Та гэр бүлдээ хэр зэрэг цаг зав зарцуулдаг вэ? Энэ асуултыг олон хүн тиймээ ямар нэг хэмжээгээр гаргадаг. Гэхдээ ажлын шаардлагаар гаргаж чадахгүй байх нь их байдаг гэх мэтчилэн хүмүүс олон янзаар хариулдаг. Харин цаг гаргадаг гэдэг хүмүүсээс гаргасан цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ? гэж асуухад эрчүүд хааяа хоол хийдэг, эд хогшлоо янзалдаг, гадуурх ажлаа амжуулдаг, унтдаг, хүүхдийнхээ даалгаварыг хийлгэх, хүүхдийнхээ хуралд суудаг, гэртээ зурагт үздэг гэдэг бол эмэгтэйчүүд орон гэрээ цэвэрлэдэг, хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэдэг, угаалга хийдэг, хоол хүнсээ цуглуулдаг, хүүхдийнхээ хуралд суудаг зэргээр хариулсан байдаг байна. Энэ нь тэдний хувьд гэр бүлдээ зарцуулдаг цаг, хийдэг зүйлс нь юм. Үнэндээ гэр бүлдээ цаг гаргах гэдэг асуудал төгс утгаараа хэрэгждэг гэр бүл хэр олон байдаг бол? танай гэр бүлийн гишүүд гэр бүлдээ хэрхэн цаг гаргаж хамтдаа юу хийж өнгөрүүлдэг вэ?
– Нэгэн гэр бүл нэлээдгүй асуудалтай болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Гэр бүлийн гишүүдийн хувийн үзэл хандлага хэтэрч бие биеэсээ ойлголцох нь эрс муудаж, хэрүүл хийх ч энүүхэнд болсон байна. Өрхийн тэргүүн энэ тал дээр нэлээдгүй санаа зовж нэгэн сэтгэл зүйчээс зөвлөгөө авчээ. Тэгээд зөвлөсний дагуу гэр бүлдээ 7 хоногийн нэг өдрийн 1 цагийг “Гэр бүлийн цаг” хэмээн нэрлэж гаргасан байна. Сэтгэл зүйчийн зөвлөснөөр тэрээр эхний 7 хоногийн цагийг өөрийн цаг болгож гэр бүлийнхэндээ өөрийн ажлын талаар ярьж түүнтэй холбоотой үзэл бодлыг нь хуваалцсан байна. Ингэхдээ яагаад энэ ажлыг, энэ мэргэжлийг сонгох болсон, яагаад хийж байгаа, хийж байгаа зүйлийнхээ сайхан болон бэрхшээлтэй талуудыг, мөн өөрийн ажлын нөхцөл байдлаас болоод зан харилцаа болоод гэр бүлдээ зориулах цагт нь өөрчлөлт орсон тухайгаа нэгд нэгэнгүй ярьсан байна. Дараагийн 7 хоногийг эхнэрийнхээ ярилцах өдөр болгож, түүний дараагийн 7 хоногийг том хүүгийнхээ 7 хоног болгон түүний хүсэл мөрөөдөл, сонирхол, хайр сэтгэл болоод цаашдын төлөвлөгөө гээд бүх зүйлсийнх нь талаар ярилцан түүнд дэмжлэг өгч, санаа өгч хамтаараа хуваалцсан байна. Энэ байдлаар бүх гишүүд ярилцаж ойлголцож эхэлсэн байна. Түүний дараагаар ойр дотныхоо амьдралын туршлагатай, амжилттай яваа нэгнээ гэр бүлийнхээ цайнд урьж түүний өдий зэрэгтэй яваа талаар ч ярилцсан байна. Үүгээр ч үл барам эхнэр нөхрийн цаг гэж тэд өөрсөддөө санаачлан гаргаж бие биентэйгээ бүхий л мэдрэмж, сэтгэл хөдлөл, үзэл бодлоо хуваалцан ярилцдаг болсон байна. Энэ байдлаар шинэлэг санаануудыг хэрэгжүүлсээр 2 сарын дараагаар тухайн гэр бүлийн уур амьсгал халуун дулаан бие биенээ хүндлэн ойлгодог, уучилдаг, мэдэрдэг, гэр бүлдээ тэмүүлдэг болсон нь бүх хүнд ажиглагдсан байна. Түүгээр ч үл барам гэр бүлийн цагаас хамааралгүй бие биенийгээ сонсдог, ойлгодог, дэмждэг болжээ.