Насны хувьд ангилбал 0-17 хүртэлх 60, 18- 35 насны 591, 35-50 насны 376, 50 ба түүнээс дээш насны 52 эмэгтэй хүчингийн гэмт хэргийн золиос болсон байна. Хүчингийн хэрэг хийсэн хүмүүсийг тайган болгое гэдэг санал сүүлийн үед ихээр гарах боллоо.
Учир нь энэ төрлийн гэмт хэрэг манай улсыг айдаст хүйдэст автуулах болсон учраас дээрх саналтай хүн болгон нэгдэж “Хүчингийн хэргийн ялыг хүндрүүлье” хэмээн холбогдох албаны хүмүүст илэрхийлэх болсон байна.
Ер нь Монгол Улсад бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн 88 хувь буюу дийлэнх нь хүүхэд байдаг гэсэн судалгааг олон улсын хүний эрхийн хорооноос гаргасан байдаг. Сүүлийн үед бага насны хүүхдүүд эл гэмт хэргийн хохирогч болоод байгаа учраас олон ээж, аав хүчингийн гэмт хэргийн хуулийн заалтыг маш хурдан өөрчилж яаралтай арга хэмжээ авахыг хүссэн гэсэн үг.
Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг бага насны охидоо харж хандахыг анхааруулдаг. Дээрх хэргийн хохирогч хэзээ ч хохирлоо барагдуулж чаддаггүй бөгөөд үргэлж сэтгэл санааны маш хүнд дарамтад байдагт л хэргийн гол учир оршиж байгаа юм.
Хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой тоон статисикаас харахад энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тодруулбал 2010 онд 342, 2011 онд 367, өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар 237 гарч байжээ.
Эдгээрийг насны хувьд ангилбал 0-17 хүртэлх 60, 18- 35 насны 591, 35-50 насны 376, 50 ба түүнээс дээш насны 52 эмэгтэй хүчингийн гэмт хэргийн золиос болсон байна. Эл гэмт хэргийн хоёр үйлдэл тутмын нэгийг нь согтуугаар, гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэн үйлдсэн байдаг аж.
Харин 10 гэмт хэрэг тутмын нэгийг урьд нь ял шийтгүүлж байсан хүмүүс үйлджээ. Гэхдээ дээрх үйлдлүүд зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь энэ. Харин үүний цаана гэр бүлийн хүрээнд хэдэн охид, хүүхнүүд хүчирхийлэлд өртсөн талаарх тоо баримт байдаггүй.
Гэхдээ албаныхан энэ төрлийн гэмт хэргийн ихэнх нь гэр бүл болон ураг төрлийн хүмүүстээ хүчирхийлүүлсэн учраас нууцлах хандлага их байдгийг хэлдэг.
Энэ нь ойрын садны хүн хэмээн түүний нэр хүнд болон гэрийнхнийхээ нэрийг олон нийтэд ил гаргахаас цааргалаж хэргийг улам даамжуурлахад хүргэдэг гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Хүчирхийлэгч этгээд нь цааш давран өөр хэн нэгнийг хүчирхийлснээс болж олон жил дарагдаж байсан хэрэг нь ил болсон жишээ баримт бий.
Хүчингийн хэрэг нь далд үйлдэгддэг учраас гэрчилж тогтооход маш хэцүү хэргийн тоонд ордог. Өөрөөр хэлбэл биет нотолгоо шаардаж байж гэм буруутанг тогтоож, хохироосон эсэхийг нь баталдаг.
Гэтэл энэ хэргийн золиос болсон хүмүүс энэ байдлыг мэддэггүй. Өмсч байсан дотуур хувцсаа угаах, усанд орох зэргээр хэргийн баримтыг устгачихдаг учраас хүчирхийлэгч этгээдийг завшуулж өөрөө хохирох тохиолдол байдаг аж.
Ойрын үед үйлдэгдсэн хоёр хэргийг дурдьхад энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатар хотын харьяат 25 настай Б гэгч 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах хөдөө аж ахуйн буудлын ойролцоо явж байсан 13 настай охин Н-ийг хууран машиндаа суулгаад Бага тэнгэрийн аманд аваачин хүчирхийлсэн.
Мөн өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, 30 настай Т гэгч Төв аймгийн нутаг дэвсгэрт 13 настай Д, Э нарыг хууран мэхэлж машиндаа суулгаад хүчирхийлсэн хэргүүд гарч байсан. Өнөөдөр эл хэргийг үйлдсэн этгээдүүд баригдаж шийтгэдсэн ч охид хохирхогч хэвээрээ үлдэж байгаа нь харамсалтай.
Тиймээс л энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг 5-15 жилийн ялаар шийтгэх бус эрхтнийг нь огтолж эр хүний тооноос хасч саармаг болговол хүний ёсонд баймгүй бузар хэрэг үйлдэгчид, үйлдэхийг санаархагчдад том сургамж болно.
Гадны улс оронд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазын ял оноож эсвэл насаар нь хорьдог маш чанга хуультай. Гэтэл манай улсад тэдэнд оноож буй 5-15 жилийн ял нь хөнгөддөг учраас энэ төрлийн хэргийн 10 гаруй хувийг урьд нь ял шийтгүүлсэн хүмүүс үйлддэг байна.
Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг шоронд илгээх биш шууд тайган болгож шийтгэе.
Р.Саруул
Эх сурвалж: