ЗҮГЭЭР Л ГУНИГЛАМААР…

ЗҮГЭЭР Л ГУНИГЛАМААР…

Заримдаа зүгээр л гунигламаар. Зөрж өнгөрөх сайхан бүсгүйн араас эргэж харж, зөвхөн түүнтэй жаргаж чадаагүйдээ харамсан санаа алдмаар, зүггүйтэх сэхүүн бодолдоо намайг тоогоогүй түүнийг эргэж хартал санаа алдмаар, бүүр түүрхэн бодолдоо тэртээ холын дурсамжаа сэргээн сэтгэлдээ жаргамаар. Гэгэлзээд байгаа сэтгэлээ намрын дурсамжаар даруулмаар, дэнслээд байгаа бодлоо гэгээн сайхан мөрөөдлөөр тэнцүүлмээр, догдлоод байгаа зүрхээ далдхан хайрын дурсамжаар аргадмаар. Юу ч болоогүй хэрнээ гунигламаар байгаа сэтгэл минь, магад тайвшралыг хүсээ л биз.

Хааяадаа зүгээр л гунигламаар. Асгарах борооны дуслыг шонхоор ширтэнгээ духаа хөлөрсөн шилэн дээр нааж сэтгэлээ чийглэмээр, айзам аянгалаг аялгууг сонсонгоо сэтгэлээ аргадаж аньсага норгомоор, алс алсхан тэнүүчлэх бодолдоо өөрөө уусаж холын холд хаа нэгтээ одмоор. Бүүдгэрхэн өдөр будаатай цай оочлонгоо бодлоо түүнд нь шингээж амталмаар, тэргэл сарны сүүн туяанд тэртээ холд одсон дотно нэгнийгээ дурсан уярмаар, өнөө ч олж чадаагүй хэрнээ сэтгэлдээ ямагт сайхнаар төсөөлөх амрагаа олж хайрламаар. Санаа алдмааргүй байсан ч сэтгэлээс алдрах хөнгөн гуниг салхинаа хийсэх нь , магад нөмөр нөөлөг хүсээ л биз.

Гэнэхэндээ зүгээр л гунигламаар. Хаалганы хонх чимээлэнгээ дотно нэгнийг ирэхийг сэмхэн хүлээмээр, утасны зүг анирдангаа дуудах дуудлаганд нь хайрын уярам үгсийг сонсмоор, хэн нэгэн над дээр зорьж ирэн магтаал, бахархлаа нүдээрээ илчлэн инээхийг хармаар. Толины цараанд өөрийгөө харж хайрламаар, тоож өөрийгөө “мундаг шүү” гэж магтмаар, өөрийнхөөрөө байж чадсан араншиндаа омгорхмоор, өрөөл бусадтай муудалцсан шалтгаанаа олж, өөрийгөө ч түүнийг ч уучилмаар. Зөнгөөрөө байгаа хэрнээ гунигламаар байгаа мэдрэмж минь зүгээр л хэн нэгнийг сэтгэлээсээ хайрлахыг хүсээ биз.

ААВ ХҮН

Үр минь энэ орчлонд мэндэлж өөрийн чадлаараа чарлан бархирахад энэ ертөнцийн чулуу бяслаг мэт зөөлөрч, эргээ халин урсах гол мөрөн сархад шиг мэлтэрч, зүрхний ховдолд нэг л бүлээн урсгал урсаж, зүйрлэшгүй сайхнаар наран хаа нэгтээ манддаг. Хатан зүрх билүү мэт зөөлөрч, хамаг судсанд баяр өөрөө урсан лугшиж, өөрийгөө хаан мэт омогшиж байсан сэтгэл өдгөө, харц мэт сэмэрч өөрийн эрхгүй үрийг минь төрүүлсэн чинийхээ өмнө өвдөг сөгдөн борхирно. Цаг цагийн урсгал дахь миний л үргэлжлэл өөрийн үрээ харахдаа самсаа шархирч нулимс нь хоолойд торж, амьсгалаа түгжинэ.

Балчирхан үр минь хөлд орон баацганахад газрын хөрсийг хормой дэвсэн зөөллөнө, ганцхан мөчид дуу алдан бархирахад гариг ертөнцийн оддыг цээжээрээ халхлан өөрөө гэрэлтэнэ, нэгэн хоромд өвдөж хааяа шаналахад нь нууцхан нулимсаа арчин өөрөө л түүний өмнөөс зүрхээ базлан тарчилна, өөрөө өмнөөс нь өвдөн элийрнэ. Үрийнхээ инээд баясалд өөрөө л дагаж баясана, өрөөл бусдын өмнө юуг ч тоохгүй мэт ихэмсэглэнэ, гэхдээ сэтгэлдээ баярлана, хэн нэгний үрийг нь магтах магтаалд өөрөө л хөөрцөглөн дагана, хэнзхэн зүрхэндээ үрээ л ямагт харамлан, өмөөрнө. Үе үеийн минь үргэжлэл үрээ харахдаа сэтгэл нь ямагт зөөлөрч, үргэлж мөнхөд балчир байх мэт үрээ л хошуу дэвсэн эрхлүүлнэ.

Өсөж том болсон үр нь зөрүүдэлж хааяа гомдоллоход нь өр зүрхнийхээ чанадад “үр минь дээ” хэмээн сэтгэлдээ дуу алдана, өөрийг нь огт тоолгүй хэн нэгний үрд сэтгэл алдрахад нь “үр минь жаргаж байвал, өтөл би яахав дээ” гэж өмөлзөн өмөлзөж өмөөрнө, хааяа бухимдахдаа хатуурхавч, хатан зүрхнийхээ чанадад “муу үрээ хэтрүүлчих вүү дээ” хэмээн өөрийгөө л зэмлэнэ. Эр биений нь орчлон дээрх үргэлжлэл, нэгэн цагийн гэнэн араншингийнх нь дуурайлал, алдаа онооных нь хатуу дэнс алаг үрээ сэтгэлдээ л хайрлах аав. Өөрөө омогшиж амьдрах энэ л орчлонд өөрийг нь хуулж төрсөн энхрий үр нь хожим нь өөрийнх нь төлөө нулимс унагаан сэтгэлдээ шаналахад, хонгорхон үрээ хожим нь хэн болохыг нь сэтгэлдээ мэдрэх эцэг хүн.

Ямагт хошуу цорвойн эрхлүүлэхгүй ч сэтгэлийнхээ мухарт дандаа хайраар тэтгэх аав, өдөр болгон үгэлж дуулан тээр болохгүй ч өр зүрхнийхээ чанадад  үргэлж хайрлан эрхлүүлэх аав, энэ л амьдралд урсан урсах хөлсөө балчирхан үрдээ зориулах эгэл эр хүн, зовлон жаргалын дэнсэнд зөвхөн зүрхэндээ л уйлах эр хүн, өөрийгөө зөвхөн үрийнхээ сайн сайхны төлөө урсах ёстой гэж ухаарсан эгэл сэтгэл, өргөн олны дундах нэр төрөө үрдээ өвлүүлж үлдээсэн “өв” гэж бардамнах эгэл сэтгэл.  Ирээд буцдаг нүүдлийн шувуу шиг энэ амьдралд өөрөөрөө овоглож хэн нэгнийг үлдээсэндээ сэтгэл нь амирлах эцэг хүн. Та энэ орчлонд тэнгэрт зоргоор нисэх бүргэд шувуу, тэгэхдээ нэгэн цагт газар буун үрээ далавчиндаа үрээ нуух хун шувуу. Өөрийнхөөрөө амьдарсан эр хүн.

СЭТГЭЛИЙН МАНАН

Дээр үед дээ, бас орчин үед ч “Царайны сайхнаар цай сүлдэггүй” гэдэг хэллэг байж билээ. Царайны сайхан гэдэг цаг хугацааны л хэмнэл. Насны халуун, цусны шингэнд бүх л зүйл дэндүү сайхан. Толигор хэрнээ өнгөлөг арьс, цоглог хэрнээ бардам төрх, хаа ч үсэрч дэгдэхэд борхирч нугарахгүй шулуухан хөл, задгай салхинаа дураар хийсэх зөөлөн үс, өөрөө өөрөөрөө гайхуулах онгиргон харц, өрөөл бусдыг шоолонгүй мушилзах сэхүүн зан. Энэ бол залуу насны гоёл. Дэвэрсэн цай буцалж даргидагтай адил, дэндүү омголон бас бардам залуу насанд юм бүхэнд л дарвиж дэгэлзэх. Хааяа бусдыг шоолон, тас тас инээх аалигүйтэлд бусдын анхаарлыг өөртөө татаж, залуу насаараа гайхуулах хүсэл нь буцалж л байдаг. Мөнх юм шиг санах залуу насандаа тэд амьдралын мананг огт анзаарахгүй, бас тоохгүй.

Уулсын бэлд буух манан шиг идэр насанд ухаан бодлоо цэгцэлж, хорвоогийн жамыг ухаардаг. Үүлс хөөрч уулын оройд саатах мөч шиг,  өнгөрүүлсэн амьдралаа эргэж санагалзан алдаа онооныхоо дэнсийг тэнцүүлэн нэгтээ санаа алдах. Нүүрэнд үрчлээ сууж, үсэнд хяруу унах цагт хүмүүний сэтгэлд уучлал, энэрэл сүлэлдэн байдаг. Залуу насны ойворгонд гомдоосон хайраа эргэн санагалзаж нэгэнтээ санаа алдах, бодлын мананд төөрсөн түүнийгээ нэгэнтээ санаж, “хөөрхий минь хаана яажшуу яваа болдоо” гэх дурсамжинд сэтгэл нь хөвсөлзөж орхих. Тэр л мөчид үнссэн уруул нь чимчигнэж, тэвэрсэн цээж нь хөндүүрлэж, зүрхний чанадад хайрын манан урсах мэт. Бүүр түүрхэн дурсамжиндаа өөрөө мишилзэж, сэтгэлд нь үүлсийн цаанаас мандах наран мэт дурсамж хөврөх.

Өтөл насандаа шургааган хашааны гадна ээвэр наранд тухлан суухдаа, уулсын тэртээд нүүгэлтэх мананг  саравчлан харж санаа алдах. Нүднийх нь аяганд өөрийн мэдрэлгүй урсах чийгийг гараараа арчин байж тэртээх холд сүүмэлзэх дурсамжаа сэргээж ядан санагалзах. “Хөөрхий дөө” хэмээн сэтгэлдээ уулга алдахдаа өөрийгөө, эсвэл хэн нэгнийг өрөвдөн халаглаж буйгаа ч үл мэднэ. Ирээд буцдаг энэ л тавиланд  аагирхаж, ухаарч амьдарсан хэмнэлээ эргэн санахдаа сэтгэлийн манан дунд олон олон дурсамжаа сэдрээж, хааяадаа санаа алдан, бас заримдаа муухан мушилздаг. Хажуугаар нь ойворгон залуу насаараа гайхуулан өнгөрөх залуусыг, уулсын оройд тогтож ядан хөөрөх манан  шиг л тогтож нэг, бүдэрч нэг ажна, бас инээмсэглэн өхөөрдөнө. Нэг өдөр энэ манан уулсын бэлээс алгуурхан дээшилж, оройд нэгтээ саатан холын холд нүүгэлтэн одох тавиланг тэрээр сайн мэдэх болж. Өөрөө нэг л өдөр энэ л манан дунд уусаж, шингэж одох мөчөө инээмсэглэн хүлээх мэт.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:  gala_mn@yahoo.comсумки для macbook pro 13mayfair escorts dubaiденьги в долг для студентовстратегии продвижения бренда


ЗҮГЭЭР Л ГУНИГЛАМААР…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.