Авьяаслаг хөгжимчин хүүд АНУ явах зардлыг нь өгнө гэв

“Virtouso 2013” шилдэг фестиваль өчигдөр ДБЭТ-ын тайзнаа болж өнгөрлөө.

Тухайн жилдээ томоохон амжилт гаргасан хөгжимчид оролцдог уг фестивальд С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБК-ийн цохивор хөгжмийн чуулгын хөгжимчин Н.Бямбадорж хоёрдугаар байранд шалгарчээ. Түүнтэй уулзаж ярилцав.

Авьяаслаг хөгжимчин хүүд АНУ явах зардлыг нь өгнө гэв
-Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Н.Бямбадорж гэдэг. 19 настай. ХБК-ийн Цохивор хөгжмийн ангийн нэгдүгээр курсын оюутан. 2012 онд Ж.Чулууны нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдааны хоёрдугаар байр, “Virtouso-2013” фестивалийн  хоёрдугаар байр, Мэргэжлийн цохивор хөгжим үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн уралдааны хоёрдугаар байранд шалгарсан. Манай цохивор хөгжмийн чуулга 2010 оны “Мөнгөн мод” шилдэг хөгжимчний наадам,  “Интерпренер-2012” шагнал,  2012 оны “Мөнгөн хараацай” наадмын тэргүүн байр, Юнескогийн Зүүн Азийн Хүүхдийн урлагийн Х их наадамд амжилттай оролцож байсан.
-Хэзээнээс эхлэн цохивор хөгжмөөр тоглож эхлэв. Яагаад заавал цохивор хөгжмийг сонгов?
-2007 онд ХБК-д зургадугаар ангидаа орсон. Анх яг цохивор хөгжмийн ангид ороогүй л дээ. Манай ээжийн хамгийн том эгч, ХБК-ийн хуучрын багш Д.Бодьсүрэн гэж бий. Эгч маань миний авьяасыг нээж, намайг урлагт хөтөлсөн. Анх бишгүүр хөгжмийн ангид шалгуулахад чигчий хуруу богинодоод хасагдаж байлаа. Тэгэхэд багш нар намайг ангидаа авна гэж булаацалдсан. Манай Бодьсүрэн багш “Чи ритм сайтай юм чинь цохивор хөгжмийн ангид ор” гэж зөвлөсний дагуу цохивор хөгжмөөр хичээллэж эхэлсэн.
-Чамайг Стэнфордын их сургуульд урилгаар суралцаж, алдартай оркестортой хамт гоцлол тоглосон гэж дуулсан?
-Манайд урилгаар ажиллаж байсан АНУ-ын удирдаач Жин Дун Цай манай сургуулиас хүүхдүүд  шалгаруулахад 4 хүүхэд тэнцэж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр АНУ-ын Стэнфордын их сургуульд өнгөрөгч зуны долдугаар сард 21 хоног сураад ирсэн. Шилдгүүд цугласан газарт очоод нэлээд сандарсан шүү. Тэгээд тоглолтоороо шилдэг хөгжимчнөөр шалгарч, алдартай симфони оркестортой хамт  П.И.Чайковский, Л.Бетховений зохиолуудыг гоцлон тоглосон маань миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монголд жуулчилж байсан америк хүн миний тоглолтыг үзсэний дараа тайзны араар ирж тэврээд “Сайн байна уу, баярлалаа” гэж байсан.

Өчигдөр болсон шилдэг хөгжимчдийн фестивалийн үеэр аз таарсан тохиолдол боллоо.  Надад өмнө нь Жулиардын их сургуульд сурлцах хүсэлт ирсэн ч надад санхүүгүийн дэмжлэг туслалцаа байхгүй байснаас хойшлоод л явсан. Би бэлтгэлээ сайн хийж, цаашид энэ сургуульд суралцахыг маш их хүсдэг. Фестивалийн эхэнд тоглочихоод орсны дараа дахин тайзан дээр урьсан л даа. Тэгсэн “Бямбадоржийн шүтэн бишрэгч байна. Би энэ авьяаслаг хүүгийн тоглолт бүрийг үзэж бахархаж явдаг. Америк явах замын зардлыг нь би хувиасаа даана” гэсэн. Энэ бол миний амьдралд олдсон хамгийн том боломж. Хүнд сэтгэл байвал бүх юм бүтдэг юм байна гэдгийг мэдэж авлаа. Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Сургуулийн хамт олон, багш нартаа талархал илэрхийлье. Мөн Монголын номер нэг төгөлдөр хуурч  Шаравцэрэн багш биднийг Америк явахад интернетээр зуучилж, холбож, том тус болсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
-Авьяасыг чинь таньж ивээн тэтгэнэ гэдэг том аз завшаан. Ивээн тэтгэгчтэйгээ танилцав уу?
-Тэр хүн Америкт амьдардаг монгол эмэгтэй. Би сайн танихгүй. Дүү нь ДБЭТ-ын захирал байсан Б.Сэргэлэн гуай юм билээ. Анх миний тоглолтыг Сэргэлэн  дарга үзээд “Би чамайг толгойндоо save хийсэн” гээд инээж байсныг санаж байна. Харин өчигдөр надтай уулзаж, “Би чамайг яриад, эгчээрээ ивээн тэтгүүлсэн. Чи үнэхээр гоц авьяастай юм билээ. Чамд их баярлалаа. Монголынхоо нэрийг гаргаж яваарай” гэж хэлсэн тэр үг надад маш их урам зориг, эрч хүч өглөө. Миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч өчигдөр тохиолоо. Монголд урлагийг ойлгодог, авьяасыг олж харж чаддаг хүмүүс өшөө олон болоосой. Монголд цохивор хөгжмийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэнэ гэж боддог.

-Ивээн тэтгэгч нь зөвхөн замын зардлыг тань даах уу, сургалтын төлбөрөө яаж зохицуулах вэ?
-Төлбөр мөнгөний хувьд үнэхээр хүнд. Аав саяхан ослоос болж нуруундаа гэмтэлтэй ажил хийх боломжгүй. Ээж бөөрний дутагдалтай, хоёулаа эрүүл мэндийн хувьд тааруу, халамжийн хэдэн төгрөгөөр амьдардаг. Одоогоор хичээлийнхээ хажуугаар  Дуурийн театрт ажиллаж цалин авч байна. Ямар нэгэн олон улсын чанартай тэмцээн, уралдаанд явахад төлбөр мөнгөний хувьд үнэхээр  дутагдалтай. Ивээн тэтгэгч тэр бүр олддоггүй. Одоо харин Жулиардын сургуулиас албан ёсоор урилгаа аваад, багш нартаа хандана. Дэмжээд сургалтын төлбөрийг маань улсаас хариуцах юм бол сурах боломж маань нээгдэнэ гэсэн үг. Уг нь амьдралын төвшин доогуур ч авьяаслаг оюутнаа дэмжинэ гэсэн Ерөнхийлөгчийн үг бий шүү дээ.
-Салбарын яамандаа хандаж үзсэн үү. Хэр дэмжиж байна вэ?
-Стэнфордын зуны сургалтад явахад замын зардлаас эхлээд бидэнд дэмжлэг хэрэгтэй байсан.  Тэгээд би өөрөө Соёлын сайд Ц.Оюунгэрэлд хандсан юм. Сайд харин  та нарыг сургуулиас чинь дэмжээч гэсэн тодорхойлолт хэрэгтэй гэсэн. Захирал Б.Эрдэнэбатаас тодорхойлолт авч бидний зардлын талыг  Соёлын сангаас гаргаж өгсөнд маш их талархаж явдаг. Үлдсэн тал зардлаа олох гээд сандарч явахад минь миний мэргэжлийн багш Б.Зоригт “Багш нь чамайг дэмжихгүй бол хэнийг дэмжих билээ” гээд надад зардлыг маань гүйцээж өгсөн. Халаасандаа 100 доллартай л АНУ явж байлаа. Очоод байр, хоол, сургалтын төлбөр нь үнэгүй учраас бүх зүйл сайхан байсан. Монгол хүүхэд ямар авьяастай юм бэ гэдэг ойлрголтыг  Стэнфордын их сургуулийн профессор, багш нарт өгч чадсан. Тиймээс профессор багш нар нь манай сургуулийн хаалга чамд нээлттэй гэсэн. Надад тус дэм болсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Ачийг тань авьяас, амжилтаараа хариулна, надад итгээрэй. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэж яасан үнэн үг вэ гэдгийг сэтгэлээрээ мэдэрсэн.

Ж.Болор montsame

сумка для macbook air 11new york vip escorts


Авьяаслаг хөгжимчин хүүд АНУ явах зардлыг нь өгнө гэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.