Б.Соёл-Эрдэнэ: Хүүхдийнхээ овгийг өөрчилсөн ч эцгээс нь тэтгэмж авч болно

1_1385557280Манай сонин “Танд тусалъя”  буланг уншигчдын хүсэлтээр ажиллуулж байгаа билээ. Тиймээс уншигч та бүхэн тулгамдаж буй асуудлаараа хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол манай сонины 77119811 утсанд хандаарай. Бид та бүхний тавьсан асуулт бүхэнд албаны эх сурвалжаас тодорхой хариулт  авч сониноороо дамжуулан хүргэх болно. Манай сонины уншигчдаас энэ удаа “Газар өмчлөхөд ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ. Баянзүрх дүүрэгт газар өмчлүүлж байгаа болов уу”, “Хүүхдийнхээ овгийг өөрчлөхөд эцгээс нь тэтгэмж авах эрх хэвээр үлддэг үү. Мөн шүүхээр гэрлэлтээ цуцлуулах гэсэн юм. Хариуцагч тал нь өөр аймагт байгаа бол нэхэмжлэгч талын оршин суугаа газар шүүх хурлыг хийх боломжтой болов уу. Энэ талаар тодруулаад өгөөч” гэсэн хүсэлтүүд  ирсэн юм.

 

Т.Отгонжаргал: ДҮҮРГИЙНХЭЭ  ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБАНД ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА

 

Газар өмчлөлийн талаар ирсэн, уншигчийн хүсэлтийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн Т.Отгонжаргалаас тодрууллаа.

 

-Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөд ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?

-Монгол Улсын иргэнд гэр бүлийн зориулалтаар нэг удаа 0.07 га буюу 700 метр квадрат газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлдэг. Ингэхдээ тухайн иргэн доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөх, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар байх/, цахим үнэмлэхний хуулбар, газрын кадастрын зураг, газрын төлбөрийн баримтыг бүрдүүлнэ.

-Дүүрэг хорооныхоо газрын албанд хандах уу?

-Тэгнэ. Харъяалах дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд газар өмчлөх хүсэлтээ гаргана. Иргэний бүрдүүлсэн материалыг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар өмчлөлийн мэргэжилтэн шаардлага хангасан эсэхийг хянан газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягтанд он, сар гарын үсгээ зурж, өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг өгнө.

-Газар өмчлөх өргөдлийг хэд хоногийн дотор шийдвэрлэдэг юм бэ?

-Тухайн мэргэжилтэн өргөд­лийг ажлын 10 хоногийн дотор газрын хил, хязгаарын алдаатай, орц гарц хаагдсан эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр өмчлөх байршилд орсон эсэх, үерийн болон өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас, инженерийн шугам сүлжээтэй эсэхийг хянан үзээд шийдвэрлэнэ. Ер нь нийслэлийн Засаг даргын захирамжаар 90 хоногийн дотор бүрэн шийдвэрлэгддэг.

-Одоо нийслэлийн хэмжээнд хэчнээн байршилд газар өмчлүүлж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориу­лалтаар иргэнд газар өмчлүүлэх ажил зогссон байгаа. Шинээр 52 байршилд газар өмчлүүлэх талаар хэлэлцэж байгаа. Энэ асуудал шийдвэрлэгдэхээр газраа өмчилж болно.

 

Б.Соёл-Эрдэнэ: ОРШИН СУУГАА ГАЗАР НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

 

Гэрлэлтээ цуцлуулах болон хүүх­дийн овог шилжүүлэх талаар ирсэн хүсэлтийн дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнээс тодрууллаа.

 

-Гэрлэлтээ цуцлуулахад хариуцагч тал орон нутгийн харъяалалтай бол шүүх хурал нь заавал тухайн орон нутагт болох уу. Нэхэмжлэгч талын оршин суугаа газар шүүх хурлыг хийх боломжтой юу?

-Гэр бүлийн холбогдолтой маргааныг шүүхэд гаргахдаа хариуцагчийн оршин суух газарт гаргадаг. Тодруулбал энэ тухай хуулийн 126.1 зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очих боломжгүй байгаа бол өөрийн оршин суугаа газрын шүүхэд  нэхэмжлэлээ гаргаж болно.

-Хүндэтгэн үзэх шалтгаанд ямар хүчин зүйл баг­тах вэ?

-126.2 зааснаар тухайн нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хүн­дэтгэн үзэх бусад шалтгаантай бол өөрийн байгаа газраа нэхэмжлэлээ гаргаж болно гэж заасан байдаг.

-Хүүхдийнхээ овгийг өөрчилсөн бол эцгээс нь тэтгэмж авах эрх нь хэвээр үлдэх үү?

-Хүүхдийн овог нэрийг өөрчилж болно. Овог нэрийг нь сольж байгаа тохиолдолд эцэг, эх нь зөвшилцсөний үндсэн дээр оршин суугаа газрынхаа иргэний бүртгэлийн газар очиж өөрчилж болно. Харин эцэг, эхийн хооронд маргаан үүссэн тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй. Цусны шинжилгээ, ДНК-ийн шинжилгээгээр хүүхэд нь мөн болох нь тогтоогдсон тохиолдолд ээжээрээ овоглож байсан ч тэтгэмжийн мөнгийг авах эрх зүйн үндэстэй.

 

Н.Баасандэмбэрэл

 

прозрачный чехол для iphone 5russian girls dubaiкак раскрутить молодой сайт


Б.Соёл-Эрдэнэ: Хүүхдийнхээ овгийг өөрчилсөн ч эцгээс нь тэтгэмж авч болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.