Сэдэв : Иргэдийн хяналт үнэлгээ
Тухайн орон нутаг бие даан хөгжих боломжийг Орон Нутгийн Хөгжлийн Сан олгож байгаа. Хэдийгээр энэ сангийн хөрөнгийн зарцуулалтын эрх нутгийн иргэдэд байгаа боловч иргэд мэдээлэл, идэвх муутай байгаагаас болж хэрэгжүүлэх эрхээ бүрэн эдлэж чадахгүй байгаа нь үнэн.
Иймд орон нутгийн иргэдэд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн тухай мэдээ мэдээллийг олгоход анхааран ажиллах шаардлагатай байна. Ялангуяа санд төвлөрсөн хөрөнгийн асуудлаар нээлттэй мэдээллийг цаг алдалгүй өгч байх нь зүйтэй юм.
Учир нь орон нутгийн хөгжлийн сан нь Монгол улсын төсвийн нэг хэсэг мөн тул аль ч шатлалын төсөв хөрөнгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстой. Нөгөө талаараа Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгийг зарцуулах төлөвлөлтийг иргэд өөрсдөө гаргах учраас энэ талаар үнэн зөв мэдээлэлтэй байх нь чухал юм.
Үүнээс гадна Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгийн зарцуулалтад иргэд үнэлгээ өгдөг байх ёстой. Ингэснээр төвлөрсөн төсвийн хөрөнгө ямар ажилд хэрхэн зарцуулагдаж, үүнээс гарах үр дүн хөрсөнд бууж, бодитой ажил болж чадаж байгаа эсэхийг үнэлэх нь ээ.
Иргэдээс гаргасан үнэлгээнээс хамаарч тухайн орон нутагт хийгдэх дараа дараагийн ажлын санхүүжилт баталгаажина гэж ойлгож болох юм. Ийм учраас иргэн та өөрийн амьдарч байгаа орон нутгаа хөгжүүлж, амьдрах орчиноо сайжруулахыг хүсвэл Орон Нутгийн Хөгжлийн Сангийн тухай мэдээлэлтэй байж, хэрэгжүүлэхэд гар бие оролцох нь чухал юм.