Хүн амын таргалалт түгшүүрийн хэмжээнд хүрснийг Америкийн Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Тус улсын 20-иос дээш насны 78 сая иргэн илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан аж. Үүнээс 40.6 сая нь эмэгтэй, 37.5 сая нь эрэгтэй аж. Хүүхдүүдийн дунд энэ харьцаа эсрэгээрээ байна. Тухайлбал 19 хүртэл насны өсвөр үеийнхний дунд 5.5 сая хэт тарган охин байгаа бол долоон сая хөвгүүн илүүдэл жинтэй гэнэ.
Гэхдээ өнгөрсөн зууны сүүлийн 10 жилтэй харьцуулахад тус улсад тарган хүмүүсийн тоо аажмаар буурч байгаа юм. Гэсэн ч 60-аас дээш насныхан залуучуудаа бодвол таргалалтад илүү өртөж байна. АНУ-д хэт махлаг байх нь нийгмийн тэгш бус байдлын мэдэгдэхүйц шинж гэж үздэг.
Энэ талыг баримтлагчдын ярьж буйгаар ядуу хүмүүс зөв, чанартай хоол хүнс хэрэглэхгүй байгаагаас болж таргалалтад өртдөг гэнэ.
Тус улс нийгмийг хамарсан чимээгүй тахал болох таргалалттай янз бүрийн аргаар тэмцдэг. Тухайлбал АНУ-ын даатгалын нэгэн компани илүүдэл жингээсээ салсан хүмүүст тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ. Ийм урамшуулал тус улсын зарим байгууллагад хэрэгжээд удаж байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээний зардлаа багасгаж, турсан ажилтнууддаа шагналын мөнгө олгодог байна.
Энэ удаа тус даатгалын компани Колорадо мужийн насанд хүрсэн бүх хүнд жингээ хассаных нь төлөө бэлэн мөнгө олгохоор болжээ. “Weight and Win” нэртэй хөтөлбөрт хамрагдан, жингээ хасч эхэлсэн хүн бүрийн дансанд гурван сар тутамд 15-150 доллар хийнэ. Даатгалын компани энэ шинэ төсөлдөө 500 мянган доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд мужийн засаг захиргаа цаашид дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Үүнээс гадна тус улсын зарим эрдэмтэн таргалалтад өртсөн хүүхдүүдийг гэр бүлээс нь түр тусгаарлах санал тавьж эхэлжээ. Энэ саналаа тэд хуульчлах хүсэлтэй байгаагаа ч мэдэгдсэн байна. Харвардын сургуулийн нийгмийн эрүүл мэндийг судлаач, хуульч Линдси Мерта “Хүүхдүүдийг хамгаалахын тулд төр иргэдийнхээ хувийн амьдралд оролцох шаардлагатай” хэмээжээ.
Мөн эрдэмтэн Дэвид Людвиг “Хүүхдийг гэр бүлээс нь түр тусгаарлавал аль ч талдаа ашигтай. Нэг талаас хүүхдүүд гэртээ түргэн харихын тулд турах шаардлагатай болно. Нөгөө талаас энэ нь гэр бүлийн харьцааг улам бэхжүүлэх сайн талтай” хэмээн тайлбарлав.
Эрдэмтэд үүнийгээ батлахын тулд гэр бүлийн хооллох соёлоос болж таргалалтад өртсөн нэгэн охины жишээг авчээ. Тэд охиныг өөр айлд өргүүлтэл жилийн дотор 52 кг турсан гэнэ.
Их Британи ч мөн л таргалалтын асуудал хурцаар тавигдаж буй орнуудын тоонд ордог. Үүнтэй холбоотойгоор тус улсын Үндэсний эрүүл мэндийн алба жингээ хасахыг оролдож буй иргэддээ мөнгөн урамшуулал олгодог болжээ. Эндэхийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2012 онд тус улсын 13 сая иргэн илүүдэл жинд өртөх төлөвтэй байна. Үүний 12 сая нь насанд хүрэгчид, нэг сая нь хүүхэд аж.
Тус улсын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй “Pounds for pounds” буюу “Фунтын төлөө фунт” хэмээх нэртэй хөтөлбөрийн хүрээнд Британийн иргэн бүр 185 фунтын шагнал авч болно. Энэ хөтөлбөрийн дагуу турж, мөнгө олох сонирхолтой хүмүүс дунджаар 100 кг-аас дээш жинтэй, 45 насныхан байх аж.
Тус улс хүүхдүүдийн таргалалтын асуудалд ч санаа тавьж эхэлжээ. Их Британийн засаг захиргаанаас тав хүртэл насны хүүхэд өдөрт дор хаяж гурван цаг биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой гэсэн захирамж гаргахаар зэхэж байна.
Зарим газар турсных нь төлөө урамшуулж байгаа бол нөгөө хэсэг нь таргалалтад өртсөн хүмүүсийг “шийтгэж” эхэлжээ.
Тухайлбал эдгээр орны нислэгийн компаниуд аливаа нислэгийн өмнө зорчигчдынхоо биеийн жинг үзэж байх шийдвэр гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон үнэлгээгээр зорчигчийн биеийн жин, өндрийн харьцааг тогтоож, илүүдэл жинтэй эсэхийг нь илрүүлнэ. Ингээд жин ихтэй хүмүүсээс нэмэлт төлбөр төлүүлэхээр болсон аж. Илүүдэл жинтэй хүмүүсийг тээвэрлэхэд түлш их шаарддаг. Үүнээс гадна Их Британи, Индонезийн нислэгийн компаниуд бүдүүн зорчигчдыг хоёр хүний тасалбар шууд худалдан авахыг шаардах болжээ.
оллоо.мн