“Ертөнцийн Мисс-2013” наадам Москва хотод энэ сарын 3-нд эхэллээ. Энэхүү наадам 60 жилийн түүхэндээ ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд Москва хотын “Крокус Сити Холл” концертын их танхимд болох ажээ.
“Ертөнцийн Мисс-2013” наадамд 86 орны гоо бүсгүй оролцож байна. Наадамд оролцогчид Москва хотноо ирээд долоо хонож байгаа гэнэ. Тэд Улаан талбайгаар зугаалж, Их театрт жүжиг үзээд амжжээ.
Тэмцээний эхний шалгаруулалт болох үндэсний хувцсаа танилцуулах үзүүлбэр өнгөрсөн ням гаригт болсон юм. Өнөөдөр хагас шалгаруулалт болж, 86 оролцогчоос шүүгчдийн үнэлгээгээр 16 нь үлдэх юм байна.
Харин энэ сарын есний өдөр наадмын эцсийн шалгаруулалт болж, Ертөнцийн миссийг зарлах аж. Сүүлийн шатны шалгаруулалтыг 190 оронд шууд дамжуулах гэнэ.
Х.Шинээ