Хүүхнүүд гоолиг туранхай болох гэж дэндүү их мөрөөддөг. Ингээд бусдад гоё сайхан харагдахын төлөө хоолны дэглэм барьж эхэлдэг. Гэтэл сүүлийн судалгаагаар бага залуу насандаа хэт их хоолны дэглэм барьж туранхай гоолиг бие хаатай явсан хүүхнүүд дунд эргэм насандаа ясны сийрэгжилт өвчтэй болдог нь нэгэнт тогтоогдоод байгаа гэнэ.
Хүний ясан дотор сөнөөгч ба бүтээгч гэсэн хоёр төрлийн эс оршиж байнга хоорондоо байлдаж байдаг аж. Сөнөөгч эсүүд нь ясны гадаргад оршиж, хүчил ялгаруулах бөгөөд улмаар ясыг эвдэж, кальцийг гадагшлуулж байдаг гэнэ.
Үүний улмаас ясан дээр хонхорууд үүсэх агаад бүтээгч эсүүд тэр хонхор руу кальцийг зөөвөрлөн авчирдаг байна. Ингээд л өнөөх хонхорхой ясаар дүүрч гөлгөр болж ирнэ. Хамгийн гол нь энэхүү эсийн тэмцэл нь эрүүл хүний биед жигд явагддаг байна. Харин яс сийрэгжилт өвчин туссанаас сөнөөгч эсийн тоо огцом өсч яс бараг кальцгүй болон нимгэрч хугарамтгай болдог гэнэ.
Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх үеэр бүтээгч эсүүд бараг байхгүй болтлоо хоосордог байна. Ийм учраас хүүхнүүд яс сийрэгжих өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Хүүхдийг бүр багаас нь яс сийрэгжих өвчинд нэрвэгдэхээс сэрэмжлээрэй. Үүний тулд хүүхдэд сүү, тараг, айраг, аарц ихээр уулга. Мөн байнга хөдөлгөөнтэй байлга. Хүн хөдөлгөөний хомсдолд орохын хэрээр ясны сийрэгжилт нэрвэгдэх нь амархан гэнэ. Ясны сийрэгжилт өвчнийг хамгийн ихээр өдөөдөг бүтээгдэхүүн нь архи тамхи кофе гэнэ. Эрүүл байя гэвэл эдгээрээс татгалзах хэрэгтэй. Хүн өдөрт 1500 мг кальци авах ёстой. Үүний тулд сүү, тараг, аарц ууж бяслаг идэж байх нь чухал.
/Хань/