Эрхэм оюутнууд та бүхэнд зориулсан хуулийг уржигдар УИХ-аар батлав. Cap бүр олгодог байсан 70 мянган төгрөгийг хасахаар боллоо. Гэхдээ онц сурдаг бол тодорхой хэмжээний мөнгө өгөх юм. Харин муу сурвал мөнгөгүй хоцрох нь.
Мөнгө авлаа гэхэд хэдийг өгөх нь Засгийн газрын мэдэлд үлдсэн. Тиймээс Төрийн ордонд ажилладаг эрх мэдэлтэй ах эгч нартаа тоогдож, мөнгөтэй болохыг тулд мэрийгээд онц сураад л байж дээ.
Онц сурдаг нь хэдэн төгрөгийн тэтгэлэг авах, сурлага муутайд нь мөнгө өгөх эсэхийг Засгийн газрын журмаар шийдэх юм байна.
Оюутнуудад олгодог үндэсний тэтгэлгийг сурлагын амжилтаар ялгаатай олгодог байхаар хуулийг өөрчлөв. Гэхдээ энэ жил дуустал 70 мянган төгрөгийн тэтгэлэг хэвээр үргэлжлэх юм. Энэ cap, ирэх сард оюутнууд тэтгэлгээ авна гэсэн үг.
Шинээр өөрчилсөн хууль ирэх оноос хэрэгжих юм билээ. Нэгдүгээр сараас эхлэн оюутнуудыг сайн, муу сурдаг үнэлгээгээр нь ялгаж, их бага хэмжээний тэтгэлэг олгохоор хуульчилжээ. Онц сурдаг нь хэдэн төгрөгийн тэтгэлэг авах, сурлага муутайд нь мөнгө өгөх эсэхийг Засгийн газрын журмаар шийдэх юм байна.
УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд маргалдсаны эцэст ийм шийдвэрт хүрч, оюутнуудын тэтгэлэгтэй холбоотой бүх эрх мэдлийг Засгийн газарт олгосон нь энэ. Мэдээж тодорхой хэмжээний нэр хүндтэй, аттестатчилагдсан сургуульд, амжилттай сурдаг байх нь наад захын шалгуур болох биз.
Иймэрхүү шалгуур тавихаар оюутнууд дүн, мөнгөний хойноос хөөцөлдөж, муу тавиулахгүйн тулд багшийгаа найрах хэрэг гарна гэсэн болгоомжлол хууль тогтоогчдод байгаа. Хуурамч дүн тавьсан эсэхэд хэн нэгэн хяналт шалгалт тавьж таарна.
Хэний хүүхэд ямар үнэлгээ авах нь багш нарын үзэгний үзүүрт бий. Тэгэхээр багш нарын үнэлгээ, оюутнуудын сурлагын амжилт бодитой эсэхэд Засгийн газар эсвэл салбарын яам хатуу хяналт тавихгүй бол хавтгайрсан халамж үргэлжилсээр байх вий. Бүгдээрээ онц сурлагатнууд болоод, тэтгэлэг авчихвал хуулийн өөрчлөлт үр дүнгүй болно.
Ер нь оюутнуудыг тэтгэлгийн хэмжээг өөрчлөх, ялгаатай хандах болсон нь ирэх оны төсөвтэй холбоотой. Ирэх оноос эдийн засгийн байдал хүндхэн болж, төсвийн орлого хомсхон байх төлөв бий. Төсөвт их хэмжээний мөнгө ч алга. Тиймээс оюутан та бүхэнд cap тутамд олгож буй мөнгийг хязгаарлаж тодорхой шалгууртай болгож буй юм.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Эцсийн найруулга 2013.11.13
1 дүгээр зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, cap бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.