“Форбес” сэтгүүл энэ жил дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэсэн бол хамгийн хүчирхэг залуугаар “Facebook” цахим сүлжээний вант улсыг үүсгэн байгуулагч Марк Зукербергыг нэрлэсэн байна. Тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг хүний жагсаалтад 24 дүгээрт бичигдсэн юм. Нийт 74 хүн жагсаахад 24-ээрт бичигдэнэ гэдэг томоохон амжилт юм. Бүртгэлтэй гишүүдийнхээ тоогоор дэлхийд БНХАУ-ын дараа бичигдэж байгаа “Facebook”-ын вант улс нь нэг тэрбум гаруй гишүүдтэй юм. Түүнчлэн тэрээр 11.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн. Өдгөө 29 настай залуу тэрбумтан маань ийнхүү бүх л талаараа үеийн залуусаасаа хол алхсан байна. Дэлхийн 7-н хүн тутмын нэг нь “Facebook”-ийн гишүүн гээд бодохоор тэр ямар том вант улсыг босгосон гэдэг нь тодорхой. Ямар ч дайнгүй цус урсгалгүйгээр ийм олон хүнтэй вант улсыг босгосон хүн түүнээс өөр энэ дэлхийд үгүй. Монголын Чингис Хаан дэлхийн талыг дайлаар морьдон эзэлж байсан боловч хүн амынх нь тоо түүнд хүрэхгүй юм. Удахгүй БНХАУ-ын хүн амын тоог гүйцэж түрүүлнэ хэмээн шинжээчид түүний эзэнт гүрнийг таамаглаж байна.
Марк Зукербергийн араас хоёрдугаарт БНАСАУ-ын Залуу Удирдагч маршалл Ким Жон Ун итгэл төгс бичигдсэн байна. 20 гаруй сая хүн амтай улсыг удирдахын дээр дэлхийн хамгийн олон цэрэгтэй армийг гартаа атгаж байгаа тул тэр хоёрдугаарт багтсан. Болохгүй бол АНУ-тай дайтна хэмээн дүвчигнэх энэ залуу ёстой нэг барьцгүй нэгэн гэлтэй. Өдгөө 30 настай, тэрээр дэлхийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтад 46 дугаарт эрэмбэлэгдсэн.
Гуравдугаарт мөн л технологийн салбарт гайхамшгийг бүтээж чадсан Ларри Пейж болон Сергей Брин нар багтжээ. Тэд хайлтын супер сайтыг бий болгосноороо алдаршсан. Өдгөө тэд 40 настай. Хүчирхэг хүмүүсийн 17-д бичигдсэн юм. Дөрөвдүгээрт бидэнд тийм ч танил бус Элон Муск хэмээх залуу бичигдсэн байна. Гэхдээ түүний үүсгэн байгуулсан компаниудыг дэлхий тэр чигээрээ андахгүй. “SpaceX” болон “Tesla Motoros”, “PayPal”-ийг үүсгэн байгуулсан хөрөнгө оруулагч, инженер, бизнесийн томоохон хөрөнгөтөн гэгддэг. Элон Муск өдгөө 42 настай. Тавдугаарт БНХАУ-ын хажууд яг ижил вант улсыг байгуулсан Baidu-ийн РоБин Ли (61- дүгээрт бичигдсэн) багтсан. Baidu нь Хятад хэлтнүүдийн хувьд Google юм. Түүний талаар бид томоохон нийтлэлийг хүргэж байсан билээ. Харин зургадугаарт технологийн салбарт хөрөнгө оруулагч, LinkdIN-ийн үүсгэн байгуулагч гэдгээрээ алдаршсан Рейд Хофман оржээ. Тэрээр дэлхийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтад 65 дугаарт бичигдсэн байна.
Долдугаарт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон бичигджээ. Тэрээр дэлхийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтад 11 дүгээрт бичигдсэн бол залуусын хувьд бол наснаасаа болоод хойш шидэгдсэн бололтой. Өдгөө 47 насыг зооглож буй юм. Наймдугаарт Мексикийн Ерөнхийлөгч 47 настай Энрике Пена Нито багтсан байх юм. Тэрээр дэлхийн хүчирхэг хүмүүсийн 37-д эрэмбэлэгдсэн. Манай хойд хөршийн Ерөнхий сайд Дмитрий Медведев хүчирхэг залуусын есдүгээрт бичигдсэн байна. Тэрээр одоо 48 настай бол хүчирхэг хүмүүсийн жагсаалтад 53-т бичигдсэн юм.
Аравдугаарт дэлхийн хамгийн хүчирхэг 10 залуугийн сүүлийг Amazon.com-ийн үүсгэн байгуулагч Жэфф Бизос бичигдсэн байна. Жэфф Безос дэлхийн хүчирхэг хүмүүсийн 15 дугаарт бичигдсэн байсан юм. Тэрээр жижиглэнгийн худалдааны онлайн борлуулалт хийдгээрээ хөрөнгөжсөн нэгэн билээ. Дэлхийн залуу гэдэгт 50 наснаас доош хүмүүсийг оруулдаг бол монголчууд бид 40 гарангуут нь настай хүмүүсийн жагсаалтад бичдэгээрээ онцлогтой ажээ.
2. КИМ ЖОН УН
3. СЕРГЕЙ БРИН, ЛАРРИ ПЕЙЖ
4. ЭЛОН МУСК
5. РОБИН ЛИ
6. РЕИД ХОФМАН
7. ДЭВИД КАМЕРОН
8. ЭНРИКЕ ПИНА НИТО
9. ДМИТРИЙ МЕДВЕДЕВ
10. ЖЭФФ БЕЗОС
http://businessnews.mn/