Эх хэл, өв соёлоо үеээс үед чухалчлан, үр хойчдоо өвлүүлэн сургаж ирсэн эрхэм хүндэт монголчууд аа,
Хөгжил дэвшлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж буй бүх шатны байгууллага, сайн дурын эвсэл, хамт олон, иргэд ээ!
Асар өргөн уудам нутагтай, баялаг нөөцтэй, цөөн хүн амтай манай улсын нэн чухал асуудал нь хүн амын тогтвортой хөгжлийг хангах, хүн төвтэй хөгжилд хүрэх, үндэсний дархлаа тогтоох явдал билээ. Сүүлийн 20-иод жилийн дотор олон монгол иргэд гадаад улс оронд ажиллаж сурч байгаа нь манай улсын хөгжил, эдийн засагт нэмэр болж, шинэ туршлага, үзэл хандлага, техник технологийг нэвтрүүлэхэд багагүй нөлөө үзүүлсээр ирлээ.
Гэвч хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын хүүхдүүдэд эх хэл соёлыг нь зааж сургах нэгдсэн үйл ажиллагаа, бодлого байхгүйгээс олон сөрөг үр дагавар гарч байна. Эцэг эх нь монголоор асууж, хүүхдүүд нь гадаадаар хариулж ойлголцдог аргаа барсан явдал түгээмэл байгааг дуулгавал ямар ч монгол хүний сэтгэл зовниж, энэ асуудал хэрхэн хурцдсаныг ойлгох нь лавтай. Ид хийж бүтээх насан дээрээ яваа олон иргэд ийм шалтгааны улмаас эх орондоо буцаж чадахгүй гацаж, хүссэн хүсээгүй хүний нутагт үлдэж, харь оронд иргэншин уусаж байна.
Үүнтэй ижил асуудлаа төвөггүй шийдвэрлэж байгаа хөгжилтэй орнуудын туршлагаас харахад , цахим веб сургалтыг ашиглан хүүхдүүддээ эх хэл,соёлоо заан сургаж, ихээхэн амжилтанд хүрчээ. Веб хуудсандаа видео хичээлүүд, олон төрлийн дасгал ажил, толь бичиг, хөгжилтэй тоглоом, дуу шүлэг, хүүхэлдэйн болон танин мэдэхүйн хялбаршуулсан кино, эх орныг нь танилцуулсан мэдээлэл, үндэсний түүх, газарзүй, уран зохиолын тодорхой мэдлэг олгох материал оруулж, эцэг эх, багш нарт тусгайлан бэлтгэсэн удирдамж гарын авлагыг өөрсдөө хэвлэн авах боломжтойгоор байршуулж, шууд харилцаж зөвлөгөө өгөх гэх мэт олон баялаг арга хэрэгслийг ашиглаж байна.
Манай орны хувьд энэ технологийг зөвхөн гадаадад байгаа хүүхдүүдийн сургалтанд ашиглах төдийгүй, үндэсний дархлаагаа сайжруулах, бичиг үсэг, уугуул сэтгэлгээ, өв соёлоо улам дэлгэрүүлэх зорилгоор баяжуулан хэрэглэх бүрэн боломж байна. Монгол хүүхэд эх хэлээ төдийгүй түүх соёлоо, үндэсний бахархлаа таниж мэдэхэд зориулсан мэдлэг мэдээллийн санг цахим хэлбэрээр бүтээж, үргэлж баяжуулах нь үеийн үед хүмүүжил мэдлэгт нь нөлөөлөх тохиромжтой арга юм.
Ингэснээр бид эх орондоо байгаа хичээлийн хоцрогдол, завсардалтай хүүхдүүдэд, цаашлаад хилийн гадна оршигч монгол туургатан хүүхдүүд, нийт монгол хүүхдүүддээ эх хэл, уламжлалт болон шинэ мэдлэг мэдээллийг дэлгэн таниулж, оюуны хөрөнгө оруулах боломжтой юм. Бидний үнэт өв болсон монгол бичгийг ч энэ технологийг ашиглан дараагийн зорилтот ажил болгон заан сургаж, олон сайхан бүтээл, судар бичгүүдийг олны хүртээл болгох өргөн боломж байна.
Скандинавт амьдарч байгаа жирийн иргэн миний хүсэлтийн дагуу Монгол улсаас Швед улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд З.Алтай тусгайлан цаг гаргаж, хүлээн авч уулзан, энэхүү санал санаачлагын дагуу боловсруулж буй төслийн санааг гүнээ сайшаан дэмжиж, Монгол улсын Ерөнхийлөгч, БШУ-ны Сайд, холбогдох хүмүүст өөрийн биеээр танилцуулан, дэмжүүлэн эхлүүлж, хэрэгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн нь уг санаачлагыг ойрын хугацаанд ажил хэрэг болгоход тустай чухал алхам боллоо.
Иймээс хүүхдийн эх хэл, соёлын мэдлэг боловсролд зориулсан цахим сургалтыг бий болгох энэхүү санаачлагын ач холбогдолд Ерөнхийлөгч болон Боловсролын сайдын анхаарлыг хандуулахад та бүхэн өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, дэмжиж буй байгууллага, хамт олны нэрсээ бидэнд ирүүлэн туслахыг уриалж байна !
Сайн үйлс бүхэн дэлгэрч, эрдэм мэдлэг түгэн арвижих болтугай!
Санаачлагч,
Монгол улсын иргэн Чулуунбаатарын Солонго.
Утас: +45-30545477
+976-98279574