“Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнийг ярилцлагын зочноор урьсан юм. Хэлэх гэсэн үгээ часхийтэл хэлчихдэг тэрбээр одоо Д.Намсрайжавын нэрэмжит улсын Филармониор овоглож яваа билээ.
-Саяхан таны “Гоо ертөнц” дууг сонслоо. Өмнөх бүтээлүүдээс тань өөр юм шиг санагдсан шүү?
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би “Үнэн” сонин гэхээр биднийг урлагийн замд хөтөлсөн Энхбат ахыгаа дурсдаг юм. Хэдийгээр ах маань одоо бурхны оронд байгаа ч олон дуучдыг дэмжиж ажилласан хамгийн их хувь нэмэр оруулсан хүн дээ. Уран бүтээлийн тухайд сүүлийн үед олз омог ихтэй байгаа. Таны хэлсэн “Гоо ертөнц” дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, хөгжмийг Цэн. Эрдэнэбат зохиосон. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт, энэ хорвоод мэндэлж буй хүүхдүүдээ муу зүйлгүйгээр угтъя гэсэн утгатай бүтээл болсон. Үүнээс гадна баруун монгол ардын дуу “Жуурай”-г дууллаа.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлүүдэд шүүмжилсэн өнгө аяс ажиглагдах болжээ. Энэ нь магадгүй таны зорилготой холбоотой болов уу?
-Дэлхийн нэр хүндтэй сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцах нь миний хамгийн том зорилго. Ер нь долдугаар ангиасаа хойш урлаг судлаачийн мэргэжил эзэмшинэ гэж боддог байсан. Тэр зорилгоо биелүүлэхийн төлөө одоо хүртэл хичээж байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн зэрэгцээ хүний зан төлөв өөрчлөгддөг шиг миний зорилго ч бага зэрэг өөрчлөгдсөн. Тиймээс одоо соёлын менежментийн талаар судалж байна. Манай улсад уртын дуучны мэргэжил эзэмшсэн олон хүн бий. Гэхдээ үндэсний урлагийг хөгжүүлэх, ямар зах зээл шаардлагатай байгаа, ардын урлагаа дэлхийд таниулах ямар боломжууд байгааг судлахад энэ талын мэдлэг зайлшгүй шаардлагатай. Тийм учраас би соёлын менежментийн чиглэлээр сурахаар болсон.
-Одоо хамтран ажилладаг гаднын байгууллага бий юу?
-“Face music” нэртэй Швейцарийн компанитай хамтран ажилладаг. Дөрвөн жил тутам нэг цомог гаргадаг. Ер нь бараг зун бүр Европ уруу явдаг даа. Одоо хийхээр төлөвлөж байгаа ажил ч бий. Гэхдээ зарим зүйл одоохондоо нууц байгаа. Манайхан юмны захыг сонсонгуутаа цаад мөн чанарыг нь мэдэлгүйгээр элдвээр ярьж, бичдэг. Тиймээс ямар нэгэн зүйлийг хийснийхээ дараа мэдээлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Уртын дуу сурах хүсэлтэй гадаадын иргэд олширч манай урдаа барьдаг дуучдаар хичээл заалгадаг болжээ. Ер нь энэ уртын дууг чинь хүн бүр дуулчихдаг юм уу, дуулах техникийг нь хэн дуртай нь эзэмшчихдэг юм уу гэдгийг мэргэжлийн хүний хувьд танаас асуумаар байна?
-Би бол хэн ч уртын дууг дуулж болно гэж боддог. Хамгийн гол нь хийж байгаа бүх зүйл нь хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ утгаараа уртын дуу дуулж байгаа хүн зөв дуулах ёстой юм л даа. Тухайн дуучны уран бүтээл хойч үедээ хадгалагдаад үлдэж байгаа болохоор зөв дуулах нь чухал. Уртын дууг хэн хүнгүй дуулаад байна гэдэг. Миний бодлоор түүнд дургүйцэх хэрэггүй, аяндаа цаг хугацаа бүхнийг шүүнэ гэж бодож байна.
-Ярианыхаа сэдвийг өөрчлөөд таны хүүхэд насаар “аялъя” гэж бодлоо. Арван жилд байхдаа хэр их захиа авдаг байсан бэ?
-Үнэнийг хэлэхэд дөрөвдүгээр курс төгстөлөө бараг хүнтэй үерхэж байгаагүй. Багадаа би махлаг хүүхэд байсан юм. Тийм болоод ч тэр үү эршүүд хүүхэд байжээ. Гэхдээ бага насны дурсамжуудад хүний хамгийн гэгээлэг сайхан мөчүүд хадгалаастай үлддэг гэдэгтэй санал нийлдэг. Би саяхан Түвшинжаргал гээд манай нэгийн “А”-д сурч байсан залуутай сүй тавьсан. Бид хоёр нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ нэг ангид сурсан. Тэгээд уулзалгүй удсан хүнтэй хоёр жилийн өмнө таараад одоо гэрлэхдээ хүрчихээд явж байна даа / инээв/. Надтай үзэл бодол нь төстэй, урлагт дуртай гээд бүх талаараа таалагддаг. Түвшээ маань мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй.
-Ээж болох талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоо ээж болоход бэлэн. Ээж болохдоо бэлтгээд шинжилгээнүүдээ өгсөн. Ер нь ээж болох гоё шүү дээ / инээв/.
-Ер нь “Шуранхай”-н бүсгүйчүүд дахиж нийлэх үү?
-Магадгүй 20 жилийн дараа л нэгдэх байх. Гэхдээ одоохондоо бол бэлэн биш байна. -Филармонид амьд хөгжимтэй дуулдаг байх? -Би их азтай, хоёрдугаар курст байхдаа Төрийн соёрхолт Нацаг багшийн хоёрдугаар симфонийн уртын дуу дуулах хэсэгт гарч дуулсан. Би тэр хэсгийг дуулахдаа анх удаа амьд хөгжимтэй дуулаад ёстой шоконд орж байлаа. Ер нь филармонид ажиллаж байгаагаа хувь тавилан гэж боддог.
-Филармони залуу уран бүтээлчид ихтэй болохоор харьцангуй өрсөлдөөнтэй байдаг болов уу?
-Насанбуян, Амина, “Voice” групп, Бурмаа, Энхзул гавьяат гээд олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажиллаж байна. Бид одоо 14-үүлээ. Яг үеийн дуучид амьд хөгжимтэй өрсөлдөж байна. Өрсөлдөөнтэй газрын уран бүтээлчид өсдөг. Гэхдээ өрсөлдөнө гэхээр нэг нэгнээ муулах ч юм уу хар бараан зүйл байхгүй. Уран бүтээлч хүний хувьд нэг нэгнээсээ үлгэр дууриал авч өсч дэвшихийг хэлж байгаа юм шүү.
-Таныг ном унших дуртай талаар сонсч байсан. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Би соёлын менежментийн тухай англи ном өөрийнхөө хэмжээнд орчуулж байгаа. Тэгээд зав л гарвал нөгөөдхөө нухаад суучихдаг юм. Хамгийн сүүлд манай найз залуу надад Г.Аюурзанын “Шүгдэн”-г уншаарай гээд бэлэглэсэн. Их сонирхолтой санагдсан. Яагаад ч юм, урьд нь монгол уран зохиолын ном уншиж байгаагүй ч юм уу уншихад их “амттай” байсан.
-Англи хэл судлаад шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа гэж сонссон. Тоэфлийн шалгалтаа өгч амжсан уу?
-Өгч амжаагүй байгаа. Шалгалт өгөх гээд л ном орчуулаад суугаад байгаа юм /инээв/. Нэг мөсөн сайн оноо аваад Засгийн газрын тэтгэлгээр явбал гоё шүү дээ. Гэр бүлээрээ явах боломжтой болдог юм билээ. Би ямар саятан биш сайн тэтгэлэг авах хэрэгтэй. Тоэфлийн шалгалтыг мөнгөөр өгдөг. Тийм болохоор сайн бэлтгэж байгаад өгье гэж бодож байна даа. Англи хэд судлаад хоёр жил болж байна. Одоо тийм сайн биш ч нухаад суугаад байгаа болохоор өөрийгөө сайжирч байгаа гэж бодож байна.
-Ер нь сурах дуртай юм уу даа?
-Маш их дуртай. Одоо бэлхүүсний бүжиг сурч байна. Мөн салса бүжиг сурч байгаа. Ялангуяа салса бүжгээр хамтдаа хичээллэж байгаа гэр бүлийнхэн их гоё харагддаг юм билээ. Нөхөр нь эхнэрийгээ салса бүжиглэж байгаагаар нь харах бас л нэг өөр мэдрэмж. Тэгээд архи, тамхигүйгээр цагийг үр дүнтэй хөгжилтэй өнгөрөөх мөч юм. Одоо хятад хэл сурмаар байна. Гэхдээ түүнээс өмнө тоэфлийн шалгалт өгөх хэрэгтэй байна.
-Та хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа гэр бүлийнхнийхээ талаар төдийлөн ярьдаггүй юм билээ. Гэр бүлийнхнийгээ танилцуулж болох уу?
-Ээжээсээ хоёулаа, айлын бага хүүхэд. Аав, ээж маань энгийн сайхан хүмүүс байдаг. Манай ээж чамбай, зарчимч, шударга хүн бий. Аав нэг зүйлийг хийвэл хийсэн шиг хийдэг хүн байдаг. Эгчдээ маш их баярладаг. Надаас тэс өөр хүн бий. Даруухан, урлагийн мэдрэмжтэй хүн дээ. Бид хоёр дөрвөн насны зөрүүтэй. Ийн бидний яриа өндөрлөсөн юм. Хэлэх гэснээ түвэггүйхэн хэлчихдэг шулуухан зантай нь ярилцлагын явцад ажиглагдаж байлаа. Эгдүүтэй, гэгээлэг түүнтэй ярилцахад сайхан санагдсан юм.