Монголын хэл бичгийн хэдэн эрдэмтэн санаа нийлж цагаан толгойн 35 үсэгнээс дөрвөн үсгийг авч хаяхаар шийджээ. Энэ бол жинхэнэ тэнэглэл. Тэд бүгдээрээ энэ хэдэн үсгээр “хооллож”, тэр зөв бичгийн дүрмээр зэрэг цол хамгаалж, эрдэмтэн доктор, академич болоогүй гэж үү. Зөв бичгийн дүрэм бол Ц.Дамдинсүрэнгийн өмч биш гэж мэдэгдлээ. Ерөнхий боловсролын сургуульд 10 жил, дээд сургуульд таван жил монгол хэлийг а, б-гүй заалгасныхаа хувьд ингэж хэлмээр байна. Академич Д.Төмөртогоо нарын эрдэмтдийн буянаар монгол хэлний зөв бичгийн дүрмийг төгс эзэмшсэн гэж бодож байсан маань андуу ташаа байсан гэж бодож яавч чадахгүй нь. Монголын сэтгүүлзүй, боловсролын салбарт цагаан толгойн дөрвөн үсэг, гээгдэх эгшгийн дүрмээс өөр оролдох сэдэв бишгүй их бий. Гэвч их эрдэмтэн, мэргэдийнхээ тэнэглэлийг эс тоох “со-весть” төрөхгүй байгаа нь харамсалтай.
Одоо цагийн сэхээтнүүд МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн өөр өөрийн гэсэн зөв бичгийн дүрэм дунд толгой эргэчихээд байхад юун дөрвөн үсэг хасаж, гээгддэг эгшгийг гээхгүй бичих вэ. Энэ асуудал мөн гэж үү. Харин түүний оронд “билэг, бэлгэ, билиг, бэлэг” гэхчлэн олон янзаар ялган бичдэг үгсээ нэг мөр болгох, “хасаж” гэх үү, “хасч” гэх үү, “дараахь, дараах, дараахи”-ийн аль нь зөв бэ гэдгээ тогтоох гэх мэт асуудал олон байна. Зөв бичгийн дүрэм, толь бичгийг нэг мөр болгох нь эрдэмтдэд ийм “амархан” байдаг чинээ санасангүй. Ийм байдгийг нь мэдсэн бол авиазүй, үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүй заалгадаггүй байж, та бүхнээр. Таван жил та нараар “тархи руугаа шаалгаж” сурсан зөв бичгийн дүрэм маань иймхэн настай байсныг мэдсэнгүй. Мэдсэн бол сурдаггүй л байж.
Академич Д.Төмөртогоо цагаан толгойноос дөрвөн үсгийг авч хаях, эгшиг гээхгүй бичдэг болох гэсэн санаагаа “Төр засгийнхаа даалгаврыг л биелүүлэх гэж байна” хэмээн тайлбарлажээ. Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тухай Засгийн газрын 37 дугаар тогтоолыг хэлж буй бололтой юм. Уг тогтоолд “Монгол кирилл бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх” гэж заасныг дөрвөн үсэг хасаж, өөрийнхөө үзэл бодолд нийцүүлэн зөв бичгийн дүрмийг өөрчилж болно гэсэн зөвшөөрөл гэж ойлгож л дээ. Д.Төмөртогоо багш бол гээгдэх эгшгийн дүрмийн эсрэг бодолтой хүн. Энэ үзлээсээ болж арван жил гадаадад гарах эрхгүй болж байсан эрдэмтэн. “Дөрвөн үсгийн асуудал бол монгол хэлний дүрэмд оруулах өөрчлөлтийн өчүүхэн хэсэг нь” гэж хэлэв. Энэ юу гэсэн үг вэ. Зөвхөн цагаан толгойн үсгийг цөөлснөөр гарч болох хор уршгийг тооцоолоход гарах сөрөг үр дагавар нь аймаар. Энэ дөрвөн үсэг орсон нэртэй хүмүүс нэрээ, бичиг баримтаа солиулна, байгууллага, аж ахуйн нэгжүүд ч мөн адил. Албан бичиг тоот, ном сурах бичгүүд солигдоно. Энэ бүхэнд гарах зардал, хөрөнгө мөнгийг тооцож үзсэн үү. Толгой эргэм, бөөлжис цутгам их “өөрчлөлт” гарна. Монголчууд хуучин монгол бичгээ кириллээр солих гэж таван жил мунгинасныг мартамгүй. Зөв бичгийн дүрмээс илүү хийх ажил мундахгүй их байна.
“Хүмүүс энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байна. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” гэж академич Д.Төмөртогоо тайлбарлаж байна. Олон улсын монголч эрдэмтдийн холбооны тэргүүн Д.Төмөртогоо болон бусад санаа нэгтэй байгаа эрдэмтдээс нэг л зүйл асууя. Та бүхэн Монголын ард түмнээ соён гэгээрүүлэх талаар юу хийсэн юм бэ гэж. Дунд үеийн төлөөлөгчидгүй Монголын хэл шинжлэлийн эрдэмтэн нэртэй хөгшчүүдэд зөв бичгийн дүрэм өөрчлөх, их дээд сургуулийн шинэчлэлээс татгалзахаас өөр хийх ажил олдохгүй байна гэж үү. Дөрвөн үсгээр “тоглох”, зөв бичгийн дүрмээр “толгой эргүүлэх” санаа бол хэл бичгийн хэдэн өвгөн эрдэмтдийн хувийн тоглолт, бизнес гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дөрвөн үсэг, гээгдэх эгшгийн дүрмийн тэнэглэлийг гардан зохион байгуулж байгаа эрдэмтэд маань өнөөдөр их, дээд сургуулийн оюутнуудад яг юу, ямар дүрэм зааж байгаа бол. Дөрвөн үсгийг хасах шийдвэрийг УИХ, Засгийн газар тогтоол шийдвэрээ гаргаад баталчихсан хэмээн тархийг нь угааж байж ч мэднэ.
Энэ бүхний эцэст, “эрдэмгүй” эрдэмтдийн хэлж буйгаар монгол хэлний зөв бичгийн дүрмийн өөрчлөлтөө хийчихсэн, шийдчихсэн юм байна. Одоо гагцхүү Төрийн хууль болгон батлуулж, биднээр мөрдүүлэх гэж “хүчиндэх” л үлдсэн бололтой.
Б.Оюунгэрэл
