Хавдар өвчин нь эмэгтэй хүний бэлгийн амьдралд ямар нэг хэмжээгээр нөлөөлж болно. Иймээс энэ сэдвээр эмэгтэй хүн бэлгийн хамтрагчтайгаа нээлттэй ярилцаж чадаж байх нь нэн чухал. Танд толилуулан буй энэхүү мэдээлэл нь хавдар өвчний эмчилгээний өмнө болон дараа дотно харилцаанд үүсч болох хүндрэлүүдийг даван туулахад туслах зорилготой юм.
Хорт хавдрын эмчилгээний үед эмэгтэйчүүдэд “Бүх зүйл урьдынх шигээ байж чадах болов уу?. “Өвчин миний бэлгийн амьдралд нөлөөлөх болов уу? гэх зэрэг асуултууд санааг нь зовоодог. Иймд эдгээр эмэгтэйчүүд бэлгийн харилцааны талаар дотно хүмүүстэйгээ санаа зовохгүй ярилцах хэрэгтэй. Ийм ярилцлага нь хосуудын аль алинд нь тулгамдаж байгаа асуудлыг хөнгөвчилдөг.
Нөгөө талаар эмч нараас зөвлөгөө авах нь зөв гарцыг олоход туслана. Хавдартай гэсэн онош нь хосуудын урьдын дадал болсон харилцааг өөрчилж, цаашдаа бэлгийн харилцааны сэтгэл хангалуун байдал буурахад хүргэж болно. Эсвэл хосуудын хоорондын харилцаа улам сайжирч, эмчилгээний дараа урдынхаасаа илүү ойр дотно болдог. Харин энэ нь зөвхөн хамтын хүчин чармайлтын үр дүнд хүрэх боломжтой юм.
Хавдартай эмэгтэйд доорхи асуулт тулгарч болно. Үүнд:
Бэлгийн харилцаанаас татгалзсанаар өвчин дахихаас сэргийлэх үү?
Хавдраар өвчилсөн эмэгтэй өвчин дахих вий? гэж болгоомжлон бэлгийн харилцаанаас татгалзах явдал байдаг. Энэ нь анагаах ухааны үүднээс огт үндэслэлгүй юм. Харин ч эсрэгээрээ бэлгийн харилцаанд орсоноор үүсэх бүлээн дулаан мэдрэмж, эерэг сэтгэл хөдлөлүүд нь эмэгтэй биеийн байдалд хамгийн эергээр нөлөөлнө.
Хавдар бэлгийн замаар дамждаг уу?
Бэлгийн замаар дамждаг зарим халдвар зарим төрлийн хорт хавдар үүсэхэд нөлөөлж болно. Тухайлбал хүний папилома /HPV/ вирус умайн хүзүүний өмөнг, элэгний үрэвсэл үүсгэгч В вирус нь элэгний өмөнг үүсэхэд нөлөөлдөг.
Хорт хавдрын үед хийгддэг туяа болон хими эмчилгээ бэлгийн амьдралд нөлөөлөх үү?
Хими, туяа эмчилгээ нь эм бэлгийн булчирхай болох өндгөвчнөөс ялгардаг эм бэлгийн даавар их, бага хэмжээгээр буурахад нөлөөлдөг. Эстроген дааврын түвшин хурдацтай унаснаар тодорхой шинжүүд илэрч болно. Үүнд: бие халуун оргих, үтрээ хуурайших, нарийсах, биений юмны мөчлөг өөрчлөгдөх зэрэг болно. Үтрээний амсар орчмоор загатнах, өвдөх, доошоо шингэн ялгаран гарах зэрэг нь үтрээний салст давхаргад өөрчлөлт орж байгаагийн илрэл юм. Үтрээ улайж үрэвсэж болох ба энэ тохиолдолд тодорхой хугацаагаар бэлгийн харьцаанаас татгалзах, синтетик дотуур хувцас өмсөхгүй байх, бэлэг эрхтний ариун цэвэр сахих болон дотуур угаалга хийхгүй байх хэрэгтэй. Үтрээ хуурайшиж, уян хатан чанар алдагдсан бол гулсамтгай болгох зорилгоор усан суурьтай тос хэрэглэж болно. Тосон суурьтай түрхлэг хэрэглэж болохгүй. Учир нь үтрээг үрэвсүүлж мөөгөнцөр үүсэх шалтгаан болж болно.
Хими эмчилгээний дараа өндгөвчний хэвийн үйл ажиллагаа сэргэх эсэх нь эмэгтэйн нас, хими эмчилгээний хугацаа болон төрлөөс шалтгаална. Хими эмчилгээ урагт сөргөөр нөлөөлөх ба эмчилгээ дууссанаас хойш 2-3 жилийн дараа жирэмслэх боломжтой болдог. Хүн бүрийн сэтгэл зүйн асуудал онцгой учир шалтгаантай байдаг тул та сэтгэл зүйч эмчтэй ярилцаж, зөвлөлдөн өөртөө тохиолдсон бэрхшээлийг даван туулах гарцаа хамтдаа олж чадна.