
-Монголд анх удаа зохиогдсон соло бүжгийн тэмцээнд түрүүлсэн гэж сонслоо. Энэ тухай эхлээд ярина уу?
-Анхандаа би оролцъё гэж бодоогүй. Миний найз нөхөд гээд их олон хүн намайг энэ тэмцээнд оролцоод үз гэж байсан. Тухайн үед ч би бэртэлтэй, эмч он гартал бүжиглэж болохгүй гэсэн байсан. Тийм болохоор олон хоног бодсон, зүүдэлсэн, бүжиглэдэг найзуудаасаа асуусан. Тэгээд л тэмцээнд оролцохоор шийдсэн. Хүмүүс тэмцээнд оролцохдоо түрүүлнэ гэсэн итгэлтэй оролцдог. Гэтэл би өөрийгөө сориод үзье, юмыг яаж мэдэх вэ түрүүлчих ч юм билүү гэж оролцсон. Ядаж л хоёр, гуравдугаар шат хүртэл явах байх гэж бодсон. Түрүүлнэ гэж ганц ч удаа бодоогүй.
-Өмнө нь бүжгийн төрлийн ямар нэг уралдаанд оролцож байв уу?
-Бүжгийн тэмцээнд оролцож байгаагүй. Дууны тэмцээнүүдэд бол орж байсан. Саяхан 25 дугаар суваг телевизийн “Making the band 4” шоунд оролцож сүүлийн шатанд үлдсэн. Тухайн үед шүүгчдээс бүжгээрээ өндөр үнэлгээ авсан. Шоуны шүүгч нараас бүжгийн тал дээр хамтарч ажиллах санал тавьсан байгаа. Бүжиглэдэг хүүхдүүд чинь өмнө нь ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцсон байдаг бол “Solo dance” шоу нь миний хувьд анхны тэмцээн. Анхныхаа тэмцээнээс ийм өндөр амжилт гаргасандаа баяртай байгаа.
-Бүжгийг хэрхэн суралцсан бэ. Мэргэжлийн багш байгаа юу?
-Байхгүй. Бүжгийг телевиз, бич лэгээс харж суралцсан. Балет бүжиглэж байгаа охидуудыг хараад ямар гоё юм бэ гээд л сонирхож өөрөө бие даан хичээллэж эхэлсэн. Одоо балет оролддог, бүх төрлийн бүжиг бүжиглэхийг хүсдэг. Бүжгээр хичээллээд гурван жил болох гэж байна.
-Шоунд ямар төрлийн бүжиг бүжиглэсэн бэ?
-“Solo dance” шоу маань дөрвөн шаттай зохион байгуулагдсан. Анх 50 гаруй оролцогчтой эхэлсэн. Эхний шатанд би хамгийн сайн чаддаг хип хоп төрлөөр бүжиглэсэн. Нэгдүгээр шатнаас оролцогчдын тал нь бараг хасагдсан байх. Хоёрдугаар шатанд монгол бүжиг бүжиглэсэн. Хосоороо бүжиглэх байсан юм. Манай хамтрагч электро бүжигчин болохоор монгол бүжиг бүжиглэхэд хэцүү байсан. Өөрөө сурахын хажуугаар хамтрагчдаа заана гэдэг тийм ч амар ажил биш байсан шүү. Бидэнд хамгийн их туслалцаа үзүүлсэн хүн бол ДБЭЧ-ын бүжигчин, МУГЖ Одонтуяа эгч, “Бие чинь больё” бүжгийг дэглэсэн Баяртбаатар нартаа баярласнаа илэрхийлье. Ер нь эхний шатнаасаа л шүүгчдээс урмын сайхан үгс сонсч ирсэн. Гэсэн хэдий ч ялна гэсэн итгэл төрөхгүй л байсан. Гуравдугаар шатанд “Locking” бүжгийн төрлийг сугалсан. Энэ бүжгийг бүжиглэдэг хүмүүс Монголд цөөхөн юм билээ. Багш олдохгүй, бичлэг их үзсэний үр дүнд ямартаа ч бөөгийн талаар тодорхой ойлголт авч бүжгээ дэглээд эцсийн шатанд шилдэг найман оролцогчтой үлдсэн. Төгсгөлийн шатанд би өөрийгөө өөр талаас нь харуулахыг хүссэн. Шоунд бүжиглэсэн бүжгүүдээ харахад эрэгтэйлэг шинж чанар давамгай байсан. Тийм болохоор төгсгөлийн шатанд өөрийгөө эвдэж, эмэгтэйлэг дүр төрхөө харуулсан орчин үеийн модерн бүжгийг сонгосон. Энэ нь ч зөв сонголт болсон гэж бодож байна.
-Дөрөвдүгээр курсийн оюутанд их хариуцлага ирдэг. Энэ үедээ бүжиг хөөгөөд явахад гэрийнхэн чинь хэр хүлээж авсан бэ?
-Гэрийнхэн маань намайг бүжиглэхийг ерөөсөө зөвшөөрдөггүй байсан. Хичээлээ хий, хичээлээ хий. Оюутан хүнд хариуцлага их бий гэдэг байсан. Анхандаа тэмцээнд оролцож байгаа талаар гэрийнхэндээ хэлээгүй. Телевизээр гарч эхлэхэд л гэрийнхэн мэдсэн. Тэгээд шүүгчдийн хэлж буй магтаалын үг, миний авьяасыг хараад гэр бүлийнхэн минь илүү их дэмжих болсон. Өдөр нь хичээлдээ явж, хамтлагийнхаа бэлтгэлд очиж, орой нь шоуныхаа бүжгийг бэлтгэдэг байлаа. Энэ их бэлтгэлийн минь үр дүн гарсан гэж бодож байна.
-Сургуулиа төгсөөд юу хийх вэ?
-МУИС-д ороод АСК тэмцээнд оролцох шалгаруулалтад орж, бүжиглэж эхэлсэн. Надад их таалагдсан. Нэг ёсондоо МУИС-д орсноор би бүжиглэх болсон. Өөр сургуульд байсан бол магадгүй бүжгийг сонирхохгүй байсан байх. Би МУИС-ийн анхны урлагийн клубын даргаар ажиллаж байсан маань миний нэг бахархал. Хаана ч явсан хүмүүс намайг бүжигчин байна гэж хэлэхэд би баярладаг. Мэргэжлийн бус ч гэсэн хүмүүс намайг ийм өндөрт үнэлдэгт нь баярладаг. Ер нь би амьдралаа бүжиг, урлаггүйгээр төсөөлж чаддаггүй. Ялангуяа бүжиг бол залуу насны хөдөлмөр. Залуу насандаа бүжиглэсээр л байх болно.
-Танай шоуг зурагтаар үзэж байлаа. Өрсөлдөгчид чинь их хүчтэй байсан?
-Тийм шүү. Манай шилдэг наймд үлдсэн залуус бүгд их авьяастай сайн бүжиглэж байсан. Тэр дундаас 12 настай Б.Тэмүүлэнг хүмүүс түрүүлэх байх гэж байсан. Миний хувьд ч Тэмүүлэнг түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан юм. Ялагчийг зарлах төгсгөлийн шатанд Тэмүүлэн миний хажууд зогсч байсныг санаж байна. Хөтлөгч соло бүжгийн аварга Түвшинжаргал гэж хэлэхэд би юу ч мэдэхгүй зогсоод байсан гэсэн. Тэгээд найз минь намайг нудрах үед тайзнаа гарч шагналаа хүртсэн. Эцсийн мөч хүртэл надад ялагч болно гэсэн итгэл төрөөгүй.