Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн тэр бүр чанартай байдаггүйг мэргэжилтнүүд тодорхойлсон байна. Зааврыг уншихад ийм бүтээгдэхүүнд найрлага, янз бүрийн орлуулагч зохих хэмжээнээс их байх нь харагддаг. Бүсгүй танд сэрэмжлүүлэхэд:
Эмчилгээний крем.
“Эмчилгээний” гэх шидэт үг нь эмэгтэйчүүдийг гипнозонд оруулах мэт ховсдох нь бий. Гэтэл мөн чанартаа эмчилгээний гэх крем (яг тийм зориулалттай) ер байдаггүй байна. Эмчилгээний кремд эмчлэх шид байхгүй тул хууртагдах хэрэггүй.
Байгалийн гаралтай крем, гель.
Цэвэр байгалийн гаралтай крем гель нь хэд хоноод л муудна. Гэтэл ийм бүтээгдэхүүн сар жилээр лангуун дээр байж л байдаг. Иймд зааврыг нь анхааралтай унш, тодруул. Химийн найрлага нь зохих түвшинд байвал хэрэглэж болно. Харин будагчтай бол хулхи бүтээгдэхүүн.
Нэг дор бүх үйлчилгээг үзүүлдэг крем.
Үрчлээ арилгана, цагаан болгоно, сэвх батгыг бүдгэрүүлнэ гэх мэтийн нэг дор бүх үйлчилгээг үзүүлэх “шидтэй” крем гэж огт байх есгүй. Ийм олон үйлчилгээтэй крем байвал хулхи гэсэн үг “шидэт” үйлчилгээ үзүүлэхгүйгээс гадна арьсанд халгаатай.
Харшлын эсрэг идэвхжүүлсэн тос.
Хэрэв та харшилтай, эмзэг, цочромтгой арьстай бол ийм крем бүү хэрэглэ. Учир нь “идэвхжүүлсэн” ийм кремэнд химийн төрөл бүрийн найрлага орсон байдаг. Химийн найрлага нь харшилтай арьсанд хүчтэй цочрол үзүүлдэг тул хэрэглэх нь эрсдэлтэй.
Нано крем.
Нано технологи гэдэг шиг нано гэх шидэт үгэнд эмэгтэйчүүд хууртагдах болсон. Сүүлийн үед “хүчээ авч” байгаа крем. Үнэн хэрэгтээ рекламддаг шиг огцом залуужуулах үйлчилгээ ийм кремд огтоос байдаггүй. Гадуур худалдаанд ч тэр бүр байдаггүй. Гол төлөв интернетээр захиалдаг нууцлаг энэ кремэнд ямар ч увидас байхгүй Нано гэх кремэнд ихэвчлэн Хятадын хямдхан орлуулагч, найрлага орсон болохыг гоо зүйн мэргэжилтнүүд тогтоожээ.
Усанд тэсвэртэй тушь. Энэхүү сормуусны будаг нь усанд урсдагийг тэмдэглэе. Урсаад зогсохгүй, наалдагч цавууг зохих хэмжээнээс хэтрүүлсэн байдаг тул нүд улайх, үрэвсэл өгөх зэрэг сөрөг нөлөө ихтэй. Ийм тушь буюу сормуусны будгийг тогтмол хэрэглэвэл сормуус тань цайвар өнгөтэй болох магадлалтай. Ердийн сормуусны будаг хэрэглэхийг зөвлөе.