Хөлөө зөв арчилж хөлийнхөө ядаргааг тайлж байвал бие амардаг. Гэртээ болон гадаа хөл нүцгэн явах нь сайн. Өвлийн цагт хөлөө бүлээн, хүйтэн усанд ээлжлэн хий. Зун цагт голын эрэг дагаж юмуу өвдөг татсан ус туучиж явах зүгээр байдаг.
Мөн хөлийнхөө хуруу, өсгий, гадна дотно талын ирмэгээр явах их сайн. Өдөр болгон бүлээн давстай усанд 10-15 минут хөлөө дүрж байгаад дараа нь зөөлөрсөн хэсгийг үрж тос түрхэж бай. Хөлдөө тос түрхэхдээ хоёр гараараа хөлийнхөө хуруунаас эхлэн дээш нь явах маягаар цусны эргэлтээ идэвхжүүлбэл ашигтай байдаг.
Ийм иллэгийг ялангуяа өдөржин зогсож ажилласан бол орой болгон хийх хэрэгтэй. Хэрэв бололцоотой бол өдөртөө гутлаа сольж байх хэрэгтэй. Хөлийнхөө хумсыг хагас дугуйгаар биш тэгшхэн тайрч байгаарай.
Хөлийн судас томорч эхэлбэл эмнэлэгт үзүүлээрэй. Эмч зөвшөөрвөл өглөө, орой хоёр дараах дасгалыг хийнэ. Дээшээ харж хэвтээд хөлөө дээш нь өргөж байгаад дугуйгаар явах хөдөлгөөн хийнэ. Өдрийн турш хэд хэдэн удаа эхлээд зүүн хөлөө, дараа нь баруун хөлөө сайн сэгсэрч өгнө. Өвдөгөө нугалахгүйгээр хичээн хөлөө савлана.
Эхлээд аажуухан дараа нь хүчтэй идэвхтэйхэн хийнэ. Өргөсөн хөлөө хооронд нь бага зэрэг холдуулж алга таших маягаар нийлүүлнэ. Сандал дээр суугаад хэдэн минутын турш хоосон лонхыг нүцгэн хөлөөрөө өнхрүүлдэг амархан дасгал бас бий.