СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын үндэсний хоолны соёл, кимчи дарах арга буюу “Кимжан”-ыг ЮНЕСКО биет бус соёлын өвийн жагсаалтдаа орууллаа.
Азербайжанд өчигдөр болсон хорооныхоо уулзалтын үеэр НҮБ-ын тус байгууллага уг шийдвэрийг гаргажээ.
Халуун ногоотой даршилсан ногоо буюу кимчи хийх аргыг “Кимжан” гэдэг юм. Өмнөд солонгосчууд өвлийн хүйтэн саруудад хэрэглэхээр уг хүнсийг бэлтгэдэг уламжлалтай.
ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад Өмнөд Солонгосын үндэсний бүжиг “Гангансуллэ”, ардын дуу “Ариран” зэрэг 16 өв одоогоор байна.
Тус улсын Засгийн газар үндэсний хоолоо дэлхий дахинд сурталчлахаар ажиллаж байгаа билээ. Тэд үндэсний хоолоо “K-food” гэж нэрлэжээ.
Г.Доржханд montsame