Манай нутагт аз жаргалгүй байдлаасаа залхаж, амьдралд өөр байр суурь олж авахыг хүссэн нэг чулуучны түүхийг ярьцгадаг юм. Тэр нэгэн удаа баян худалдаачны гэрт очоод хичнээн их эд баялагтайг нь, мөн хотын иргэдээс хичнээн их хүндэтгэл хүлээж байгааг нь харжээ. Тэгээд чулуучин түүнд атаархаж, яг л тийм болохыг хүсэв. Жирийн чулуучин байхыг тэр огт хүсэхгүй байлаа. Гайхалтай нь түүний бодол биелэгдэж гэнэт худалдаачин болж хувираад зүүдэндээ ч оромгүй тансаг чамин эд хогшил, эрх мэдэлтэй болчихлоо.
Гэтэл ядуус түүнд атаархан, түүнийг үзэн ядаж, гэнэт санаанд оромгүй олон дайсантай болчихжээ. Дараа нь тэр зарц, цэргүүдээр хүрээлүүлсэн нэгэн өндөр дээд язгууртныг олж харлаа. Бүх л хүн улс орондоо хамгийн хүндтэй, эрх мэдэлтэй энэ хүчирхэг ноёны өмнө сөхрөн унаж байв.
Худалдаачин болсон чулуучин энэ зэхирагч шиг болж олон зарц, цэргүүдээр хүрээлүүлэн эрх бэдэл эдлэхийг хүсэв. Түүний хүсэл дахиад л биелтэл тэр захирагч нь улс орондоо хамгийн ихээр үзэн ядагдсан хүн нь байлаа. Чухам ийм л учраас түүнийг олон цэргүүд хамгаалдаг байсан аж. Дээр нь бас нар төөнөн халууцуулсан нь түүнийг аз жаргалгүй, өчүүхэн амьтан болгож орхив.
Тэр хурц нар, цэлмэг тэнгэрийг хараад “Ямар хүчирхэг юм бэ? би нар л болмоор байх юм?” гэлээ. Энэ тухай бодож дуусаагүй байтлаа л газрыг илчээрээ тэтгэсэн нар болж хувирлаа. Гэтэл хүчтэй салхи үлээгээд газрыг үүл халхавчихав. Тэгэхээр нар болсон чулуучин маань “би салхи шиг хүчтэй болохсон” гэж хүслээ.
Тэр дороо л хүчтэй салхи болж хувираад ойн моддыг үндсээр нь булга татаж, хот тосгоныг сүйтгэж явтал ургаа хадтай тулгараад яаж ч чадсангүй. Том хад хөдөлгөөнгүй зогсож, салхинд огт ажрахгүй байлаа. “Энэ хад яамар хүчирхэг юм бэ? би үүн шиг бат бөх болохсон” гэж хүсэв.
Тэр дороо л хамгийн ширүүн салхийг ч тэсэх хад цохио боллоо. Хорвоо дээр хамгийн хүчтэй болж хувираад одоо л нэг юм аз жаргалтай байх шиг санагдана. Гэтэл “Түн…тан….” гэх дуу гарсан нь алх цүүцийг хад руу шигтгэн хэсэг хэсгээр эмтэлж байв. “Надаас хүчтэй хэн байдаг билээ?” гээд хартал том үхэр хадны ёроолд нэгэн ядуу чулуучин эр зогсож байдаг гэдэг.