Гэр бүлийнхээ шинэ гишүүнийг угтаж авахдаа эртнээс бэлдэж, хоёулаа харилцан ярилцаж, аз жаргалтай, баяр хөөртэй байх нь зүйтэй.
Амьдралын хэв маягаа өөрчлөх. Тухайлбал: найз нартайгаа уулзаж цагийг зугаатай өнгөрөөдөг байсан үеэ багасгах, ар гэрийнхээ амьдралд илүүтэй анхаарлаа хандуулах, эхнэртээ туслах гэх мэт. Мэдээж хэрэг эрс өөрчлөлт хийхэд хэцүү л байх болов уу. Гэвч энэ нь ердөө л цаг хугацааны асуудал шүү дээ.
Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ хамт явж байх хэрэгтэй. Хэрэв нөхөр чинь татгалзах аваас бага зэргийн бяцхан заль хэрэглэхэд зүгээр юм шүү. Жишээ нь: “Яаж би ганцаараа явах юм бэ? Нэг л эвгүй байна. Хамтдаа явбал надад илүү дээр байх болно” хэмээн өрөвдөлтэй царай гаргаж эелдэгхэн гуйгаарай.
Нэн ялангуяа эрэгтэй хүн шинэ дүрд тоглоход багагүй цаг хугацаа шаардагддаг. Энэ үед нь загнаж, бухимдах, хэрүүл шуугиан тарьсны хэрэггүй. Зүгээр л түүнд эцэг болох гэж байгаагаа ухамсарлаж, ойлгоход нь боломж өгөх хэрэгтэй.
Эмэгтэй хүнийг жинхэнэ ойлгохын тулд эрэгтэй хүнийг төрөх үед нь хамт байлгасан нь дээр байдаг хэмээн үзэх нь бий. Учир нь энэ үед эцэг болох мэдрэмжинд нь хүчтэй нөлөөлдөг. Гэхдээ зарим хосууд энэ алхам нь зөв эсэхэд эргэлзэх тал бий. Гэвч төрөлтийн хугацаа урт болохоос гадна эхний үед эрэгтэй хүн эхнэртээ бүх хүчээрээ тусалдаг. Хүүхдийнхээ уйлах анхны дууг сонсоод ямар ч эр хүний зүрх уярахаас гадна гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг байна.
Түүнчлэн ганцаараа бүхнийг бие дааж хийлгүйгээр хайртыгаа ч гэсэн гар бие оролцуулж, хамтдаа бүх зүйлийг шийдэж байвал дөхөм байх болно.