Бямба гаригийн шөнө тус арга хэмжээний продюсер Кен Ерлич ёслолыг бүхэлд нь түүний дурсгалд зориулан өөрчилнө хэмээн амлажээ. Үнэхээр ч амласандаа хүрч Лос-Анжелес хотын “Стейплс” төвд гурван цаг гаруй үргэлжилсэн шагнал гардуулах ёслол Хьюстонд хүндэтгэл үзүүлснээр эхэлж, дуучин Жэннифер Хадсон түүний нэрийн хуудас болсон “I Will Always Love You” дууг нь дуулснаар үргэлжилсэн. Гунигтай, нулимстай ёслолын хатан хаанаар Адель тодорч, тэрбээр энэ үдэш нэр дэвшсэн бүхий л төрөлдөө ялалт байгуулж, зургаан “Грэмми”-тэй гэртээ харив. Нэг дор зургаан эгшигт хайрцаг гардсанаараа эмэгтэй дуучдыг тэргүүлдэг Бьонситой тэрбээр эн зэрэгцлээ.
21 насандаа гаргасан “21” цомог нь зургаан сая хувь борлогдож, өнгөрөгч оны хамгийн борлуулалт ихтэй цомог болсон бол Үндэсний дуу бичлэгийн урлаг болон шинжлэх ухааны академи шилдгийн шилдэг болон шилдэг поп цомгоор тодрууллаа. Тэр шилдэг бүтээлийн шагналаа гардсаныхаа дараа “Ээж ээ, алт ч сайхан юм аа” хэмээн хошигнож амжсан. Түүнчлэн “Rolling in the Deep” дуугаараа шилдэг бичлэг, оны шилдэг дуу, шилдэг клип төрөлд шалгарч, “Someone Like You” бүтээлээрээ оны шилдэг поп тоглолт шагнал хүртсэн. Түүний араас Америкийн альтер натив рок хамтлаг “Foo Fighters” дөрвөн шагналтайгаар нэхэж, “Дуэтууд 2” цомгийн дуунуудаараа гурван ч шагнал хүртсэн ахмад зүтгэлтэн Тони Беннет, рэппер Кайни Уэст, электро хөгжмийн продюссер Skrillex нар айрагдлаа.
О.УНДАРМАА /монголньюс.мн/