Дэрвэгэр богинохон юбка, өндөр өсгийт гээд дуртайгаа өмссөн бүсгүйчүүд Улсын их дэлгүүрийн өмнөх “Битлз” хамтлагийн хөшөөний урд жагсаж дуу хоолойгоо илэрхийлсэн нь олон нийтийн сонирхлыг ихэд татсан билээ. Тэдний хүсэл энгийн, ердөө л гудамжны халдлага хийгээд байгаа хүмүүсийг болиулах, тэдэнтэй тэмцэж байгаа хэн нэгэнд туслах сэтгэлтэй байгаач гэсэн санааг хүмүүст хүргэхийн тулд тийн жагссан. “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагынхан уг жагсаалыг санаачилжээ. Ингээд тус байгууллагын ерөнхий зохицуулагч Зола буюу Б.Золзаяатай ярилцсанаа хүргэе. Түүнийг уншигчид Монголын анхны реалити шоу “Миний гэр”-т оролцож байснаар нь таних биз ээ.
-“Миний богино юбка” арга хэмжээг жагсаал хэлбэрээр зохион байгууллаа. Анх төлөвлөж байсан зорилгодоо хүрч чадсан уу?
-Бид хатуу чангаар зорилго тавьж, ухаангүй урагшаа тэмцээгүй. Хэлэх гэсэн санаа, хүрэх гэсэн зорилго маань их энгийн магадгүй амархан байж мэднэ. Гэхдээ хэн нэг нь сануулахгүй бол болохгүй санагдаад хийсэн ажил. “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага байгуулагдсаны гурван жилийн ой удахгүй болно. Манайх хүний эрх, жендерийн агуулгыг залуучуудад хүргэх талаар олон ажил зохион байгуулдаг. Хамгийн сүүлд хийсэн ажил маань “Миний богино юбка” боллоо. Энэ бол олон улсад болдог үйл ажиллагаа бөгөөд гол зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гудамжны халдлагын эсрэг юм. Бид хэн нэгний тоглоом шоглоом болгоод өнгөрч байгаа зүйл эмэгтэй хүний хувьд гудамжны халдлага юм гэдгийг ойлгуулахыг хүссэн. Гэхдээ үүнийг ширээний ард суугаад эсвэл цаасан дээр хэдэн үг хэвлээд тараагаагүй. Хүмүүст хүргэхийн тулд хамгийн энгийн аргаар зохион байгуулсан гэж бодож байна. Тэгээд дээрээс нь гудамжинд хэн нэгэнд тийм зүйл тохиолдвол “боль” гэж хэлдэг сэтгэлтэй байгаач ээ гэсэн мэссэжийг олон нийтэд хүргэхийг зорьсон. Тийм ч учраас “Битлз”-ийн хөшөөний өмнө зохион байгуулсан.
-Гудамжны халдлага гэж ямар хэргийг тодорхойлж нэрлээд байгаа юм бэ?
-Манай төрийн бус байгууллага эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулдаг. Эмэгтэйчүүдтэй ярилцаж байхдаа гудамжны халдлагад өртөөгүй хүн бараг байхгүй гэдгийг ойлгосон. Гудамжны халдлага гэж эмэгтэйчүүдийг санамсаргүй байхад хормойг нь сөхөх, үснээс нь зулгаах, ус цацах, ямар нэгэн байдлаар биед нь хүрэхээс эхлээд бүр притекээр гуяыг нь зүсэхийг хэлээд байгаа юм. Манай төвд ээмгээ булаалгаад чихээ сэтлүүлж байсан хүн ч захидал бичиж байсан.
-Хормой сөхлөө, ус цацлаа гээд цагдаагийн байгууллагад ханддаг хүн цөөхөн байх. Ер нь гудамжны халдлагад өртсөн эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийсэн тоо баримт байдаг уу?
-Гудамжны халдлага бусад дээрэм, хулгай, хүчингийн гэмт хэргийг бодоход бүртгэгддэггүй. Хэн нэгэн гудамжны халдлагад өртсөн эмэгтэй цагдаагийн байгууллагад очоод “Миний гуяыг барилаа. Хормой сөхлөө” гэж хэлээд бүртгүүлэхэд хүлээж авах нь хэд билээ. Тиймээс нарийн тоо баримт байдаггүй юм билээ. Тиймээс л бид хууль эрх зүйн өөрчлөлтөөс илүүтэй хандлагын өөрчлөлт чухал гэж үзээд байгаа юм. Энэ төрлийн халдлага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдаг учраас цагдаагийн байгууллагад хандах нь тийм ч оновчтой сонголт биш. Тийм учраас ялангуяа эрчүүд рүү хандах хэрэгтэй гэж үзсэн. Хэрвээ таны ээж, эгч, дүү, эхнэрт чинь ийм зүйл тохиолдвол та хэрхэн хүлээн авах вэ гэсэн гол санааг жагсаалаар ойлгуулахыг зорьсон.
-“Миний богино юбка” нэртэй “Үтрээний хүүрнэл” жүжгийн монолог бий. Саяхан дуучин Нара мэргэжлийн бус хүмүүстэй хамтран тоглосон “Үтрээний хүүрнэл” бүтээл олны талархлыг хүлээсэн. Эсрэгээр ялихгүй зүйл дээр ач холбогдол өгч юмны зөвхөн өнгөн талыг харж гоочилдог хүмүүст ярианы сэдэв ч болсон байх. Гэхдээ л хэлэх гэсэн санаагаа оновчтой ойлгуулсан гэж бодож байна?
-Дэлхийн 140 оронд тавигдсан жүжиг байгаа юм. Ер нь дэлхий дахинд мэргэжлийн гэхээсээ сайн дурын уран бүтээлчид тоглодог. Жүжигт тоглосон бүсгүйчүүдийн зорилго нь сайн жүжиглэхдээ бус илэрхийлсэн санаагаа тэр заалны хамгийн арын эгнээнд суугаа үзэгчид ч ойлгуулахыг хичээдгээрээ чухал юм. Жүжигт 16 эмэгтэйн амьдралын тухай өгүүлдэг.
-Ийм төрийн бус байгууллага байгуулахад танд чухам юу нөлөөлсөн бэ?
-Долдугаар сарын 1-ний үймээнд хамгийн их өртсөн нь залуус байсан. Тэд эрхээ хамгаалах талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Тиймээс л хүний эрхийг хамгаалах байгууллага бидэнтэй уулзаж энэ байгууллагыг үүсгэн байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Гэхдээ амьдрал тэр чигээрээ хар бараан гэсэн үг биш. Бас амьдрал сайхан байна гээд хүчирхийллийг тэвчиж болохгүй гэж бодож байна. НҮБ-аас гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн судалгаа гаргасан. Манай улсад хохирогчийг буруутгах явдал их гардаг. Эсвэл бузартсан гэх мэтээр доромжлох зэрэг сөрөг зүйл олон тохиолддог. Энэ мэтээс болж хохирогчид дотроо шаналж, ямар нэгэн зүйлийг нууж явах болдог. Тиймээс бид удахгүй хүчингийн гэмт хэргийн хохирогчийг буруутгах хандлагыг эсэргүүцэх ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Хохирогчийг буруутгах бүрт гэмт хэрэгтэн ялдаг. Өөрийгөө тэр хохирогчийн оронд тавьж үзээгүй байж гэмт хэрэг хийхэд өдөөсөн сөрөг хандлага тулгадаг нь буруу юм. Австралийн цагдаагийн байгууллагынхан хүчингийн гэмт хэргийн хохирогчтой уулзах эхний хүнд ихээхэн анхаарал хандуулдаг. Учир нь тэр хүний яриа, үйл хөдлөлөөс хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нөлөөлдөг гэж үздэг.
-Танай байгууллага Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтарч ажилладаг уу?
-Хамтарч ажилладаг. Бид гурван жилд тоглосон жүжгийнхээ бүх орлогыг хандив болгож өгдөг. Гурван жилийн хугацаанд нийт 26 сая төгрөг олсон байна лээ. Түүнийхээ тодорхой хувийг олон улсын байгууллагад өгөөд үлдсэнийг нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандивласан. Төрийн хийх ажлыг тэд сайн дураараа хийж байгаа учраас бид чадах чинээгээрээ туслах хэрэгтэй гэж боддог.
-Эмэгтэйчүүдийн клубынхээ талаар сонирхуулаач?
-Эмэгтэйчүүдийн хувьд тусдаа орчин байх хэрэгтэй юм байна гээд клубээ нээсэн. Гэхдээ клубт маань зөвхөн эмэгтэйчүүд бус эрэгтэй хүн ч орох эрхтэй. Бид хэн нэгнийг дарах гэсэн зорилго агуулдаггүй. Тиймээс хүн бүрт манай хаалга нээлттэй байх болно. Клубт ирснээр тэр бүр ярилцаад байдаггүй сэдвээрээ эмэгтэйчүүдтэйгээ сэтгэлээ онгойтол ярих боломжтой.
-Магадгүй бидний ярилцлагыг уншаад хэн нэгэн санал бодлоо хуваалцмаар санагдах байх. Тэгвэл эмэгтэйчүүдийн клубт хэрхэн элсэх хэрэгтэй вэ?
-Фэйсбүүкт “Залуу эмэгтэй- чүүдийн клуб” гэсэн хаяг бий. Тэндээс хэзээ, ямар ажил зохион байгуулах гэж байгааг мэдэх боломжтой. Тиймээс хүссэн хүн манай клубын гишүүн болох боломжтой гэсэн үг. Иргэн Ламжав гуай “Ардчиллын чухал үнэт зүйл бол жижиг бүлэг буюу эрх чөлөөний арлууд” гэж хэлж байсан. Тэгэхээр үзэл санааны ийм жижиг бүлгүүд өөрөө ардчиллын үнэ цэнэ юм гэж хэлж байсан. Хэн нэгний үзэл санаа, эрхэнд халдалгүйгээр ийм бүлэг байх нь нийгэмд хэрэгтэй.
-Гей залуус танай байгууллагад ханддаг уу?
-Би хүний эрхийн ажилтан. Тийм болохоор энэ сэдвийг хамгийн чухал зүйлсийн нэг гэж боддог. Бэлгийн цөөнх бол хүний эрх зөрчигддөг бүлэг байгаа юм. Гэхдээ харьцангуй хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Бэлгийн чиг баримжаа бол төрөлхийн зүйл. Төрөлхийн мэдрэмжээсээ болж хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, зодож, хүчирхийлнэ гэдэг нь шударга бус. Хүмүүс энэ бүлгийг гаж дон гэх ч юм уу буруугаар хүлээж авдаг. Гэтэл зөвхөн сонирхлоороо яваа хүмүүс ингэж гадуурхагдаж явна гэдэг нь утгагүй. Үнэхээрийн төрөлхийн мэдрэмжтэй учраас хүн өөрийгөө өөрчилж чадахгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. С.Зориг агсан “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Тиймээс бэлгийн буруу чиг хандлагатай болчих вий гэж санаа зовох нь илүү хэрэг болов уу. Хүмүүс ихэнхдээ энэ талаар ярихаар сексээр төсөөлөөд байдаг. Гей гэхээр эрэгтэй хүн бүрийг хүсээд байна гэсэн үг биш. Гал асаахад туслахгүй бол ядаж битгий сүүдэрлээч гэдэг шиг тэр хүмүүсийг ойлгохгүй байгаа бол нэмж битгий чичлээч ээ гэж хэлмээр байна.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та “Миний гэр” шоунд оролцож байсан. Тэр үеийн уйлдаг, уурладаг Зола их өөрчлөгдсөн юм шиг санагдлаа?
-Найман жилийн өмнө юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан. Одооны үзэл хандлагаа таван жилийн дотор үзэж харсан, сонссоноосоо туршлага авч төлөвшсөн. Угаасаа аливаа зүйл өөрчлөгдөж байж л хөгжинө шүү дээ. Би тэр үед Орос, АНУ-ын тиймэрхүү шоу нэвтрүүлэг их үздэг байсан юм. Тэгээд л өөрийгөө сориод үзэхээр шийдэж шоунд оролцсон. Монголын анхны шоу нэвтрүүлэгт оролцсон нь миний дурсамжтай үеүдийн нэг. Одоо бодохоор тэр үеийн шоунд оролцож байсан хүмүүс онцгой байсан юм шиг санагддаг. -Шоунд оролцоод нөхөртэйгөө танилцсан байх аа?
-Шоунаас авсан хамгийн том шагнал нь миний хань юм даа. Тэгээд бас адилхан үнэт зүйлтэй, хүний эрхийн төлөө байдаг хүн. -Эрх чөлөө таны хувьд?
-Би либерал, феминист үзэлтэй. Тэр утгаараа утга учиртай амьдрахыг хичээдэг. Түүнээс биш ажил дээр өөр зүйл яриад амьдрал дээр бас өөрөөр явдаг хүн биш. Сайн ажиллабал, сайн амрах ёстой гэсэн зарчим баримталдаг. Ер нь өөрийгөө эрх чөлөөтэй хүн гэж боддог. Гэхдээ хүмүүс эрх чөлөөг эрээ цээргүй байдаг, дур зорготой андуурдаг. Эрх чөлөө бол хариуцлага.
-Ээж болсон уу?
-Ээж болж амжаагүй л байна. Хүний эрх, жендерийн чиглэлээр үргэлжлүүлэн сурах бодолтой байгаа. Тийм болохоор ойрын хугацаанд хүүхэдтэй болохгүй байх. Энэ мэргэжлээр гадаадад суралцах шаардлагатай байна.
Б.СЭЛЭНГЭ