Америкийн дуучин Бритни Спирс дурлалдаа шатаж байна хэмээн гадаадын сайтууд мэдээлж байна. Нэрт дуучин бүсгүй саяхан олны өмнө өөрийн шинэ найз залуу болох төдийлөн нэрд гараагүй өмгөөлөгч Дэвид Лукадогийн хамтаар гарч ирсэн байна. Энэ оны эхээр сүйт залуу Жэйсон Травикаас харьцаагаа албан ёсоор тасалсан билээ.
Энэ оны хоёрдугаар сард Спирст шинэ найз залуу бий болсон гэх яриа гарсан билээ. Гэвч саяхныг хүртэл тэрбээр тэр залууг хэн болохыг олноос нууж байсан аж. Тэгвэл шаргал үст бүсгүй найз залуугаа албан ёсоор гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө танилцуулжээ.
Спирс “Би дурлаад байна. Дэвид маш зөрүүд залуу. Гэхдээ л би түүнд хайртай. Тэр их хөгжилтэй, бас тачаангуй залуу. Түүний хийж байгаа зүйлийг би таашаадаг. Түүний сонирхдог зүйлс ч сэтгэл татам” хэмээн германы нэгэн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлжээ. Түүнчлэн шинэ найз залуугийнхаа ихэр хүүхдийг гаргахад бэлэн гэдгээ дуулгасан байна.
Г.СҮРЭН