Бие галбирын өөрчлөлтөө байнга хянаж засч бай. Зөв галбиртай байх нь юуны өмнө гоо сайхны бус, эрүүл мэндийн асуудал.
Зав багатай өнөө цагийнхан спортод цаг гаргахдаа тун хойрго. Спорт нь хөдөлгөөний идэвхитэй дасгал болоод зогсохгүй, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчлэх чадалтайг та мэдэх үү?
Тиймээс бид янз бүрийн өвчинөөр шаналж байгаа уншигчиддаа эдгэрэлтээ түргэсгэхэд нь туслах зөвөлгөөг цаашид нийтлэх болно.
Булчингийн чангарал хүч гаргахгүйгээр зогсож байгаа хүний энгийн байдлыг галбир гэж хэлнэ. Галбирын өөрчлөлт нь өвчин биш бөгөөд дасгал хийснээр засагдах боломжтой. Гэхдээ галбираа алдаж эхлэхдээ дасгал хийвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг анхаараарай.
Биеийн галбир өөрчлөлттэй байгааг хэрхэн тогтоох вэ?
Та дараах хүснэгтийг бөглөснөөр галбирын өөрчлөлттэй байгаа эсэхээ мэдэх боломжтой.
- Төрөлхийн гажиг, гэмтэл, өвчний улмаас хөдөлгөөний эрхтний илэрхий гажиг үүссэн.
- Толгой, хүзүү голын шугамнаас хазайсан. Мөр, дал, аарцаг тэгш биш болсон.
- Цээжний хэлбэр илэрхий алдагдсан. (өвчүү, аймхай, урагш хэт түрсэн)
- Нурууны физиологийн муруйлт их багаар илэрч эхэлсэн.
- Дал ёрдойсон. (далавч хэлбэрийн дал)
- Гэдэс унжсан.
- Хөлний тэнхлэг хазайсан. (Х ба О хэлбэрийн)
- Бэлхүүсний гурвалжин тэгш биш болсон.
- Өсгий гадагш байрласан.
- Явдал илэрхий өөрчлөгдсөн.
Одоо хариугаа шалгацгаая. Хэрвээ таны бүх хариулт (-) байвал та хэвийн галбиртай юм байна. 3,5,6,7-р асуултад эерэг хариу өгсөн бол бага зэргийн гажилттай. 1,2,4,8,9,10-р асуултад эерэг хариу өгсөн бол биеийн илэрхий гажигтай бөгөөд засах эмчилгээ яаралтай хийх шаардлагатай гэж үзнэ.
Галбир засах дасгалууд:
- Шалны хүрээгүй хананд биеийн галбираа хадгалж (эсрэг хананд нь толь байвал сайн.) зогсоно. Энэ үед дагз, дал, хонго, эрээн булчин, өсгий хананд хүрч байх ёстой.
- Дээрх зөв галбираа хадгалсан хэвээр хананаас 1-2 алхам холдоод сууж босно.
- Зөв галбираа хадгалсан чигээр хүзүү, дээд бүслүүр, гар их биеийн булчинг суллана.
- Хананд зөв галбираа хадгалсан хэвээр өлмий дээрээ зогсч энэ байдлаа 3-4 секунд барина.
- Биеийн зөв галбирыг хадгалж хэвтээд босч мөн зөв галбираа авахдаа хэвтэж байсан шиг хэвлийгээ татаж өгнө.
- Толгой дээрээ ууттай элс тавиад биеийн зөв галбираа хадгалж алхана.
- Энэ чигээрээ сууж босно.
- Мөн дээрх байдлаас хамтрагчдаа цээжний урдаас бөмбөг шидэж өгнө.
Эдгээр дасгалыг ялангуяа өсвөр насныхан байнга хийх шаардлагатай. Булчин нь хөгжиж амжаагүй өсвөр насныхан ширээний ард олон цагаар суух, мөн хараа муутай хүүхэд хэтэрхий тонгойж бичих нь хүүхдийн галбирыг өөрчлөх үндсэн шалтгаан юм.
Тиймээс хүүхдээ тэгш сайхан биетэй болгохыг хүсдэг бол яг одооноос санаа тавиарай. Хүүхэд тань хараа муутай бол харааны шил яаралтай тааруулж өгөөрэй.