Хүмүүс үр хүүхэдтэй болохдоо мөрөөдлийнхөө хүүхдийг сонгох боломжтой болсон гэнэ. Царай зүс сайтай, толгойдоо мэдлэгтэй гээд бүхий л зүйлийг харгалзан сонгох боломжтой юм. Тиймээс царайлаг төрсөн бүсгүйчүүдийн эрэлд гарч, тэднээс өндгөн эсийг нь өндөр үнээр худалдан авдаг бизнес томоохон улсуудад хэдийн дэлгэрчээ. Өндгөн эсээ өгдөг үзэсгэлэнт бүсгүйчүүд голдуу загвар өмсөгч, жүжигчид байх нь элбэг гэнэ. Робин Янг гэх 28 настай энэ бүсгүй хамгийн анх 2009 онд 10 мянган ам доллараар өндгөн эсээ худалджээ. Тэрбээр энэ тухайгаа “Би тайчигч болохыг хүсээгүй. Би өөрийн карьераа өсгөхийг хүсэж байсан. Тиймээс үүнээс өөр сонголт надад байгаагүй” хэмээн ярьжээ. Түүний хурц, тачаангүй нүд болон гоолиг биеийг нь харсан хэн боловч түүний өндгөн эсийг худалдаж авахыг зөвшөөрдөг гэнэ. Тиймээс Янг 3 дахь удаагаа өндгөн эсээ худалдахаар бодолцож байгаа тухайгаа ярьсан байна. Эмнэлгийн онолоор бол өндгөн эсээ хамгийн дээд тал нь 6 удаа л өгөх боломжтой хэмээн үздэг аж. Янг өндгөн эсээ өгөх болгондоо худалдан авч буй эцэг, эхчүүдийн дэлгэрэнгүй ярилцлагад ордог гэнэ. Хэдийгээр энэ нь түүнд хэцүү байдаг ч баг зүүхгүй аль болох өөрийгөө хэн вэ гэдгийг үнэн мөнөөр нь хэлэхийг хүсдэг. Яагаад гэвэл тэд ирээдүйд төрөх хүүхдээ ямар хүн болохыг үүнээс мэдэж авах хэрэгтэй шүү дээ хэмээн ярьжээ. Түүний хувьд ингэж мөнгө олох нь сайхан ч өндгөн эсээ авахуулах нь хамгийн хүнд байдаг гэнэ. Хэдийгээр үүнд 20-30-хан минут шаардагддаг ч үүний дараа өвдөлт мэдэрч, их ядардаг хэмээжээ. Мөн хүүхэдтэйгээ хэзээ ч уулзахгүй болон мэдээллийг гадагш гаргахгүй хэмээн маш хатуу гэрээ хийдэг гэнэ.