“Баясгалантай сайхан” баярлуулж чадав

1393586_518461241578994_979045714_n7666670132013-10-07-10-11[www.urlag.mn]Хүн ямар нэгэн зүйлийн төлөө зорилт тавьж, түүнийгээ биелүүлэхийн төлөө далдын хүчээ зарцуулдаггүйсэн бол амьд байхын хэрэг юу билээ. Магадгүй хүн бүр өмнөө зорилго тавьж амьдардаг тулдаа дэлхий дээрх долоон миллярд “дохуу” толгойтонууд өөр хоорондоо ялгардаг байх л даа.   Нэрт зураач Леонардо да Ванчи “Нэг л өдөр би энэ хорвоо дээр хэзээ ч байгаагүй суут зураач болно” хэмээсэн нь түүний ирээдүйн суу бүтээл төрүүлэх даль жигүүр нь ч байсан байж болох. Эс бөгөөс тэрбээр дээрх ганцхан өгүүлбэрийг ам бардам хэлээгүйсэн бол хэн ч бишээр үхэх байсан байж ч мэдэх. Гэвч өөрийн сайн мэдэхгүй суутнуудын тухай олон үг ярьж олон хүний толгой эргүүлэхээ больё. Гэхдээ л би энэ бүсгүйн ирээдүйн зорилгыг тайзны “булангаас” харах бүрийдээ анзаардаг юм. Мөн хэтэрхий “өөриймсөг” байдлыг цээжний гүнээс нь олж мэдэрдэг юм. Тэгээд ч манай оронд нийтийн болон богино дууны “ертөнц” өөрөө маш хүчтэй хийгээд ашигтай “бизнес” байсаар ирсэн. Тийм ч учраас орчин үед зөвхөн морь малны тухай дуу дагнан дуулж ашиг олдог нэгэн байхад зарим нь ариун хайрын сэдэвт дуунаас зөвхөн бүтэлгүй хайрыг нь сонгон авч дуулдаг болов. Өмнөх үеийн алдарт уран бүтээлчийг хуулбарлаж, ялгахын аргаггүй адилхан дуулахыг оролдох зэрэг бол бүр утгаа алдаад удаж байна. Энэ мэт хэтэрхий хэлбэр хөөсөн он жилүүд цаашид ч энэ салбарт улам цэцэглэх нь мэдээж. Гэвч ухаан муутай мань мэтийн толгой эргэж самуурахаар бөөн хэлбэр шүтэгчид дундаас тод ялгарах ил нууц түүнд хангалттай байдаг мэт бодогдоно.  Уг нь энэ бүсгүй надад ямар нэгэн зүйлийн өргүй. Тийм байх шалтгаан ч одоогоор байхгүй.

Гэхдээ л би түүнээс өөрийн эрхгүй ямар нэгэн зүйлийг тэсэн ядан хүлээдэг болоод уджээ. Цөөн үгээр хэлбэл “Сэтэрт тал” нэртэй уран бүтээлийг нь амаа ангайж, чих тавин сонссон цагаас хойш…Урлагийн боловсрол нимгэн, энэ талын мэдрэмжийг хүлээж авах цар хүрээ багатай надад түүний уран бүтээлүүдээс хамгийн эхэнд сэтгэл ханхийдэг юм. Ийм л сэтгэл уран бүтээлч хүмүүнийг эгнэшгүй сайхан бүтээл туурвихад нь хөтөлдөг нь угаас батлагдсан зүйл. Тийм ч учраас хорвоо дэлхий дээр бүтээгдсэн бүхий л гайхамшиг зөвхөн сайхан сэтгэлээр бий болсон ажээ. Бас “цус оройтсон”, “чадалгүй бацаануудаар дүүрсэн” гэх зэрэг нийтийн дууны салбарыг тойрсон зөв буруу нь үл мэдэх олон тодорхойлолтоос энэ бүсгүй огт ангид байх шалтгаантай ч юм шиг бодогддог. Ийм байх нөхцлийг нь харин миний мунхаг ухаанаар бол мэргэжлийн өнгө аяс давамгайлсан “Даяарын амгалан”, “Ижий зөн”, гэх мэт хэд хэдэн дуу нь түүнд бүрдүүлж өгчээ. Энэ бяцхан дүгнэлтээ би түүний анхны бие даасан тоглолт болох “Баясгалантай сайхан”-аар улам баталгаажуулсан.

Үнэндээ манай улсын зохиолын дуучны тоглолт, тэгээд бүр анхных нь цэнгүүн ийм сайхан болдог гэж ёстой зүүдлээч үгүй явлаа. Даанч тэр сайхан уур амьсгалыг одонгоос өөр олигтой зүйл бодож олохгүй болтлоо мухардалд орчихсон Соёлын яамнаас “Соёлын тэргүүний ажилтан” гэдэг алдарт тэмдгээ хүнээр дайж илгээгээд “бусниулчихсан”. Анхны тоглолт бүр дээр нь хэнд ч хамаагүй энэ тэмдгээ зүүж өгдөг базаахгүй уламжлал нэгэнт тогтсон тухай танхимаар нэг яриа болсон. Нээрээ ч хамтарсан болон бие даасан кино концерт хийчихсэн байхад нь, эсвэл анхны тоглолтынх нь маргааш өдөр нь худлаа үнэнч гэсэн дүгнэсэн дүр эсгээд яагаад гардуулж болоогүй юм бол. За энэ ч яахав, төр засаг одон тэмдгээр дамжуулан уран бүтээлчдэд ивээлээ хайрладаг шинэ тогтолцоонд шилжсэн гэж үзье. Тэгвэл яагаад ардын дууг хүртэл П.Адарсүрэнгийн, А.Түмэндэмбэрэлийн гэж хамаатуулдаг болсон тухай дахиад л бодох шаардлагатай боллоо. Хамгийн эхлээд онцлох зүйл бол тэд урлаг, уран зохиол арилжааны хэлбэрийг чанд хатуу баримтлах нь тун бага байсан цаг үед төржээ. Дараа нь тэд яг л өнөө цагийн шилдэг дуучин болохыг нь хүн бүр батлах болсон энэ бүсгүйн сэтгэлээр уран бүтээлдээ ханддаг байжээ. Өөрөөр хэлбэл дуу гэдэг цогц зүйл дээр сэтгэл гэдэг хачраа нэмж, өөрийгөө олсон байх юм. Үүнээс илүү тодорхойлолт үнэндээ мань мэтийн сэтгэгдэл бичигч “жаалуудаас” гарахгүй гэдгийг урлагийн мастер болсон өндөр дээд эрхмүүд ойлгож байгаа гэдэгт найднам. Тэгвэл урлагийн салбарт хийсэн бүтээснээр нь бус, гадаад дууны тэмцээний шүүгч хийж, хүүхэд загнадаг гэдгээрээ илүүтэй танил болсон нэгэн эрхэм одоогоос их биш хугацааны өмнө “Урлаг бол дэлхийд зэвсгийн наймааны дараа ордог ширүүн бизнес” гэж тодорхойлжээ. Тэгэхээр бизнесийн салбар хэдий харгис ч гэлээ үүнд зайлшгүй чин сэтгэл хэрэгтэй болж таарч байгаа юм. Гэвч Б.Галсансүхийн хэлдгээр “Сэтгэл гэдэг эрхтэн”-ээ өнөө цагийн уран бүтээлчид цэцэг ургах зайгүй болсон миний хотын яг альхан зайд гээчихсэн юм бол гэсэн бодол нуултгүй хэлэхэд телевиз үзэх, хөгжим сонсох бүрт тархин тушаа харван орж ирдэг л юм.

Д.Ганбаатар
Үнэн.мн

Манай сайт таалагдаж байвал Like дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.