолдол англичуудын дунд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, V Жор-жийг хаан болсны дараа англичууд эрэгтэй хүүхдэдээ Жорж гэдэг нэрийг хамгийн их өгч байжээ. Харин ханхүү Уилъямын нэр нийгэмд төдийлөн цочрол өгөөгүй байна. Тэгвэл Уилъямын дүү Харриг мэндэлснээс хойш 10 орчим жилийн дараагаас түүний нэр англичуудын номер нэг сонголт болжээ. Угаасаа ха
аны угсааны ёс журамд баригдахаас татгалзаж, хэрэг төвөгт орооцолдож явдаг нь ханхүү Харриг улам алдаршуулсан бололтой. Харин энэ удаад бяцхан ханхүү Жорж Александр Луй-гийн нэрийг англичууд хэр их хуулбарлахыг цаг хугацаа харуулах биз. Ямар ч гэсэн түүний нэрийг зарласны дараа кибер ертөнц тэр аяараа шуугьсан билээ.
ДҮРЭМТ ХУВЦАСГҮЙ ЦАГДАА НАР ХАНХҮҮГ ХАМГААЛЖ БАЙНА
Чарльз хунтайжийг мэндэлсний дараа энэ мэдээг Букинхамын ордны гадаа цугласан олон зарлах үед нөгөөдүүл нь уухай хашгирч байж.
Энэ тухай дуулсан эцэг нь хүүгээ харахаар орох үед Чарльз асрагчийнхаа гар дээр байсан гэдэг. Түүний балчир байхдаа өмссөн олон хувцасыг хатан хаан Мэри өөрөө урлаж байсан түүхтэй. Харин хунтайж Чарльз Дианаг амаржих үед түүний хажууд бүтэн 16 цагийн турш байж, “Би ийм хүнд үед нь түүнтэй хамт байсандаа баяртай байна” хэмээн хожим дурсчээ. Тэгвэл энэ удаад бяцхан ханхүүг мэндлэх мөчийг сая, сая британичууд тэсэн ядан хүлээж байсан юм. Түүнийг мэндэлсэн тухай мэдээг “BBC”-гээр долоон саян хүн үзжээ. Харин эмнэлгийн гадаа хүүгээ тэврээд зогсож буй эцэг эхийнх нь талаарх мэдээг зөвхөн Лондонд 7.5 сая хүн үзсэн байна. Энэ нь рекорд эвдсэн амжилт юм. Түүнээс гадна ханхүүг мэндэлсний дараа Эдинбургийг зорих жуулчдын тоо огцом өсчээ. Түүний ачаар Их Британийн эдийн засагт 243 сая паундын орлого олно хэмээн “Ассошэйтэд прэсс” агентлаг мэдээлсэн байна. Өмнө нь Уилъям, Кэйт хоёрын хуримын үеэр жуулчдын тоо нэмэгдэж байв.
Хүүгээ төрүүлээд нэг хоносны дараа Кэмбрижийн гүн Уилъям эхнэрийн хамт эмнэлгийн гадаа гарч хүмүүстэй мэндчилсэн. Дараа нь Кенсингтоны ордонд нэг хоночихоод Их Британийн өмнөд нутагт амьдардаг Кэйтийн эцэг, эхийн гэр рүү явжээ. Харин тэдний гэрийн гадаа энгийн хувцас өмссөн цагдаа нар хамгаалалтад гарсан байна. Бяцхан ханхүүгийн ээж нь хүүгээ өөрөө өсгөхийг хүссэн учир хааны угсааны бусад хүмүүстэй адил асрагч авсангүй. Уг нь шинэ төрсөн хүүхдийг гурван нас хүртэл асрагчид нь бүрэн даатгадаг уламжлал бий. Гэвч Кэйт Мидлетон үүнээс татгалзсан байна. Ийнхүү Английн ирээдүйн хаан эгэл жирийн гэр бүлд ээжийнхээ гар дээр өсч томрох нь. Английн түүхэнд ийм тохиолдол тун ховор юм. Тэгээд ч Кэйтийн ээж Карол бол бяцхан ханхүүгийн цорын ганц эмээ нь. Тиймээс ханхүүг хүмүүжүүлэхэд түүний нөлөө маш их байх бололтой.
ХАНХҮҮГ 200 АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ТЭРГЭНД СУУЛГАВ
Бяцхан ханхүүгээ олон нийтэд харуулах үеэр ханхүү Уилъям болон гүнгийн ахайтан Кэйт нарын өмссөн хувцас нэлээд анхаарал татаж байна. Кэйт Мидлетон цагаан толботой энгийн загвар бүхий цэнхэр даашинз өмссөн бол ханхүү Уилъям ханцуйг нь хойш шамласан судалтай цамцтай байсан. Кэйтийн өмссөн даашинзыг Их Британийг дизайнер Женни Пэкхэм урлажээ. Тэгвэл одоогоос 31 жилийн өмнө ханхүү Уилъямыг төрөх үед Диана гүнж түүнтэй төстэй боловч нэлээд хээнцэр маягийн даашинз өмсч байжээ. Тухайн үед энэ нь Диана гүнжийг хувийн зан чанар, онцлогийг гаргаж байсан хэмээн “Telegraph” сонинд бичжээ. Тэгвэл энэ удаад Кэйт түүнийг дуурайхыг оролдсон бололтой. Гэвч Кэйт Мидлетоныг олон нийтэд таалагдах имижийг бүрдүүлсэн, хааны угсааны хамгийн сонгодог хэв маяг бүхий гүнж нарын нэг хэмээн шүүмлэх нэгэн нь бий. Ямар сайндаа л түүнийг Английн нэгэн алдартай зохиолч “Хэтэрхий төгс инээмсэглэдэг” хэмээн тодорхойлж байхав. Гэсэн хэдий ч англичууд түүнд дуртай. Тэд өмнө нь загвар өмсөгч Кэйт Моссыг гоо сайхны билгэ тэмдэг болгон шүтдэг байсан бол одоо Кэйт Мидлетоныг ингэж нэрлэдэг болсон гэх судалгаа хүртэл гарсан байна.
Ханхүү Уилъям ордныхоо гадна эхнэрийн хамт хүүхдээ тэргэнд суулган авч явсан. Харин мөнөөх хүүхдийн тэрэг нь “Бритакс” брэндийнх аж. Интернэтээр дамжуулан захиалбал 135 ам.долларын үнэтэй боловч хамгийн сүүлийн үеийн загвар нь 200 ам.доллар хүрчээ. Тэгвэл бяцхан ханхүүг ороосон шувууны зурагтай, 100 хувь цэвэр даавуу нь 50 ам.долларын үнэтэй, “Aden+Anais” брэндийнх аж. Энэ тухай хэвлэлүүд мэдээлсний дараа “Aden+Anais”-ийг үүсгэн байгуулагч Рэйген Моя-Жонс “Бяцхан ханхүүд зориулж манай брэндийг сонгосонд туйлын баяртай байна” хэмээн мэдэгджээ.
ТЭР НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ӨВЛӨН АВНА
Бяцхан ханхүүг ямар ирээдүй хүлээж байгаа вэ. Бусад хүүхэдтэй харьцуулахад угсаа залгамжлах ханхүүгийн амьдрал хэрхэн өрнөх вэ гэдэг нь тодорхой байдаг. Ханхүү Уилъямыг мэндлэх үед түүний эцэг хунтайж Чарльз “Энэ бяцхан амьтан яах нь зөвхөн бидэнд биш, хүн бүрт хамаатай боллоо” гэж байв. Хааны удам угсааг залгах шинэ хүн бүрийг ийм л хувь тавилан хүлээж байдаг.
Бяцхан ханхүүгийн хувьд хааны угсааг залгамжлахаас гадна хэр их хөрөнгө өвлөн авах тухай хэвлэлүүд уралдан бичиж байна. “Wall Street Journal”-д түүнийг нэг тэрбум ам.доллар өвлөн авна гэжээ. Түүнд хөрөнгөнөөсөө өв үлдээх хүн чамгүй олон. Тэдний нэг болох хатан хаан II Элизабет л гэхэд 660 сая ам.долларын хөрөнгөтэй. Харин хунтайж Чарльзын хөрөнгө 370 сая ам.доллар, ханхүү Уилъям 20, Харригийнх 16 сая ам.доллараар үнэлэгддэг. Түүнээс гадна Английн хааны угсааныханд өв залгамжлан эзэмшүүлдэг эдлэн газар бий. Ойролцоогоор 46 мянга акр талбай бүхий энэхүү газрын үнэлгээ нь 13 сая паунд байдаг аж. 1993 онд Английн Ерөнхий сайд Жон Мэйор болон хатан хаан хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хааны угсааныхан үл хөдлөх хөрөнгө өв залгамжлан авахад нь татвараас чөлөөлөхөөр болсон юм. Бяцхан ханхүүгийн хувьд дээрх эдлэн газрыг өвлөн авах нь тодорхой. Түүнээс гадна Букинхамын ордон, Кларенсын ордон гэх мэт долоон ордон түүний мэдэлд очно. Английн хааны угсааныханд 14 дүгээр зууны үеэс өвлүүлэн үлдээсэн үнэт эдлэл мөн л түүний мэдлийнх болно. Тухайлбал, 530 каратын цэвэр алмаз, II Элизабет1937 онд хаан ширээнд залрах үеэрээ зүүж байсан 106 каратын алмаз шигтгэсэн титэм зэрэг багтах юм. Ямар ч гэсэн бяцхан ханхүү ирээдүйд мөнгө олохын төлөө ажил хийхгүй нь тодорхой. Гэхдээ тэр ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа үүрэхийн тулд ажил хийх нь дамжиггүй. Тухайлбал, одоо л гэхэд ханхүү Уилъям Хааны цэргийн академид нисгэгч бол ханхүү Харри Афганистанд цэргийн албан хааж байв.
ХАНХҮҮ МЭНДЭЛСЭНД ЗОРИУЛЖ ХЭРХЭН ЁСОЛСОН БЭ
Бяцхан ханхүү мэндэлсэн баярт өдрийг ерөөж, буугаар буудан ёсолжээ. Түүнчлэн хааны морин цэргийн их бууны ангийхан Лондонгийн Ногоон паркт 41 удаа буудлага хийсэн байна. Мөн Кэмбрижийн гүнгийн бяцхан хүүд зориулж 2013 ширхэг шаазан эдлэл үйлдвэрлэж, Хааны угсааны үнэт цуглуулгад оруулахаар болов. Уилъям, Кэйт нарын хурим болох үед мөн иймэрхүү шаазан эдлэл үйлдвэрлэж байсан юм. Шаазан эдлэлүүдийг 30-45 ам.доллараар үнэлж худалдах бөгөөд орлогыг нь Хааны угсааны цуглуулгын санд оруулах аж. Ирэх долоо хоногт бяцхан ханхүүгийн тухай ном хэвлэгдэн гарах бөгөөд түүнд нь хатан хаан Викториагаас эхлээс ханхүү Уилъям хүртлэх хааны угсааг залгамжлагчдыг бага нас хэрхэн өнгөрсөн тухай дурсах аж.
Өмнө нь угсаа залгамжлах ханхүү мэндлэх үеэр хачин жигтэй зан үйл олныг хийдэг байжээ. Тухайлбал, түүнийг төрснийхөө дараа бусад хүүхэдтэй солигдох вий хэмээн болгоомжилж, Английн Ерөнхий сайд шалгадаг уламжлал байв. Яг л Марк Твений “Жонон, гуйлгачин хоёр” дээр гардаг үйл явдал давтагдах вий гэж болгоомжлох шиг. Гэвч Чарльз хунтайж 1948 онд мэндлэх үеэс энэхүү уламжлалыг халсан байна. Кэмбрижийн гүнгийн хатан Кэйт Гэгээн Мэригийн эмнэлэгт амаржсан. Энд өмнө нь ханхүү Уилъям, Харри нар мэндэлсэн юм. Харин түүнээс урьд хааны удмынхан гэртээ төрдөг байв. Чарльз хунтайж л гэхэд II Элизабетийн Букинхамын ордонд мэндэлсэн аж.
Ямартай ч есөн сар хүлээсний эцэст англичууд угсаа залгамжлах ханхүүгээ баяр хөөр болон угтаж авлаа. Жорж Александр Луй хэмээн нэрлэгдсэн энэ бяцхан хүү нойрмоглон нүдээ нухлахад нь “Ард түмэнтэйгээ мэндчилж байна” хэмээн хөөрцөглөх тэдний хувьд “Хаан, хатан” гэх үгс эх орон гэдэгтэй адилхан сонсогддог биз ээ.
Т.Элиса