Бидний бодож буй бодол, итгэж буй итгэл, хэлж буй үгс маш их хүчтэй. Тэр бүхэн бидний туршлага, бүр амьдралыг маань барьж, бүтээдэг. Бидний бодол, итгэл, үг бүрийг дэлхий ертөнц алдалгүй сонсож, хариу өгч байдаг.
Бодол санаа, үг үйлдлээ өөрчлөхөд амьдралын замнал ч бас өөрчлөгдөнө. Бид хаанаас ирсэн, ямар ч гаралтай, хичнээн хүнд бэрхийг туулсан, бага насандаа яаж ч зовж зүдэрсэн бай, өнөөдөр бид өөрт хэрэгтэй өөрчлөлтийг хийж чадна.
Эхлээд оюун санаандаа буюу сэтгэхүйдээ өөрчлөлт хийж байж, дараа нь амьдрал буюу бодит байдалд хариу үр дүн нь харагдана.
Бидний байнга хийдэг зүйл бол өнгөрсөн амьдралын тусгал, зуршил. Өнөөдрийн амьдарч буй амьдрал өнгөрсөн хугацаанд бодсон бодол, итгэлээс бүрэлдсэн. Тиймээс бидний амьдралд ямар нэг таалагдахгүй зүйл байгаа бол, түүнийг өөрчлөхийн тулд өөрөөр бодох сонголт бий. Өнөөдрийн бодол маргаашийг бүтээнэ.
Неоропедтиадс гэдэг үгийг Кандейс Пертийн хийсэн тархины үйл ажиллагааг судлах судалгааны үед гарсан нэр томьео бөгөөд “химийн элч” гэсэн утгатай үг юм. Хүн бодол бодож, үг хэлэх үед энэ химийн элч ялгарч, биеэр тархдаг байна. Уур хүргэсэн, өөлж шүүмжилсэн, сөрөг бодол бодвол энэ нь дархлааны системд даралт үүсгэдэг ажээ. Харин хайрлаж дэмжсэн эерэг бодол бодох үед өнөөх химийн элч маань дархлааг дэмжих өөр бодис ялгаруулдаг байна. Шинжлэх ухаан одоо л бие мах бод, оюун ухааны хооронд холбоо шүтлэлцээ байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ холбоо шүтлэлцээ хэзээ ч унтдаггүй. Таны оюун ухаан бие мах бодын эд эс бүхэнтэй бодлуудаар холбоотой байдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бид санаатай, санамсаргүйгээр мөч, хором бүрт сайн ба муу бодол бодож байдаг. Тэгээд тэр бодлууд бие, эрүүл мэндэд нөлөөлж байдаг байх нь. Нэг бодлын биед үзүүлэх нөлөө шууд тийм ихээр илрэхгүй ч хүн дунджаар өдөрт 60000 гаруй бодол боддог гэвэл үүний нөлөөлөл ямар их байх нь ойлгомжтой. Хортой бодол биеийг хордуулна гэсэн үг юм. Шинжлэх ухаан хүмүүст сөрөг бодолд өөрсдийгөө живүүлэх нь ямар хор хөнөөлтэй болохыг баталсаар байна. Сөрөг муу бодол л хүнийг өвчлүүлж, үхүүлэх болно.
Оюун санаагаа илүү гүнзгий түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байгаа бол доктор Каролин Миссийн “Оюун санааны анатоми” номыг уншаарай.