Ном, кинон дээрх үлгэр мэт түүхийн эзэн Баварийн гүнж Элизабет бидний цэнхэр дэлгэцээс мэдэх жаргалтай амьдралыг туулаагүй юм.
Баварийн гүнж Элизабет Амалия Евгений буюу Сисси 1837 оны 12.24-нд Германы Мюнхен хотод мэндэлжээ. Тэрээр Баварийн гүн Максимлиан Жосеф, Баварийн дээдсийн гүнж Мари Людовика Вильгелмин нарын 10 хүүхдийн 4 дэх нь юм. Сисси ээж болон 18 настай эгч Хэлений хамт үеэл ах, Австрийн залуу эзэн хаан 23 настай франц Жозефтэй уулзахаар Ишлийг зорьсон нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Хэлентэй гэрлэх ёстой байсан ч Франц үзэсгэлэнт Сиссиг сонгосноор залуу хос 1854.04.24-нд Вена хотын гэгээн Августины сүмд хуримласан байна. Хожим Сисси тэмдэглэлийн дэвтэртээ үеэл ахынхаа гэрлэх саналыг хүлээж авсандаа насан туршдаа харамссан гэж бичжээ. Сисси гэрлэсэн даруйдаа Софи /1855/, Жисела /1856/ гүнж нараа болон угсаа залгамжлах Рудольф /1858/ хүүгээ төрүүлэв. Ууган охин нь 2-хон настайдаа өөд болсонд Францын ээж Софи Сиссиг буруутган хүүхдүүдий нь өөр дээрээ авсан нь Сиссиг дээдсийн амьдралаас хөндийрүүлэв. Ан амьтан, аялал зугаалга, яруу найргийг ташаадаг байсан хатанд албархуу нөхөр, хахир хадам ээжтэйгээ хамт байх амаргүй байв. Хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж чаддаггүйдээ шаналж гунихдаа морь унаж, ой хөвчөөр зугаалан сатаардаг байлаа.
Гоо сайхандаа онцгой анхаардаг Сисси түүхий махны шүүс ууж, жимс ногоохноор хооллодог байсан гэдэг. Бараг жил дараалан 3 хүүхэд төрүүлсэн ч Сисси бэлхүүснийхээ тойргийн хэмжээг 50см-с илүүгүй байлгахыг хичээдэг байв.
1860 онд Сисси хүндээр өвдөн Вена хотыг орхихоос аргагүйд хүрсэн нь нөхөр хүүхдүүдээс нь бүр ч хөндийрүүлэв. Уушгины эмгэгээс болж Португалийн Мадейрад эмчлүүлсэн залуу хатан Вена руу буцсан ч удалгүй дахин чилээрхэж Грекийн Корфу арлыг зорьжээ. Илааршсан Сисси Австрид эргэн ирэн нөхөртөө Унгар Австрийг нэгтгэхэд туслав. Ингээд 1860 оны 06.08-нд Франц Сисси 2 Унгарийн хаан, хатнаар өргөмжлөгджээ.
Энэ явдлаас сарын дараа дээдсийн гэр бүл 4 дэх хүүхэд болох Мари Валерияг угтаж авсан юм. Мари Валерия ээжийнхээ хамгийн хайртай хүүхэд нь байлаа. Харин Францын ээж охиныг өсгөхөөр болсонд Сиссигийн тэвчээр барагдаж, хатны жаргалтай өдөр төгсөв. Нөхрөө жүжигчин Катарина Шраттай дотно харилцаатай болсныг мэдсэн Сисси ордноос бүр мөсөн холдохоор шийджээ.
Олон жил язгууртны ээдрээтэй амьдралаас зайлсхийж, аз жаргалгүй гэрлэлт, нэгэнт хөндийрсөн хүүхдүүдээсээ хол байсан хатан хааны Венад очиж нөхөртэйгөө уулзах нь жилээс жилд цөөрсөн ч Франц Сисси 2-н харьцаа аажмаар сайжирчээ.
Рудольфийн гэнэтийг үхэл Хабсбургийнхныг цочроож, Сиссиг сөхрүүлэв. Тэрээр насан эцэслэлтээ хүүгийнхээ хойноос гашуудсан юм. Хунтайжийн үхлийн дараа Франц Сисси 2-н харьцаа бүр мөсөн тасарчээ. Сисси дахин ордны амьдралаас зугтаж газар дундын тэнгисээр аялах болов. Өмнөх аяллуудаас ялгаатай нь Сисси хар хувцас өмсөж, нүүрээ таглах болсон юм. Цагтаа Европын гоо хатдыг тэргүүлдэг байсан Сисси хэдхэн жилийн дотор танигдахааргүй болтлоо зүс алдсан гэдэг.
1898 оны 09.10-нд Женев нуурын эргээр аялж байсан хатан хаан руу Луичи Луёени гэгч Итали эр халдан зүрхэн тушаа нь хадаас дүржээ. Даашинзных нь бариу цээживч цус алдахаас сэргийлж байсныг ухаараагүй албатууд нь өнгөц шарх гэж андуурч байв. Зочид буудалд ирмэгцээ хатан хаан их цус алдсаныг мэдсэн ч нэгэнт оройтсон байв. Нуурын эргээс хөдөлснөөс 20-хон минутын дараа Австрийн хатан хаан, Унгар, Богемийн хатан Элизабет таалал төгсчээ. Тэрбээр “ Би яачихваа” хэмээн амьсгал хураасан гэдэг. Удалгүй баривчлагдсан Лучени Орлеаны ханхүүг хөнөөхөөр Швейцарьд очсон ч язгууртнуудын цугласан газраас гол хүнээ олоогүй тул ихэс дээдсүүдийн хэнийг ч хамаагүй хороохоор шийдсэн гэж мэдүүлжээ.
Тэр бүр сэтгэлээ нээдэггүй, үг цөөтэй Франц хатнаа цаг бусаар алдчихаад “ Хайрладаг байсныг минь тэр амжиж ойлгосонгүй, тэр надад хэчнээн эрхэм байсныг хэн ч ойлгохгүй” хэмээн гашуудсан гэдэг.