Э.Саран: Америкийн монголчууд эх орондоо ихийг бүтээх хүсэлтэй байдаг

Дуучин Э.Саран эх нутагтаа ирээд амарч байхтай нь таарч ярилцлагад урьсан юм. Тэрбээр АНУ-д амьдардаг. ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байгаад тус улсыг зорьсон, улмаар Жонс Хопкинсийн их сургуулийн “Пибоди” Хөгжмийн дээд сургуульд мастер хамгаалаад өдгөө мэргэжлээрээ ажиллаж буй юм. Алс газар арваад жил болохдоо амьдарч буй нийгэмдээ байр сууриа олж авахын тулд янз бүрийн ажил хийж ирсэн ч өнгөрсөн бүхий л хугацаанд сонгодог урлаг, дуурийн дуулаачийн мэргэжлээсээ огтхон ч хөндийрөөгүй сонголтдоо үнэнч уран бүтээлч гэж түүнийг дүгнэж болохоор. Тэрбээр дэлхийд нэртэй “Карнеги холл”- д бие даасан тоглолтоо хийсэн анхны монгол сонгодог уран бүтээлч юм. Монголчууд түүнийг “Чингис хаан” дуурийн Хадааны дүр, “Монголын тал нутаг” дуугаар нь сайн мэддэг. Өдгөөгөөс гурван жилийн өмнө тэрбээр төрөлх театртаа ирж Ж.Пуччинийн алдарт “Эрвээхэй хатан” буюу Чио Чио Сан дуурьт гол дүр Чио авхайн дүр бүтээж урын сангаа баяжуулаад буцсан түүхтэй. Дуучинтай ийн ярилцлаа.

 

-Та сайхан наадав уу?

 

-Сайхан наадлаа. Өмнө нь наадмаар Монголдоо бараг ирж байгаагүй. Харин энэ удаа зориуд баяр наадмын өдрүүдээр нутагтаа байх гэж ирсэн. Хүй долоон худагт очлоо. Найзуудтайгаа уяачдын майхнаар явж, хүмүүстэй танилцлаа.

 

-Хэний галаар оров?

 

-Баасанбазар гэж уяачийнх байсан. Сувдан зээрд гэж алдартай адуутай юм билээ. “Ажнай” Бат-Эрдэнэ гуайн галын Оргил гэдэг уяачийнд зочилсон. Манай найзууд энэ бүхний талаар тайлбарлаж өгч байлаа. Үнэнийг хэлэхэд би морь байтугай хүн танихдаа тааруу явсан л даа.

 

-Наадамчид таныг дуучин гэдгийг мэдээд дуулуулав уу?

 

-Дуулуулсан. Наадмын гурван даваа, найрын гурван дугараа, дуу гээд л аягатай сархад бариад байлаа. Яаж үгүй гэх билээ гурав гурван дуу дуулсан даа.

 

-Наадмын дэнж улам сэргэх шиг болсон болов уу?

 

-Хүмүүст таалагдаж байх шиг байсан. Танайд чинь юу гээчийн дуу хуур болоод байна аа, радио биш л байлтай гэсээр нэг биерхүү хүн ороод ирсэн нь “Ажнай” БатЭрдэнэ гуай байсан. Тэгж алдартай уяачтай танилцаад. Монголдоо монголчуудтайгаа наадмын тухай, нутаг усныхаа талаар ярьж хөөрч суух гоё байлаа. Завхан аймгийн 90 жилийн ойн тухай нэлээд ярьцгаасан. Ер нь их сайхан байсан. Хүмүүс энэ жилийн наадам гоё болж байна гэж байна лээ. Би ч гэсэн тэгж бодож байна. Зөвхөн наадам гэлтгүй Улаанбаатар гоё болж байгаа юм байна. Гарт баригдаж, нүдэнд харагдах юм ихтэй болжээ.

 

-Завханы 90 жилийн ойг онцлоод байна.Та энэ нутгийн хүн үү?

 

-Тийм, би Завханых. Манай аав ээж, ах дүү хамаатан садан бүгд Завханых. Отгонтэнгэр хайрханаа шүтэж амьдардаг улс.

 

-Аймгийнхаа 90 жилд очих уу?

 

-Очно оо. Манайхан бэлтгэж байгаа. Хайрхан ууландаа мөргөж, ажил үйлсээ даатгаад ирнэ.

 

-Уран бүтээлч хүн юу эсийг санаж явах вэ, нутаг усандаа очсоных дуу, бүтээлийн клип хийе, зураг авахуулъя гэж төлөвлөсөн ч юм билүү?

 

-Санаж, төлөвлөсөн ажил бий. Гэхдээ бүтэхээр нь хэлсэн дээр байх.

 

-Театртаа очоо юу?

 

-Очилгүй яах вэ, хамгийн түрүүнд очсон. Манайхан маш их ажилтай байж таарсан. Орж ирсэн болгон намайг гэнэт хараад гайхаж уулзаж байлаа, их хөгжилтэй. Хэл чимээгүй ирчихсэн сууж байх юм аа гээд л байсан. Улсын баяр наадамд зориулсан Төрийн концертын хяналт үзээд. Манай сайхан сопранууд гялалзаж байна. Ө.Уянга маань гавьяат боллоо. Танай сониноор дамжуулж баяр хүргэе. Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг гавьяат, Ш.Наранчимэг нар маань сайхан дуулж байгаа. Б.Энхнаран гэж залуухан сопрано төгсч ирээд ажиллаж байна. Их ирээдүйтэй дуучин гэж боддог.

 

-Та шилдгийн шилдэг уран бүтээлчдийн “Виртуозо” гала тоглолтоор дамжуулж Монголынхоо сонгодог уран бүтээлчдийг урамшуулдаг. Хамгийн сүүлийн тоглолтоор та “Дүүдэйхүү” сангийнхаа шагналыг дуучин Б.Энхнаранд олгосон санагдана…

 

-Тэгсэн. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж байгуулсан сангийнхаа нэрэмжит шагналыг энэ залуу дуучинд олгосондоо их баяртай байгаа. Би дуурийн дуучин хүний амьдрал, уран бүтээл, бэрхшээл, баяр баясгаланг сайн мэддэг. Монголынхоо залуу дуучдыг яаж дэмжих вэ, яаж туслах вэ гэж үргэлж бодож явдаг. Би нэг хэсэг их завгүй байлаа. Америкт Хөгжмийн дээд сургуульд суралцаж төгсөнө гэдэг санаснаас амаргүй хэрэг байсан. Одоо бол юм юманд санаа тавьж, судалж сурвалжлах бололцоотой болсон. Тиймээс ирээдүйтэй залуу дуучдаа олон улсын уралдаанд зуучлах, мэдээллээр хангах зэргээр тусалж чадна гэж бодож байна.

 

-Та одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн. Дуулж байна уу, багшилж байна уу?

 

-Багшилж байна. Хувиараа студи байгуулсан. Дуурийн дуучин болох хүсэлтэй оюутан залууст дуулах ур зүйн хичээл заадаг.

 

-Олон шавьтай юу?

 

-Арваад.

 

-Бүгд америкчууд уу?

 

-Тийм.

 

-Монголчууддаа заах боломж гарах уу?

 

-Бодол бий. Виржиниа муж орчмын монголчууддаа зориулсан сургалт нээх санаа байгаа.

 

-Америкт эцэг эхчүүд хүүхдүүдээ зургийн, төгөлдөр хуур болон бусад хөгжмийн сургуульд заавал давхар сургадаг гэдэг.Одоо ч хэвээрээ юү?

 

-Хэвээрээ. Хүүхдээ хуучны хүмүүсийн хэлдгээр өв тэгш хүмүүжүүлж, дараа нь сонирхож хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлдэг. Элсэлтийн шалгалтад маш эртнээс бэлтгэж оруулдаг. Хөгжим, дуу, бүжиг, аэробик, балет, уран зураг зэргээр хичээллэх нь америкчуудын хувьд хооллож ундлахтай адил чухал.

 

-Ажил, мэргэжлийн тухайд ийм сонинтой байдаг байжээ. Амьдрал дажгүй юу. Ажиглаад байхад Америкийн монголчууд орлого мөнгө, амьдрал ахуйн асуудлаа шийдээд нийгэм, олон нийтэд тустай ажил өрнүүлэх болжээ. Олон зүйл дээр харагдаж байна. Та хамгийн идэвхтэй оролцогч санагддаг…

 

-Тийм ээ. Нэгэн үе үнэндээ хэн хүнгүй өмнөх ажлаасаа илүү гардаггүй байсан. Харин одоо өөр болжээ. Америкаас Монгол руугаа ирэх хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Олон нийтэд тустай ажилд бүгд гар бие оролцдог, хандив өгдөг. Нэг жишээ хэлье л дээ. Америк дахь бурхны шашны том зүтгэлтэн Ажаа Ринбүүчийн санаачилгаар Улаанбаатарт хүүхдийн цусны хорт хавдар эмчлэх эмнэлэг барих ажил өрнөж байгаа. Энэ үйлсэд Америкийн монголчууд маш сайн тусалдаг. Монголын соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ, чулууны үйлдвэрийн эзэн Дэлгэрцогт нар эмнэлэг барих ажилд хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулсан юм. Тэгэхэд ганц өдрийн дотор 27 мянган доллар цугласан. Тэгээд бодохоор Америкт суугаа монголчуудад эх орон, элгэн саднаа гэх сэтгэл байгаа биз. Тэр үед тайзан дээр дуулж, бүжиглэх уран бүтээлчид ч гэсэн 50 долларын тасалбараа аваад л орж ирсэн. Үүний зэрэгцээ өөрсдийн боломж, чадвараараа хандив өргөсөн.

Америкт надаас гадна байнга оршин суудаг уран бүтээлчид байдаг л даа. Дуучин Болормаа, Амарбүрэн, бүжигчин Дэлгэрмаа, Цэнгэл гээд дурдаж болно. Бас нэг ажил их урагштай явж байгаа. Денверт амьдардаг эмч голдуу бүсгүйчүүд нийлж байгуулсан “Мандухай” төвийнхөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд сум дундын эмнэлэг байгуулах ажил өрнөж байгаа. Мөн үүнд санхүүжилт бүрдүүлэх зорилгоор монголчууд олноор төвлөрсөн зургаан хотоор аялан тоглолт зохион байгуулсан маань амжилттай болсон. Түрүүн хэлсэн дээ, монголчууд наашаа эх орондоо буцаж ирэх хандлагатай болсон гэж. Өмнө нь гэр бүлүүд нутгаа, аав ээж, ах дүүгээ гээд ирэхэд нь ажил олдохгүйгээс урам нь хугарч яах гэж ирэв ээ гэдэгтээ тулж, сэтгэлээр унадаг байсан. Харин одоо бол өөр. Наашаа ирэх гэж байгаа хүмүүс Монголдоо юу хийхээ урьдчилан бодож төлөвлөдөг болж. Хэсэг амарч байгаад өөр өөрсдийн ажлыг эрхлээд орлого мөнгөө олоод амьдрах болсон байна. Бүрмөсөн буцаж ирсэн миний нэг сайн танил эмэгтэй одоо “Улаан загалмай” нийгэмлэгт ажиллаж байна. “Orloo” сайтынхан гэр бүлээрээ ирсэн. Нямсүрэн гээд бүсгүй ирчихсэн хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага байгуулаад байна. Миний эргэн тойронд гэхэд л энэ. Тэгэхээр миний танихгүй хэчнээн хүн, гэр бүл Монголдоо буцаж ирж байгаа бол. Монголын ажил олгогч, зуучлагч агентлагууд гадаадад суугаа монголчуудад зориулж тухайн оронд сурталчилгаа явуулж, зуучлах болсон нь тусаа өгч байна. Цаг наашилж байна л гэж боддог.

 

-Нэг хэсэг гадаадад байдаг монголчууд өөрсдийгөө “Монголоос ирсэн, монгол” гэж хэлэхээс зовдог, нуудаг байсан. Энэ тухайд одоо Америкт ямар вэ?

 

-Үндэс язгуураа нуудаг, хүмүүсээс зугтдаг улс мэр сэр байдаг л байх. Гэхдээ Америкийн монголчуудын олонх нь монгол гэдгээрээ бахархдаг. Монгол гэдэг бол өөрийн гэсэн хэл, соёл, түүх, бичиг, хоол унд, хувцас хэрэглэл, хуримын бөгж гээд дутуу юмгүй үндэстэн, тусгаар улс шүү дээ. Энэ бүх үнэт зүйлээрээ Америкт амьдардаг бусад үндэстнээс ялгаатай. Тийм ч болохоор эх орон, элгэн садан руугаа тэмүүлж байдаг.

 

-Өөрийн гэсэн хуримын бөгжтэй гэдэг их содон сонсогдож байна шүү…

 

-Ийм гоё хуримын бөгжтэй улс манайхаас өөр ер нь байдаг юм уу гэж боддог. Гадаадынхан үүнийг ямар том соёл, ялгарал вэ гэдэг юм. Бид сонгуульд саналаа өгдөг боллоо. Маш том дэвшил. Монгол хүн гэдгээ мэдрэх, бахархах маш чухал зүйл. Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг Америкт суугаа ЭСЯ маш сайн зохион байгуулсан. Сонгогч бүртэйгээ тулж ажилласан нь сайхан санагдсан. Төрийн үйлчилгээий байгууллага ямар байх ёстой, тийм сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэртээ байж байтал утасдаад сонгуулийн тухай мэдээлэл өгсөн нь маш сайхан санагдсан. Намайг, биднийг гэх хүн, байгууллага байна шүү дээ гэж бодогдож байлаа. Ер нь тийм байдаг л даа. Гэхдээ энэ удаа илүү ойр дотно ажилласан. Сонгуулийн сурталчилгааны үеэр Алтангэрэл сайд монголчууддаа хандаж үг хэлэхдээ “Америкт түр, бүр оршин суугаа ялгаагүй, эндхийн иргэн болсон байсан ч гэлээ монгол хүн л бол монгол хүн юм шүү дээ” гэж хэлсэн л дээ. Миний хажууд сууж байсан, аль 1990-ээд оноос ч өмнө Америкт гарчихсан эгч энгэртээ гараа зөрүүлж бариад “Ёооё, тийм байлгүй дээ” гэж хэлсэн. Үндсэндээ аяархнаар дуу алдсан. Тэр үед надад монгол хүнд Америкт сайхан байж болох ч, Монголдоо бүр илүү сайхан юм даа гэж бодогдож байлаа. Амьдрал хөөж алс холыг зорьсон монголчууд ар тийшээ байнга санаа тавьж, улс орондоо болж буй бүхнийг сонирхон судалж байдаг.

 

-Америкт төрсөн монгол хүүхдүүд монгол хэлээрээ ярьж чадахгүй, бүрмөсөн гадаад хүн шиг болж өсч байгааг та юу гэж хардаг вэ?

 

-Тэр хүүхдүүдийг үнэндээ орчин, нийгэм нь өсгөж байна.

 

-Тэднийг монгол аав ээжийн америк хүүхдүүд гэж хэлж болох уу?

 

-Харин л дээ, арай хатуудахгүй байгаа. Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ байнга санаа тавьж, долоо хоногийн нэг өдөр тэндхийн монгол сургуулиудад байнга хичээллүүлдэг. Монгол бичиг, хэл сургаж, ахуй, соёлтой танилцуулдаг. Жилдээ нэг, ядаж хоёр, гурван жилдээ нэг удаа Монголдоо ирж, эмээ, өвөө, хамаатнуудынхаа дунд байж байгаад явдаг хүүхдүүд нь арай гайгүй. Бусад нь гэртээ ч аав ээжтэйгаа англиар ярьдаг. Аав ээж нь хэдий монголоор ярихыг хичээдэг ч ажилдаа ядраад ирсэн хүмүүс ойлгуулах гэж олон юм ярихаас төвөгшөөгөөд англиар ярьж эхэлнэ. Тэр хүүхдүүд иймэрхүү байдалтай л өсч байна. Гэхдээ зүрх сэтгэл нь байхад монгол л хүн байх биз ээ.

 

-Танай охин Америкт дээд сургуульд сурдаг гэсэн. Төгсөх болоогүй юу?

 

-Арай болоогүй. Сониноос манай охин Монголоо маш сайн сурталчлагч. Сургуулийнхаа багш, оюутнуудад Монголоо таниулах, танилцуулах лекц уншдаг.

 

-Том болсон хойноо очсон болохоор өөр байна уу. Хол байхдаа эх орныхоо сайхныг, үндэстнийхээ онцлогийг илүү мэдэрч байна л даа…

 

-Тийм шүү. Би охиндоо их баярладаг.

 

-Танай нөхрийн ажил сайн уу?

 

-Сайн. Манай хүн сонины газар редакторын ажилтай. Монголд элэгтэй, номын хүн бий.

 

-Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Монголчуудынхаа төлөө хийж буй бүхэнд тань амжилт хүсье.

 

-Баярлалаа. Энэ дашрамд намайг дуурийн дуучин болгож өдий зэрэгт хүргэсэн СУИС-ийн багш, гавьяат багш Д.Дашама болон ардын жүжигчин Х.Уртнасан нартаа чин сэтгэлээс талархаж явдгаа илэрхийлье.

 

 

Р.Оюунжаргал

купить чехол на айфонescort service los angelesдельта банк взять кредитную картуэкскурси¤ на килиманджаро стоимостьбизнес кредит бюроденьги в займы брестpr продвижение брендаметоды защиты от электромагнитных излучений


Э.Саран: Америкийн монголчууд эх орондоо ихийг бүтээх хүсэлтэй байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: unshigch Огноо: 11 October 2013 Reply

setguulch guai amerikiin mongol gej bas yu bdag yum be amerik dahi mongolchuud gej bichvel zov yum bishuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.