Ийм сайхан хайртай учирчихаад үхчих вий дээ

Ийм сайхан хайртай учирчихаад үхчих вий дээ

Хавтасны сэдвийн жагсаалтад “Хайр” гэсэн сэдэв ороход би бараг уухай хашгирч, би л наад сэдвийг чинь бичдэг хүн гэж өндөлзсөн юмсан. Яагаад гэхээр би өөрийгөө “аугаа их хайрын” туршлагатай хүн гэж боддог. Арван жилийн өмнө, 20 гаруйхан настай жаахан охин байхдаа учиргүй сайхан залууд сэтгэл алдарч, ёстой ухаангүй “утсан хүүхэлдэй” болтлоо дурлаж, хайрын амтыг жинхэнэ амталсан хүн гэж өөрийгөө боддог болсон юм. Тэр үед бид хоёр “Хайр гэдэг чинь ийм байдаг юм байна” гэж бие биеэ хараад дуу алддаг байж билээ.

Өмнө нь ганц нэг хүнтэй үерхэж үзсэн байсан юм байлгүй, “тэр бол дурлал байж” гэж хээв нэг хэлэлцдэг байсан санаанд орж байна. Бид хоёрын ойлгож байснаар бол өмнө нь үерхэл, дурлал энэ тэрийг л үзэж явсан бид хоёр бие биедээ анхны харцаар л “хайртай” болчихвоо. Ёстой жингүйдлийн мананд умбасан. Зүрх догдолж, бүр “Ийм сайхан хайртай учирчихаад үхчих вий дээ” гэж бодохоос машин замаар гарч чадахаа больчихсон байсан гээд бод доо. Шинэ жилийн үдэшлэг дээр танилцсан бид маргааш нь л хамт зургаа татуулж, нөгөөдөр нь хамт амьдрах тухай ярилцаж, бүх юм нүд ирмэхийн зуур үгээр хэлэхийн аргагүй “диваажин” болж хувирсан. Зүйрлэвээс цээжээр дүүрэн, бүр хүзүүгээр татам их хайр надаар дүүрчихээд, эвгүйхэн хөдөлбөл өнөө хайран сайхан юмаа цалгиаж асгачих гээд байгаа юм шиг мэдрэмж төрж байсан юм. Би түүнд бүх зүрх сэтгэлээрээ татагдаж, хэлсэн бүхэнд нь итгэж байлаа. Бүр “Би чамд 100 биш, 118 хувь итгэж байна” гэж хэлмээр санагдаад л. 18 хувь нь алга боллоо гэхэд 100 хувь нь үүрд байж л байна гэж тэр үед төсөөлж байсан юм. Надад ирсэн тэр гайхамшигтай сайхан мэдрэмжийг би хайр гэж итгэж байлаа. Харамсалтай ч гэх юм уу, азтай нь ч гэх юм уу, миний хайрын эзэн тун удалгүй надаас “зай барьж” эхэлсэн. Би ч яахав, учраа мэдэхгүй, утсан хүүхэлдэй болчихсон амьтан байсан болохоор тийм гайхамшигтайгаар хайраа илэрхийлж байсан тэр сайхан хүн надаас хөндийрөөд байгаад итгэж чадалгүй удсан. Тэгээд итгэсэн хойноо ёстой жинхэнэ “шок”-нд орно гээч боллоо. Яг үнэндээ түүнээс хойш гурав, дөрвөн жилийн туршид шинэ жил болохоор орноосоо босч чадахаа болиод, уйлж хэвтдэг өвчтэй амьтан болсон гээд бод доо. Би тэр “хайраа” цорын ганц гэж итгэж явлаа. Тэгээд л би өөрийгөө “галзуу” хайрлаж үзсэн туршлагатай хүн гэж бодоод явсан хэрэг.

Жинхэнэ хайртай учирвал нөхрөөсөө сална даа

Ингээд хайрын тухай бичих боллоо. Янз бүрээр бичиж, устгаж, бүр эргэлзэж гүйцээд олон хонолоо. Сүүлдээ бүр олон жил “хайр” гэж бодож, сэтгэлдээ нууцалж явсан миний тэр сэтгэлийн мэдрэмж жинхэнэ хайр мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж эхлэв. Хайр гэж юу вэ гэж хүмүүсээс асуугаад, тэгж хайрлаж явлаа, ингэж хайрлаж явлаа гээд яриулаад биччихвэл амархан л даа. Гэлээ гэхдээ бид яах гэж энэ сэдвээр бичихээр зориглолоо. Ингэж бичсэнээрээ хүмүүст юу өгөх гэсэн юм бэ гээд олон асуулт байна. Гэтэл би гэдэг хүн өөрийгөө тэр ганц “сэтгэлийн хүндээ” хайртай гэж итгээд, ханилсан ханьдаа хайргүй гэж бодоод яваад байдаг. Хайрын тухай олон янзаар бичиж, бодож, хүн хүнтэй яриад яваад байсан сүүлдээ бүр нойр хүрэхээ болилоо. Хоёр хүүхдийнхээ аав, долоо найман жил ханилсан ханийхаа тэврэлтийг сэтгэлдээ “худлаа” гэж бодож, нойргүй хоносон би “Хэрвээ хэн нэгэн хүнд ухаангүй дурлачихвал сална даа” гэж хүртэл бодсон гэж байгаа.

Гэтэл эрхлэгч Р.Энхбат маань манай сэтгүүлийн №7-гийн зочин “Монголоор сэтгэж, монголоор бичдэг, монгол философич” С.Молор-Эрдэнийг өрөөндөө ирэхэд нь намайг дуудлаа. Ингээд бид гурав хайрын тухай халуухан яриа өрнүүлсэн юм. Ханилсан ханийнхаа хайрыг “голж”, хэн нэгэн хүнд ухаангүй хайртай болчихвол хоёр хүүхдээ ч бодолгүй сална даа гэж өглөөхөн бодож сэтгэлдээ “нүгэл” хураасан миний нүдийг нээсэн энэ ярилцлагыг та заавал уншаарай. Хайрын тухай таны ойлголтод нэгийг нэмнэ гэж итгэж байна.

Хайр гэдэг нөр их хөдөлмөр

Р.Энхбат: Бид сэтгүүлийнхээ хавтасны сэдвээр хайрын тухай бичье гэж шийдсэн. Олон хүн хайр бол үнэхээр том сэдэв, бичих ёстой, ярих ёстой гэж гэж байлаа. Яг тулаад бичих гэхээр ерөөсөө л нэг болдоггүй. Яагаад болохгүй байна вэ гэхээр нэгдүгээрт хүмүүс энэ талаар дэлгэрэнгүй ярих дургүй юм байна. Олон хүн “Юу яриад байгаа юм бэ, ойлгомжтой шүү дээ, хайртай болоод л суучихаа биз, тэгээд одоо яах гээд байгаа юм вэ” гэсэн байдлаар, бас олон хүн “Дэмий юм ярихаа боль оо, хайр гэдэг чинь залуу насны явдал” гэж хүлээж авч байна. Ерөнхийд нь үзвэл хүмүүс дотоод сэтгэлийн ярианд дургүй юм, сураагүй юм. Тийм болохоор бид энэ тухай бичих гэхээр нэг иймэрхүү проблемийн өмнө ирчихээд ийш тийшээ хараад “Яадаг юм билээ” гээд зогсож байна.

С.Молор-Эрдэнэ: Нэг онигоо санаанд орж байна. “Хамгийн том хайр гэж бүтээгүй хайрыг хэлнэ” гэж нэг онигоо байдаг юм. Хайр гэдэг чинь тийм л юм байхгүй юу. Абсолютны хайр гэж байдаггүй. Монголд хайрын тухай хоёр ойлголт байдаг. Хайр дурлал гэж нэг ярьдаг, хайр сэтгэл гэж бас нэг ярьдаг. Би үүнийг зөв гэж боддог юм. Хайр сэтгэл гэдэг ер нь бол моралийн юм. Хүнийг хүндлэх, сайны тухай, сайхны тухай, өрөвдөх, хайрлах, гэмших энэ бүгдийг хүн төрөхдөө аваад төрдөг гэсэн ойлголт байдаг. Хүн төрлөө. Төрснөөс эхлээд эхийн хайрыг амсаж, тэр нь бэхжиж, эх хүн дэмжээд явах ёстой. Эхийн хайр бол манай үлгэрт гардаг “Унагаа явуулаад өөрөө шувуунд тоншуулаад үхдэг” шиг тийм л хайр. Энэ хайр хүүхдээ том болж биеэ даагаад явахын цагт сайн яваасай гэсэн хүслийн хайр болж хувирдаг. Эхийн хайр бол дурын биш, сэтгэлийн хайр. Нэгэнт биеэ дааж, гэр бүлтэй болоод, өөр хүүхэнд хайр дурлалаа илэрхийлээд явчихсан хүний араас ээж нь “Хайртай” гээд байх утгагүй. Авгайтай болоод явчихсан хүн ч гэсэн буцаад ээждээ хайртай гээд гүйгээд байх утгагүй юм. Яахав, бага насны тэр хайрыг сэтгэлдээ тээгээд л явцгаана.

Нөгөө талд бидний ярих гээд байгаа тэр хайр дурлал бол эрос. Эротик юм. Тэр бол сэтгэлээсээ илүү биеийн их тачаал. Манайхаар бол ядал. Хайрлаж ядах, дурлаж ядах, тэмүүлж ядах, эзэмших гэж ядах… тэр л бүх ядлууд энд явж байдаг. Хүнд дурлачихсан бол тэр хүний төлөө ёстой яахаас ч буцахгүй, хүн алахаас ч буцахгүйд хүрдэг. Ер нь яадаг юм гээд, нэр хүнд, ээж, аав хэнийг ч хүндлэхээ болино. Зөвхөн тэр л хүнийг өөрийн болгох, авах гэсэн ядал.

Гурав дахь хайр бол амьдралын хайр дурлал. Нэг хүнтэй холбогдож, гэр бүлтэй болоод, “Насан туршдаа би чамайг хайрлана” гэж амладаг. Баруунд бол сүмд, бурхадын өмнө амладаг. Манайд харин жаахан шоу маягаар явж байна. Хуримын ордон энэ тэр гээд бизнесийн маягаар, өөрөөр хэлбэл хайр бизнес болон хувирч байна. Баруунд хайрыг бурханы зүйл гэж ойлгодог. Ийм гурван төрлийн хайр байгаа.

Би нэг удаа 50 гарсан бүдүүн эр тайзан дээр “Ээж минь ээ, тандаа би хайртай” гээд уйлагнаад байхыг хараад бүр дургүй хүрчихсэн. Тийм юм гэж байхгүй шүү дээ. Эсвэл тэр хүүхэд насандаа хайрлуулж яваагүй юм уу, хаашаа юм. Арван настай хүүхэд “Ээждээ хайртай” гээд дуулбал өөр хэрэг. Гэтэл сахал үс нь ургасан хөгшин хар юм тэгээд дуулаад байхаар би бүр гайхчихсан.   Манайд “Хуримлаач, хурим хий” гээд реклам яваад байгаа нь хүний хайраар тоглож байгаа хэрэг. Хүнтэй хурим хийж, бүх л насаараа “Би чамдаа хайртай” гэж, хоёулаа үр хүүхдээ төрүүлж, тэжээж, хүн болгож, амьдрал нийлж байна шүү дээ. Хоёулаа нийлж байна, нэг хүн, нэг амьдрал болж байна. Бүх л юм нэг болж байна. Уйлахдаа хамт уйлна, баярлахдаа хамт баярлана. Ингэж нэг нэгж болж байна. Гэр бүл гэдэг чинь нэг нэгж. Нийгэм гэдэг чинь гэр бүлүүдийн нэгтгэл шүү дээ. Гэр бүлүүд нийлж байж нийгмийг бүтээнэ. Гэр бүл байхгүй бол нийгэм гэж байхгүй.

Ё.Мөнхтуяа: Гэр бүлийн хоёр нэгэн хүн болж нэгдэж чадахгүй бол тэр хайр биш үү?

С.Молор-Эрдэнэ: Тэгвэл тэр жинхэнэ “шижир” хайр биш. Ямарваа нэгэн хольцтой л байна. Эд хөрөнгө, албан тушаал, юу байдаг юм ямар нэгэн хольцтой л хайр байна. Хольцгүй юмыг чинь шижир гэж хэлдэг.

Ё.Мөнхтуяа: Бид хүмүүсээс судалгаа авсан. Түүндээ “Та хайртай хүнтэйгээ хамт амьдарч чадаж байна уу” гэж асуухаар ихэнхи нь “Тийм” гэж хариулаад байгаа. Тэгсэн мөртлөө “Та хэн нэгэн хүнд хайртай болох юм бол гэр бүлээ орхиж чадах уу” гээд асуухаар “Мэдэхгүй” гэж эргэлзсэн хариулт өгөөд байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ?

С.Молор-Эрдэнэ: Энэ бол нөгөө ядал руугаа л орчихож байгаа юм. Дурлаж ядах, өөр юу байдаг юм. Би түрүүн философи талаас нь ярьсан. Харин социологи руу яваад орохоор хоёр хүн байна ш дээ, дараа нь хайртай болдог байхгүй юу. Түүнийг ерөөсөө мартаж болохгүй.

Ё.Мөнхтуяа: Дараа нь аа. Амьдарч эхлээд дараа нь хайртай болно гэсэн үг үү?

С.Молор-Эрдэнэ: Тийм. Амьдрал хүнд мэдрүүлдэг байхгүй юу. Амьдраад ирэхээр хүн илүү хайртай болдог. Өөрөөр хэлбэл одоо 40, 50 настай болчихсон хүмүүсийн хайр бол амьдралын хайр. Амьдрал өөрөө хүнийг хайртай болгодог. Хуримлаад, суухад байсан тэр хайраас огт өөр, амьдралын хайр болдог. Амьдралд хоёулаа ороод, тэрний баяр жаргалыг эдлээд, зовлон зүдгүүрийг хамт туулаад, шалгараад ирэхээр тэр хоёрын хайр улам ихэсдэг. Жинхэнэ хайр болж эхэлдэг. Ёстой өнөө шүүс нь гарч ирж байгаа хэрэг. Тийм болохоор хайранд суралцах ёстой гэж социологичид ярьдаг. Амьдралын хайранд суралцах боломжтой. Тэгэхээр хайр бол хүний бүтээгдэхүүн. Хоёр хүний хамтын амьдралын бүтээл. Эцсийн эцэст тэр хоёр хүн хайр гэдэг юмыг хамтдаа бүтээгээд , тэр бүтээлээ хоёулаа эзэмшээд, түүнийгээ эдлээд, амьдрал дуусна шүү дээ.

Р.Энхбат: Хайр гэдэг бүтээгдэхүүн гэж байна. Би бас үүнтэй санал нэг байна. Гэхдээ манайхан “Хайр бол бүтээгдэхүүн” гэхээр ерөөсөө хүлээж авахгүй байх гэж бодож байна. Яагаад гэхээр хүмүүс хайрыг бүтээл гэж ойлгодоггүй. Бүтээл гаргахын тулд хоёр талаасаа хичээх хэрэгтэй болно оо доо.

С.Молор-Эрдэнэ: Тэгэлгүй яахав, хичээх хэрэгтэй. Нэг ёсондоо зүтгэл гаргах хэрэгтэй. Бүтээл гэдэгт чинь хариуцлага орж ирнэ. За тэгээд уучлал… гээд олон юм орж ирнэ шүү дээ. Р.Энхбат: Хэрвээ саяын ярьсан хариуцлага, уучлал, өөр юу байдаг юм, тэр бүхэн явагдахгүй бол ямар юмных нь бүтээл гарч ирэх вэ дээ.

Ё.Мөнхтуяа: Монголд өнөөдөр маш олон гэр бүл салж байна. Үүнийг хичээж чадахгүй, ойлголцож чадахгүй байгаагаас үүсэж байна гэж ойлгож болох нь.

Р.Энхбат: Өөрөөр хэлбэл асуудал битүүлэг байсаар шийдэгдэж чадахгүйгээс маш их юм болохгүй байна. Түүнийг хоёр талаасаа ухамсартайгаар, илүү зөв шийдэлд хүоэхийн тулд хүмүүс өөрсдөө хичээх ёстой.

С.Молор-Эрдэнэ: Нэг их сайхан сарнай цэцэг гэртээ авчраад тавьчихлаа. Услахгүй бол тэгээд л үхнэ шүү дээ. Түүн шиг хуримаа хийчихлээ. Одоо тэгээд сарнай цэцэг шиг услаж, дулаан, гэрэл гээд хэрэгцээтэй бүх юмаар нь л хангаж өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол маргааш болоход л үхнэ. Энэ бүхэн чинь хүний сэтгэлийн асуудал. Зүгээр нэг материаллаг зүйл биш. Хайр гэдэг юмыг хэн ч үзүүлж харуулж чадахгүй. “Энэ миний хайр байна, май чи үзээдэх” гээд хэн ч үнэмлэх шиг юм гаргаад ирж чадахгүй шүү дээ. Хүн харж байгаа харц, илж байгаа гарын илэлт, дуугарч байгаа дууны өнгө, харьцаа, тэр л бүхнээр хайрыг мэдэрдэг. Эмэгтэй хүн нөхрийнхөө хайрыг түүгээр л мэдэрнэ. Эрчүүд янз бүрийн юм болсныхоо дараа уучлал гуйхаасаа илүү бөгж юм уу, ээмэг аваад ордог шүү дээ. Гэтэл түүнийг эмэгтэй хүн тоохгүй, өөдөөс нь шидэж магадгүй. Харин түүний оронд “Чи тэгэхэд надад ингээд нэг зөөлөн хэлчихсэн бол, тэгээд над руу харчихсан бол би хайлах байлаа” гэж хэлнэ шүү дээ. Гэх мэтчилэн энэ бүхэн чинь дандаа сэтгэлийн юм. Сэтгэлийн юмыг чинь үнэлж болдоггүй. Мэдрэмжээрээ л үнэлдэг.

Р.Энхбат: Тийм учраас хайрыг ширээн дээр тавьчихсан нэг бүхэл юм гэж ойлгож болохгүй. Энэ бол процесс юм. Нэг талаас хөдөлмөр юм, зүтгэл юм гэдэг талаас нь ойлгох юм бол хүмүүс үүнд арай илүү ухамсартайгаар хандах болохоос биш зүгээр л сууж байхад хайр гэж нэг бэлэг ороод ирдэг гэж ойлгож болохгүй.

С.Молор-Эрдэнэ: Түрүүн би хариуцлага гэж хэлсэн. Хариуцлага гэдэг чинь өөрөө маш гоё үг. Хариу барих гэсэн үг. Хариуд нь тэгээд яах юм. Хариуг нь л өгөхгүй бол тэр чинь хариуцлагагүй байна гэсэн үг шүү дээ. Хариугүй хайр гэж байхгүй. Зөвхөн нэг тал нь, нөхөр нь эхнэрээ хайрлаад байдаг, эхнэр нь харин нөхрөө ерөөсөө хайрлахгүй байна чинь өгөө аваа байхгүй байна шүү дээ.

Р.Энхбат: Би нэг зүйлийг дахиад яримаар байна. 40, 50 гарсан эр “Ээжээ, танд хайртай” гээд уйлагнаад явж байна гэсэн шүү дээ. Тэгэхээр бид үүнийг зүгээр л нэг биччих юм бол хэн ч ойлгохгүй, хүлээж авахгүй. Үүнийг яаж монгол хүнд ойлгуулах вэ?

С.Молор-Эрдэнэ: Тэгэхээр ээж хүн хүүгээ бага залууд нь хайрладаг байсан. Харин насанд хүрээд эмэгтэй хүнд хайраа илэрхийлээд, гэр бүл болоод, хүний хүн болоод явахад нь баяр хүргээд, баярын нулимстай үлдэх ёстой. Тэрнээс хойш хүүгийнхээ амьдралд саад болох, ээж нь хүүдээ хайртай гэж ямарваа нэгэн байдлаар л хүүгийнхээ амьдралыг хүндрүүлж болохгүй, баяртай л гэсэн бол баяртай гэсэн үг гэдгийг эх хүн ойлгож байх ёстой.

Хайрыг хуваана гэж байхгүй. Авгайдаа өгсөн хайрын талыг ээждээ өгнө гэж байхгүй шүү дээ. Авгайдаа 100 хувь хайртай байх ёстой. Хайрынхаа 90 хувийг нь ээждээ өгчихөөд, үлдсэн хувийг нь авгайдаа зориулна гэсэн ойлголт байж болохгүй. Тэгвэл тэр бүтэн, жинхэнэ хайр биш. Түүнийг эх хүн бас ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Эх хүн “Миний хүү өөр эмэгтэйд 100 хувь хайртай болоод явлаа, надад хайртай байх тэр цаг нь өнгөрсөн, миний хүү насанд хүрч дээ” л гэж бодох ёстой.

Р.Энхбат: Тэгэхээр ээжийгээ хайрлаж байсан тэр хайр шилжээд огт танихгүй байсан эмэгтэй рүү очиж байна. Маш олон эрчүүд ээж шигээ хүнийг эрдэг. Нас биед хүрээд ээжийгээ “баяртай” гэж хэлж байгаа нь муухай, харгис явдал биш юм гэдгийг л бид зөв ойлгох учиртай.

С.Молор-Эрдэнэ: Ээж шигээ хүнийг эрдэг бол маш аюултай. Ээжийг орлох хүнийг хайж ерөөсөө болохгүй. Авгай бол ээжийг орлож байгаа хүн биш шүү дээ.

Ё.Мөнхтуяа: Гэтэл амьдрал дээр хүүгээ тэгээд явуулчихаж чаддаггүй, байнга хүүхдийнхээ амьдралд оролцож байдаг ээжүүд маш олон шүү дээ.

С.Молор-Эрдэнэ: Тэгвэл тэр хүн хүүгийнхээ, эсвэл охиныхоо амьдралыг баллах үйл ажиллагаа хийж байна л гэсэн үг.

Ё.Мөнхтуяа: Анхны харцаар дурлана гэж ярьдаг шүү дээ. Дурласан хүнээ миний нүдээр хардаг ч болоосой гээд хүнийг бодит бишээр хараад байдаг. Энэ юу вэ. Хайр уу, дурлал уу?

С.Молор-Эрдэнэ: Эрос. Дурлал, тачаал, тэмүүлэл. Эзэмших гэсэн хүсэл. Авах гэсэн, хэрэглэх гэсэн, эдлэх гэсэн, үзэх юмсан гэсэн тэмүүлэл. Тэр бол байна. Байхаас ч өөр аргагүй. Хүний амьдралд тохиолдоно. Тэрийг яаж хүлээж авах вэ гэдэг нь тухайн хүний л асуудал. Болно шүү дээ. Би одоо эндээс гарч яваад танай коридорт нэг охиныг хараад галзуу дурлаж болно шүү дээ. Ямар ч арга байхгүй. Гэхдээ би тэрийгээ өөрөө мэдрэх ёстой байхгүй юу. За би дурлачихлаа. Миний хүнд дурлах чадвар маань байгаа юм байна. Хүнийг мэдэрдэг хэвээрээ байгаа юм байна гэж баярлана. Гэхдээ би насанд хүрсэн, гэр бүлтэй, хүүхэдтэй хүн. Дараа нь юу болохыг би мэдэж байгаа. Энэ хүний араас яваад, танилцаад, нэг газар уулзаад явахад миний амьдралд ямар хор уршиг тохиолдохыг би мэдэж байх ёстой. Яагаад гэвэл би нийгмийн гишүүн. Би хүнд хайртай гэж хэлчихсэн хариуцлагаа бодно. Авгайдаа би хайртай гэчихсэн шүү дээ. Би зүгээр ойд суудаг, нийгэмгүй газар байсан бол харин яаж ч болно.

Монголд хоёр зүйлийг ойлгож байх ёстой. Бид одоо социологийн юм ярьж байна. Гэтэл хөдөө очоод ийм, нийгмийн хайр дурлал ярих хэрэг огт байхгүй. Тэнд социологи биш, этнологи байдаг. Олон зуун жил монголчуудын уламжилж ирсэн ёс байдаг. Тэнд уламжлалаараа хайртай болдог. Нутгийн охин, ажилсаг охин, нуруутай охин… гэж байж хүүгээ түүн рүү татаж хайр үүсгэдэг. Энэ уламжлалт ёсыг буруу, зөв гэх арга байхгүй. Ээж, аавыг нь мэддэг юм, нуруутай юм, багаасаа хамт өссөн юм, энэ нутагт бидний үр удам үлдэнэ, тэгэх юм бол нутаг маань хөгжинө, мал ахуй маань сайхан бойжно гэдэг. Хайрыг, гэр бүлийг ингэж зохиомлоор үүсгэдэг уламжлал одоо ч манайд байгаа.

Ё.Мөнхтуяа: Өнөөдөр бидний нүдэн дээр олны танил хүмүүсээс эхлээд өчнөөн жил хамт амьдарсан эхнэрээ, гурав дөрвөн хүүхдээ хаяад өөр хүнтэй суугаад явж байгаа хүн олон байна шүү дээ. Нийгэм үүнийг “Хайртай болчихсон юм, хөөрхий” гэхээсээ завхай ч гэх юм уу, буруутгах талаас нь илүү хүлээн авч байна.

С.Молор-Эрдэнэ: Зөв. Нэгэнт л тэр хүн “Би чамд хайртай, чамтай хамт амьдарна” гэж тангараглачихаад түүнээсээ няцаж байна шүү дээ. Тангаргатаа хүрээгүй хулчгар эр. Амьдралаас, авгай хүүхэдтэйгээ бүхнийг даваад явах ёстой амьдралаасаа хулчийж байна шүү дээ. Тэр бол хулчгар хүмүүс. Өөр ямар ч нэрлэгээ байхгүй.

Р.Энхбат: Бид энэ яриагаараа нийгмийн сэтгэлзүйд гүн бат тогтчихсон хуучинсаг үзлийг шинэчлэх, ямар зүйл рүү явж байгааг тайлбарлаж ойлгуулах алхмыг л хийж байна гэж ойлгож байна.

С.Молор-Эрдэнэ: Бидний яриа явсаар байгаад одоо нэг багц болж эхэлж байна шүү дээ. Хайр гэдэг бол хүний сэтгэлийн юм. Гэтэл нийгэмд энэ чинь хариуцлага болдог юм байна. Ингээд явсаар байгаад хайр гэдэг эцсийн эцэст хөдөлмөр болж байгаа байхгүй юу. Амьдралын хайр гэдэг бол хүний хөдөлмөр. Их хөдөлмөрлөсний эцэст сая хайр гэдэг юм чинь жинхэнэ утгаар бүтэж байна шүү дээ. Хөдөлмөрлөхгүй бол хайр бүтэхгүй. Зүгээр ганц оройны юм уу, нэг шөнийн юм болоод л өнгөрнө.

Манай авгай Германд байхад надад нэг удаа “ Одоо ингээд Монголд очихоор залуу хүүхнүүд чам руу хандана даа, чи ч бас..” гэх маягийн үг хаяхгүй юу. Тэгэхээр нь би хэллээ. “За боль, би хорин хэдэн жил нөр их хөдөлмөрлөж байж энэ хайр, энэ гэр бүл, энэ амьдралыг босгож ирчихээд, үүнийг устгаад дахиад хүн рүү явна гэвэл надад дахиад хорин жилийн хөдөлмөр хэрэгтэй болно. Тэр хүнтэй чинь би дахиж нэг хайр болж, дахин нэг хайрын амьдрал үүсгэх хэрэгтэй болно шүү дээ. Тийм болохоор энэ их нөр хөдөлмөрөө би хэзээ ч орхихгүй” гэж хариулсан. Хүмүүс харин хорь гуч, арав хорин жил амьдарсан эхнэрээ, хүүхдүүдээ орхиод өөр хүн рүү явдаг байхгүй юу.

Р.Энхбат: Яагаад?

С.Молор-Эрдэнэ: Яахав, тухайн үед тачаалдаа баригдаад, нөгөө хариуцлагаа мартаад явдаг байхгүй юу.

Р.Энхбат: Хөдөлмөрлөөгүй хүн явдаг байх.

С.Молор-Эрдэнэ: Үгүй, хөдөлмөрлөсөн хүн ч явна. Тэгээд шинэ амьдралд очоод дахиад хорин жил хөдөлмөрлөх юм байна гэдгээ ойлгодог. Түрүүчийн хорин жилийн хөдөлмөрөө сая ухамсарладаг байхгүй юу.

Ё.Мөнхтуяа: Аан, тэгээд л хуучин гэр бүл дээрээ буцаад ирдэг юм байна шүү дээ.

С.Молор-Эрдэнэ: Тэгэхгүй яах юм бэ. Тэгж их хөдөлмөрлөчихсөн юм чинь. Өөрийнхөө бүтээл рүүгээ буцаж ирж байгаа байхгүй юу. Энэ чинь миний бүтээл байсан юм байна. Амьдрал гэдэг чинь хүний бүтээл юм байна. Хөдөлмөр, нөр их хөдөлмөр юм байна гэдгийг ойлгож байгаа хэрэг. Залуу хүүхэнтэй суугаад ерөөсөө хэрэггүй. Яахав, долоо хоног хоёулаа сайхан байж болох л юм. Харин амьдарна гэдэг бол өөр. Эр хүн нэг хүүхэнтэй янз бүрийн юм болоод нэг шөнийг өнгөрөөх бол тухайн үеийн тачаал, хяналтаа алдсан уу яасан, тархин дотор нэг балай юм болоод өнгөрсөн хэрэг. Тэр бол яахав. Явалдах гэж нэрлэдэг шүү дээ. Авгайдаа баригдвал хохь чинь, баригдахгүй бол яая гэхэв, мартахаас өөр аргагүй. Гэр бүлээ орхиод, дахиад шинэ гэр бүл үүсгэнэ гэдэг бол илүүц.

Ё.Мөнхтуяа: Ёстой илүү зан гэж үү?

С.Молор-Эрдэнэ: Илүү зан. Яагаад гэвэл би авгайгаасаа салаад явахад миний авгай ямар байдалд үлдэх вэ. Үүнийг тэр хүн тооцоолж байна уу. Нийгмийн дунд тэр хүний нэр хүнд яахав. Хүний өөдөөс эгц харж чадах уу, чадахгүй юу. Би өөрөө өөр хүнтэй амьдраад явчихлаа. Энэ нийгмийн дотор биеэ яаж авч явах вэ. Хүний өөдөөс эгц харж чадах юм уу. Энэ бүгдийг тэсч үлдэх тэр их мөс миний зүрхэнд байна уу. Тэгж чадах юм бол ёстой хөлдүү зүрхтэй хүн. Би бол тэгж чадахгүй. Ганцхан амьдрах энэ амьдралын өмнө би нэгэнт хариуцлага хүлээчихсэн. Хариуцлагаасаа шантрах юм бол “Уучлаарай, би ийм хулчгар, новшийн амьтан шүү дээ” гээд л зугтах байх даа.

Ё.Мөнхтуяа: Гэтэл энэ амьдралд төрүүлсэн хүүхдүүдээ эцэгт нь орхиод өөр хүн дагаад явчихдаг эмэгтэй олон байдаг шүү дээ.

С.Молор-Эрдэнэ: Тэгвэл ёстой толгой нь эргэчихсэн байна. Эх хүнийхээ хариуцлагаас зугтааж байна шүү дээ. Хаяад явах байсан юм бол яах гэж үр хүүхэд төрүүлсэн юм. Аавгүй, ээжгүй хүүхэд өснө гэдэг бол нийгэмд тохиолдож байгаа эмгэнэлт явдал. Ёстой цовхчоод гүйж явах насандаа, аавынхаа цээжинд үсрээд тэврүүлэх, ээжийнхээ зөөлөн гараар толгойгоо илүүлж өсөх шиг жаргал хүнд байхгүй шүү дээ. Энэ хоёрыг л эдэлж үзээгүй хүн бол цаашаа хайрыг дамжуулах эх үүсвэргүй болчихож байгаа юм. Хүн төрөхдөө хайр сэтгэлийг авч төрдөг, түүнийг эх, эцэг бэхжүүлж, дэмжиж өгдөг. Бэхжүүлж, дэмжихгүй бол хайрын тэр дөл зүрхэнд нь унтарчихаж байгаа юм. Хайр бол амьдралын хамгийн универсальний, дээдийн дээд, маш хүндэтгэлтэй, эмзэг сэдэв шүү дээ. Үүнээс дээд сэдэв гэж байхгүй. Хайрын дээр бурхан ч гарахгүй. Нийгэмд үнэт зүйлс байдаг гээд тэр үнэт зүйлсийг жагсаахад хамгийн дээр нь хайр байна.

Р.Энхбат: Бид өөрсдөө үлгэр жишээ болчихсондоо хайрын тухай яриад байгаа юм биш, бас мэдэмхийрч байгаа ч юм биш. Бид ч гэсэн алдаж онож явсан, гэхдээ ингээд амьдралын тодорхой үе шатанд хүрээд ирэхээр үнэхээр хүн ёсоор амьдрах нь хамгийн гоё юм байна аа гэдгийг ойлгож чадаж байгаадаа би өөртөө баярлаад байна. Тэрнээс биш төрснөөсөө эхлээд бүх л цаг үеийн туршид нэг их гоё, үлгэр жишээ хүн явсаар байгаад энд ирсэн юм биш. Зөвхөн амьдралын амт шимтийг олж авсандаа баярлаж, бас орчин тойрныхныгоо үүнийг ойлгоосой гэж хүссэндээ ингэж ярьж байгаа юм. Амьдрал бол нэг цул, бүхэл юм биш, маш олон үе шаттай юм. Тэр үе шатыг давж туулж явахдаа амьдралын жинхэнэ амт шимтийг хүртээсэй. Үүнийг ойлгож байгаа хүн ч бий, харин ойлголгүй явсаар насыг барж байгаа хүмүүсийн төлөө би харамсаж байна.

Хоёулаа хайраа зүлгэж, өнгө оруулъя

Энэ ярианы дараа би өнөө учраа олохгүй янз бүрээр, тэгэхдээ бусдын тухай бичиж байсан бичлэгээ бүгдийг устгаад дахин шинээр эхэллээ. Хол, ойрын олон хүний хайрын түүхээр жишээ татаж, өөрөө нэг их хайрын тухай мэддэг хүн зөвлөж байгаа маягаар бичиж байсан бүхнээ устгаад өөрийн сэтгэлийн үнэнээ дэлгэхээр шийдсэн минь дээрх эхлэл. Өглөө жаахан таагүй хандсан нөхөр рүүгээ утас цохиж “Би хайрын учрыг сая л нэг оллоо. Хоёулаа хайрынхаа төлөө хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна” гэлээ. Хань минь инээгээд “Тийм үү. За орой эртхэн ирээрэй” гэж байна. Сэтгэл дотор байсан бөөн хар юмаа аваад хаячихсан юм шиг сайхан санагдаж, өрөөнийхөндөө “Би хайрын учрыг олчихсон хүн” гэж бардамналаа. Редакцийнхан маань намайг өөрийнхөө сэтгэлийн “нууц”-ыг бичиж байгааг сонсоод зарим нь айж “Болж байгаа юм уу, сэтгэлийн хөдлөлөөр хандаж байгаа юм биш биз. Сэтгүүлийн нийтлэлээс болж гэр бүлийнхээ дунд үл ойлголцол үүсгэв ээ” гэж чин сэтгэлээсээ болгоомжиллоо. Харин би энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр биш харин чин сэтгэлээсээ хандаж байгаагаа мэдэрч байна. Бас дээр нь бидний бичиж байгаа сэдэв бүхэн яг амьдралын, час халуун үнэн байгаасай гэж хүсдэг. Бид бичиж байгаа бүхнээрээ амьдралын үнэнийг өчиж, тэгснээрээ хүмүүсийг сэтгэл доторхоо дэлгэж, харилцан ярилцаж, буглаад, бугшаад байгаа асуудлуудаа хамтдаа шийдэх, үгүй ядахдаа хамтарч байж ойлгох соёлд суралцуулах “том” зорилго өвөртлөөд байгаа улс. Магадгүй энэ “Цаг төр”-ийнхөн чинь галзуурчихаж, нэг нэгээрээ “долоон булчирхайгаа” дэлгээд гэж /Түрүүчийн дугаарт №12/ манай сэтгүүлч Р.Оюунжаргал монголчуудын зээлд барьцаалагдсан амьдралыг өөрт тохиолдсон гашуун жишээгээр зоригтойгоор гаргаж бичсэнийг уншсан бол / хэлэх нэг нь байгаа л байх. Бид заавал өөрсдийнхөө тухай бичнэ гэж ярилцаагүй ч нийгмийн сэтгэлзүйг нээлттэй болгох зорилгоо нэг талаар өөрсдөөсөө эхэлж байна гэж би хувьдаа олзуурхаж сууна.

Бидний нүүдэлчин өвөг дээдэст сэтгэлийн нарийн нандинаа ярилцаж суух цаг зав, хүсэл сэтгэл тэр бүр байсангүй бололтой. Тэр нь явсаар бидэнд өвлөгдөөд үлдчихэж. Гэтэл бид чинь ХХI зууны, даяаршиж буй дэлхийн иргэд. Мах цусны маань тасархай малаа маллаж, нүүдэллэн амьдарсаар байгаа хэдий ч ихэнхи маань суурин амьдрал руу эргэлт буцалтгүй татагдаж, энэ жаахан хот маань зорин ирэгсэдээ шингээж чадахгүйд хүрээд байна. Эзгүй хээр, исгэрэнхэн байж малаа дагаж байгаа биш, хотын амьдралд дасаж, хотжиж, соёлжиход цаг алдалгүй суралцах цаг болжээ. Нэгэнт эзгүй зэлүүд хээр талд ганц гэрээрээ байгаа биш, сая хүнтэй хотод ажиллаж, амьдарч байгаагийнх алхам тутамд хүнтэй харилцах зайлшгүй шаардлага тулгарч байна. “Би гүндүүгүй сайхан монгол эр ээ” гээд хаа таарсан газраа бие засаад, хүү, хаа болж, нусаа нийгээд, дуртай газраараа зам гарч, хайрлаж байгаа нь энэ гээд хаа нэг үзэгдэж, хэдэн төгрөг шидчихээд, архи уугаад, зугаалаад байх уу. Бодох, бас суралцах цаг болжээ.

Бид яагаад хайр сэтгэлийнхээ төлөө юу ч хийдэггүй юм бэ

Хайрын тухай бичиж байгааг минь сонсоод надад олон хүн хандсан. Тэдний нэг, 40 гаруй насны эмэгтэй Эрих Фромын “Хайрын амт” номыг барьж ирэн “…Хайр дурлал шиг тийм их өндөр итгэл найдвараар эхлээд заавал сүйрэхэд хүрдэг ямар нэгэн ажил, үйл ажиллагаа байдаггүй биз…” гэсэн хэсгийг гаргаад “Хүмүүс бизнесийн ч юм уу аливаа ажил үйлс нь бүтэмжгүй болоод ирвэл хамаг оюун ухаан, хүч чадлаа дайчлан түүнийг аврахыг хичээдэг шүү дээ. Гэтэл хайр дурлал нь харсаар байтал мөхөж, сөнөж байхад юу ч хийлгүй, зүгээр л хараад суудаг гэдгийг энд бичжээ. Ялангуяа, миний насныханы дунд тийм мөхсөн хайр сэтгэлтэй, аар саархан зүйл ярилцсан болж өдөр хоногийг өнгөрөөж байдаг гэр бүл олон бий. Үүнийг сайн ойлгуулж бичиж өгөөрэй” гэлээ.

Нээрээ, бид яагаад бусад зүйлийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ ч дэнчин тавиад өдөр шөнөгүй зүтгэж чаддаг байж, хүний амьдралын хамгийн үнэт зүйл хайр сэтгэлийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөлгүй зүгээр харж суудаг юм бэ.

Хүүхнүүд хоорондоо “Нөхрөө хэн нэгэн өөр хүүхэнтэй унтаж хоноод ирснийг мэдвэл нэг удаа уучлаад өнгөрөөж чадах л байх. Харин өөр бүсгүйд хайртай гээд хэлчих л юм бол ёстой газар цөмөрч, галав юүлсэн хэрэг болно. Надад нэгэнт хайргүй болсон хүнийг хажуудаа яаж уях билээ. Хичнээн хүүхэдтэй байсан ч тэднийгээ чирээд холдохоос өөр аргагүй” гэж ярьдаг. Би ч бас тэгж боддог байлаа. Харин одоо бол үгүй шүү. Хэн нэгэнд хайртай гэснийх нь төлөө би өөрийнхөө хайрыг зольж, хүүхдүүдээ өнчрүүлж, олон жилийн “нөр их хөдөлмөрөө” үгүй хийж, өөр хүүхэнд нөхрөө өгчихөөд хормойгоо чирээд, уйлаад хоцрох юм гэж үү. Үгүй дээ, харин өөр хүүхэнд хайртай болгохгүйн төлөө, хайрынхаа төлөө би хожимдохоосоо өмнө хичээл зүтгэл гаргаад эхэлчихсэн.

Хайраа мартахгүй…

Сэтгүүлийн маань гол сэдэв хайрын тухай гэдгийг сонсоод манай редакцид 10 гаруй жилийн өмнө авч байсан хайрын захидлаа барьсаар нэгэн бүсгүй ирсэн юм. Нэрээ хэлэхээс ичингүйрсэн тэр бүсгүй анхны, гал халуун хайртайгаа учраад 19-хөн хонож байхдаа бие биедээ захидал бичсэн тухайгаа ярьж, бид хоёрын захидал яг адилхан байсан юм шүү. Бид тэр үед хорвоогоос удтал эрж хайж байсан зүрх сэтгэлийг тэтгэн дүүргэгч цор ганц хүнээ олчихлоо гэж баярлан дуу алдаж байсан. Гэхдээ тэр хайр минь бүтээгүй ээ. Сэтгэлд минь хайрын дурсамж, гарт минь энэ захидал л үлджээ. Нийтлээд өгвөл баярлана гэлээ. Зузаан юмны дотроос нэвт гэрэлтэх зөөлөн туяа шиг хайрын энэ захидлыг бид олзуурхан хүлээж аваад бүрэн эхээр нь хүргэж байна.

“Здравствуй, милая. В тихом сумраке ночи стою я перед окном и гляжу в бесконечную звёздную высь январского неба. Стою и мечтаю, мечтаю и думаю, думаю о тебе. Как-то не верится, что мы с тобой знакомы лишь 19 дней. За эти неполные 19 дней ты мне стала такой близкой и родной. Мне кажется, будто мы знакомы очень и очень долго. До встречи с тобой дни мои продолжались однообразно и скучно. Душа мятежно бодрствовала, а сердце в поисках идеала странствовала в бесумных завитках дыма, заполняющего мой ум. Теперь же пустота в душе наполнилась чем-то хорошим, добрым, необъяснимо прекрасным и умиротворяюще чувственным. Пока. 1998-1-17

Хэтэрсэн хайр

“Эх, үр хоёрын хайр гэдэг яг л нэг модноос ургаж , хоёр тийшээ аажмаар салаалан холдож байгаа мөчир шиг. Хүүхэд өсч томрох тусам эх, үр хэмээх хоёр мөчрийн хоорондын зай холдох учиртай. Хорвоогийн жам уг нь тийм юм. Хүү мөчир, эхийн эсрэг зүг тэмүүлж ургах явцдаа өөр нэг эсрэг хүйсийн, тэгэхдээ өөрийн бие махбодь, сэтгэл санаанд дүйж нийцэх өөр нэг мөчрийг олж, нэгдэн нийлдэг. Эндээс шинэ амьдрал эхэлнэ. Хүү мөчир эх мөчиртэйгээ биш, харин урд өмнө хэзээ ч харж байгаагүй, танихгүй тэр мөчиртэй нэгдэн нийлж, хос хоёр бүх эд, эс, сэтгэл санаагаараа нэгэн бие болон цогцлох ёстой”.

Монголчууд бид эх үрийн хайрыг хамгийн эрхэмд тооцон, энэ тухай дуу, шүлэг олныг зохиосоор ирсэн. Эхийн хайрыг зүйрлэх аргагүй, бас эхээ гэх үрийн сэтгэлийг ч хорих ёсгүй байх. Гэлээ гэхдээ энэ хайр зарим талаар бодит амьдралд ямар нэгэн байдлаар тээр тушаа, бүр саад тотгор, аймшиг болдог гээд биччихвэл уншигч та намайг лав хэдэн хэсэг “тасчих” байх. За, яадаг ч бай хамаагүй, би энэ тухай олон хүний санаа бодлыг сонссоноосоо дуулгахаар шийдлээ. Та Солонгосын “Хадам ээж” гэдэг киног үзсэн үү. Яг тэр киноны ээж шиг хүүгээ бэрээсээ харамлан аймшигтай загнадаг эхийг яг амьдралд хэлж мэдэхгүй ч түүнээс дутахгүй хүүдээ “хайртай” ээжүүд захаас аван байж л байдаг. Хадам ээжийнхээ хэт их “хайрыг” тэсч давж чадалгүй бяцхан охиноо тэврээд нөхрөөсөө салсан найз бүсгүйн маань яриа:

  – Би хүний ганц хүүд ухаангүй дурлаж, тун удалгүй нэг гэртээ орсон юм. Бид хоёр бие биедээ үнэхээр хайртай. Бүх юм шинэ, ёстой халуухан дээрээ байсан болохоор бид байнга орондоо хамт байж, юм л бол тэврэлдээд жинхэнэ жаргал гэгчийг эдэлж байлаа. Гурван өрөө байрны том өрөөнд нь би хайрттайгаа, жижиг өрөөнд нь манай нөхрийн охин дүү, ээж хоёр амьдардаг байсан юм. Хадам ээж болох хүн маань залуудаа хоёр хүүхдээ аваад нөхрөөсөө салсан юм билээ. Хүүдээ их хайртай. Ганц амь минь л гэнэ. Бид хоёрын жаргал эхлээд удаа ч үгүй байтал миний төсөөлөө ч үгүй аймшигт амьдрал эхэллээ. Тэр ээж юм л бол бид хоёрын өрөөний үүдэнд сэм чагнаж байгаад надтай олон удаа халз тулгарах болсон. Би эхлээд учрыг нь ч олохгүй гайхдаг байлаа. Гэтэл удаа ч үгүй надтай гал тогооны өрөөнд ч юм уу хаа нэгтэй хоёулхнаа таарвал бүр байж ядан үзэн ядаж байгаагаа илэрхийлж, энд тэндээс минь чимхэж, базаж “Зайлаач чи, зайлаач” гэж шивнэх болсон гээд бод доо. Хүүдээ мэдэгдэхгүй гэж тэр шүү дээ. Харин хүүгийнхээ хажууд бол намайг “Алив, миний охин” гэж ирээд сүйд болно. Би энэ мэт байдлаас сүүлдээ үнэнээсээ айж эхэлсэн. Ойлгож ч чадаагүй. Бага залуу байсан болохоор хэлж зөвлөөд өгөх хүн ч байгаагүй. Нөхөртөө цухуйлгасан ч тэр огт итгээгүй. Тэгээд охин мааань төрөөд ой ч хүрээгүй байхад нь би нэг л өдөр “Энэ аймшигтай авгайд алуулахаасаа өмнө..” гэж бодоод тэр гэрээс зугтаачихсан юм даа. Нөхөр маань надаас илүү ээждээ хайртай болохоор тэндээ үлдэж, би охиноо амандаа зуухаас холгүй өсгөсөөр бараг арваад жил болж байна.

  Хайрын тухай уншигч тантай хэрэг болгон ярилцсанаа энэ удаа өндөрлөе. Нийгмийн, хүний хамгийн үнэт, хамгийн эмзэг, хамгийн дээд сэдэв. Энэ тухай яриа дуусч, , дундаршгүй. Харин ярилцалгүй, тоолгүй, битүү, хатуу яваад байх юм бол хос хоёрын хайрын харилцаа мөстөж, гэр бүлийн амьдрал, цаашлаад нийгмийн харилцаа мөхөж, сүйрэхэд хүрнэ. Бид нийтлэлээрээ хайрлах жор зохиох гэсэнгүй, харин зүрх сэтгэлдээ хайр тээж төрдөг, хосгүй заяат хүн бид хайрлаж, хайрынхаа төлөө хөдөлмөрлөж сураасай гэдгийг бага ч болов ойлгуулахыг хүслээ.

Миний амьдрал хаана байна аа

Редакцид захидал иржээ. “Би 40 гарсан эр хүн. Хөдөө нутагт, хэдэн малаа бараадан амьдардаг. 20 гаруй жилийн өмнө эхнэр авч, дөрвөн ч хүүхэдтэй болсон. Хөдөөгийн бид чинь эцгийн гэрээс өрх тусгаарлан, эхнэр авсан ч аавынхтайгаа хаяа хатган амьдарч, эцэг эхийнхээ ач тусыг хариулна гэж амьдардаг улс. Би ч бас тэр л жишгээр амьдарсаар ирсэн. Одоо эргээд харах нь ээ миний амьдрал гэж хаана, юу байгаа нь мэдэгдэхээ больж. Насаараа аав, ээжийнхээ үгээр амьдарч, нас дээр гарсан тэднийгээ орхиод хот хүрээ нүүж ч чадахгүй, ингэж тэгсхийсэн амьдрал. Муу эхнэрээ өрөвдөх юм. Надтай суусан тэр цагаас хойш надаас гадна миний аав, ээж, ах дүүсийн эвийг олох гэж үйл тамаа үзэж яваа амьтан…” гэж захидалд бичжээ.   Дээрх захидлыг уншаад өөрийн эрхгүй сэтгэл өвдөв. Эхнэр нөхөр хоёрын амьдрал бусдын /ав, ээж, ах дүүсийн/ амьдралтай хутгалдаж, хоёр биеэ хайрлах биш, бусдын ая эвийг харсан тийм л нэг замаар энэ хорвоог туулж явна. Яг үүн шиг хичнээн монгол хүн хайрын амтыг мэдэрч чадахгүй, амьдралын салхинд “уруудаж” яваа бол.

 

Соён Гэгээрлийн ЦАГТӨР сэтгүүлийн архиваасчехол для iphone 3gs купитьhigh end escort agenciesбизнес кредиты статьибиметаллические радиаторы москва


Ийм сайхан хайртай учирчихаад үхчих вий дээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Fuuuuuuuuuuuckcccckkk Огноо: 17 October 2013 Reply

Ene odoo yamar olon doloon yum soliordog shaar ve Odoo buur shaal durgui hurchlee Zugeer l hairlaachdee Hair bol setgel medremjiin zuil bolohoos rational zuil bish Ene neg haltar yum yum ruu uschij demiirch balairahaa bolivol taarna Odoo bur mgl philosophich bolchihojee Ter chigeeree baruunii yumand shutchihsen yum baijeej

Нэр: uugii Огноо: 17 October 2013 Reply

fuuuuuccckkk-d chi ch bas ger bul ur huuhdee zawhai zangaasaa bolj hayasan erguu nowshnuudiin 1 yum bn tee

Нэр: Zochin Огноо: 17 October 2013 Reply

Ene philosopch gj nuhur sn medehgui bj shan burjee, arai bs hamaagui ingej yrij, tuuniig ni tanai setguul bichij bolohguieeee!!!! 50 nast zaluu eejdee hairt geed uilj bolohgui ni uuu, ugui blguidee… harin ene bol jinhene hair bhgui yu… uneheer so niitlel bolson bn… ter sudalgaa ene ter ni ch gsn

Нэр: zochin Огноо: 17 October 2013 Reply

estoi teneg nitlel bn ehige hairlah hair uur negnig hairlah hair jin hair gsn uhagdahun dor tsug bga bolhos unendee bol 2 uur tuil. tgd ch odoo barag 50, 60 hurj bga humus zaluu hunii untsgus harj chadhuu. johon l zuil setgeld ni dursamj bolj uldsen bga bolhos yag odoo bga medremj ter chigtee hezee ch uldehgui l bhgui yu uneher uchir dutagdaltain.

Нэр: zochin Огноо: 18 October 2013 Reply

ger buldee 100% zoruilax yostoi gesen sanaag gargax geed arai l xetruulj bichsen bna. hairiig yaj xuleej avch yavax ni hun buriin xuleen avax chadvaraas l shaltgaalna. xunii anhaaral tatax gej bichsen niitlel bna. ugui bol ene hun ooroo eejiin hairiig uzeegui hun bna gej l dugnej bna,

Нэр: Anonymous Огноо: 18 October 2013 Reply

Bichsen hun ni uurtuu l taaruulj dee. Heleh ug ch alga

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.