Венесуэлийн охид эмэгтэйчүүд нэгэн шинэ төрлийн гэмт хэргээс айж бэргэж явах боллоо. Өмнө нь тэд гол төлөв цүнх, түрийвч, гар утсаа алдахаас сэргэмжилж явдаг байсан бол одоо олон нийтийн газар явж сууж байгаад, үс гэзэгнээсээ салах аюултай болжээ.
Эндхийн хэвлэлүүдэд бичсэнээр, Сулия мужийн дэлгүүр, худалдааны төвүүд урт сайхан гэзэгтэй хатагтай нарын “Эрлэг”-ийн газар болжээ. Ийм урт үсний ангуучид нь голдуу эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэд онилсон хүн рүүгээ агшны дотор дайрч, нүд ирмэх зуур үсийг нь тайран авч зугатдаг байна. Авсан үсээ тэд гоо сайхны салон, үсчний газруудад зарж, сайн чанарынх байвал нэлээд өндөр үнэ хүргэдэг ажээ. Энэ гэмт хэргийг үйлддэг эмэгтэйчүүд буугаар сүрдүүлдэг агаад золиос бологчид нь өөрсдөө үсээ тайрч өгөөд салахыг боддог аж.
Үсний дээрэмчдийг шийтгэх бараг боломжгүй, учир нь венесуэлийн хуулинд үс гэзэг хулгайлах гэдэг заалт байдаггүйгээс зөвхөн айлган сүрдүүлэг, сэтгэл зүйн хүчирхийлэл, бусдын эрх чөлөөнд халдах зэрэг зүйл ангийг хэрэглэдэг гэжээ. Урт үсний ангуучдын аюул Венесуэлийн нийгмийг цочролд оруулаад байна.
Сулия мужийн Маракайбо хотын дарга Эвелинг Трехо де Росалес хөл хөдөлгөөн ихтэй газруудад тавих хяналтыг нэмэгдүүлэх замаар гэмт хэрэгтнүүдэд хатуу цохилт өгнө гэж амласан аж. Харин интернэт хэрэглэгчид энэ хэрэгтэй холбогдуулан испани хэлнээс хөрвүүлбэл “үс” гэдэг утга бүхий овогтой Венесуэлийн парламентын дарга Диосдадо Кабельог шоглосон наргиа шог яриануудыг гаргаад байна.
Л.Пүрэвдолгор