Хувь хүн болон нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн аж төрөх амьдралын хэв маяг, соёлын бүрэлдэхүүн хэсгийг шинжлэх ухаанд “Лайфстайл” хэмээн тодорхойлдог билээ.Энэхүү ойлголтыг Австрийн сэтгэл судлаач Альфред Адлер (1870 – 1937) анх тодорхойлсон байдаг бөгөөд 1950-аад оноос урлагийн нэг төрөл болж хөгжиж эхэлжээ. Та бүхэнд хүргэж байгаа энэхүү мэдээлэлд хувь хүний хамгийн хачирхалтай гэгдэх амьдралын хэв маягуудыг онцолсон болно.

Виктория хатан хааны үед “амьдардаг” эмэгтэй
Гоо сайханч мэргэжилтэй Сара Крисман (33 настай) хэмээх Америк эмэгтэй өнгөрсөн 4 жилийг Английн Виктория (1819 – 1901) хатан хааны үед амьдарч байгаа мэтээр сэтгэж өнгөрүүлжээ. Түүний ийнхүү сэтгэж амьдрах болсон шалтгаан нь 29 насны төрсөн өдрөөс нь эхлэлтэй бөгөөд нөхөр нь түүнд төрсөн өдрийн бэлэг болгож корсет бэлэглэсэн байна. Урьд өмнө нь корсетийг огтхон ч таашааж үздэггүй байсан Сарагийн хувьд 29 насны төрсөн өдрийн энэ бэлэг нь амьдралыг нь өөрчилсөн үнэхээр гайхалтай үйл явдал болжээ. Өөртөө итгэл муутай, мяраалаг нэгэн байсан тэрээр өдөр бүр корсет өмсөх болсноор гуалиг бие галбиртай болж, өөртөө итгэлтэй болсон төдийгүй нөхрийнхөө хамт одоогоос 200 жилийн тэртээх амьдралын хэв маягаар амьдрах болсон байна.Сара Крисман нөхрийнх нь бэлэглэсэн корсет амьдралыг нь хэрхэн өөрчилсөн тухай өгүүлсэн “Victorian Secret: What a Corset Taught Me About the Past, the Present and Myself” (2013) номоо гаргаад байгаа бөгөөд тэрээр өөрийн бүхий л хувцасыг гараар оёж, машины оронд унадаг дугуй худалдан авч, чийдэнгийн оронд лааны тосон гэрэл хэрэглэхийн сацуу XIX зууны үеийн жороор хоолоо хийж иддэг байна. Виктория хатан хааны үеийн түүхийг сонирхон судалж нөхрийнхөө хамт номын сан явах дуртай бөгөөд орон гэрээ бүхэлд нь Виктория хатан хааны үеийн интерьерээр тохижуулсан ажээ. Түүний хэлснээр энэ бол өөрсдийнх нь сонгосон амьдралын хэв маяг бөгөөд зөвхөн Сара Крисманы амьдрал билээ.

Өөрийгөө “нохой” мэт төсөөлдөг нэгэн
АНУ-ын Питтсбург хотноо амьдардаг 48 настай Гэри Мэтьюс гэгч нь өөрийгөө нохой мэт санаж нохойн хүзүүвч зүүхээс эхлээд нохойн зориулалтын хоол идэж, нохойн үүрэнд унтахаас гадна нохой шиг хуцдаг нэгэн гэнэ. Өөрийн нэрийг Бүүмер хэмээн өөрчилж нохой шиг амьдрах болсон тэрээр Диснейн “101 Dalmatians”, “The Shaggy Dog” зэрэг хүүхэлдэйн киног үзсэнээс хойш өөрийгөө нохойтой зүйрлэж эхэлсэн бөгөөд хамгийн дуртай нохойн хоол нь “Pedigree” брэндийнх байдаг тухайгаа “ABC News.com” сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрээр өдөр бүр нохойн хоол иддэггүй бөгөөд заримдаа ганцаардахаараа өөрийн хийсэн нохойн үүрэндээ унтдаг гэнэ.Мэдээллийн технологийн техникчээр ажиллаж байсан түүнийг харахад амьдалын ийм хэв маягийг сонгохоор хүн гэдэгт хэн ч эргэлзмээр сайхан хүн байсан бөгөөд эцэг эх нь нас барахдаа багагүй өв хөрөнгө үлдээсэн нь ийнхүү сэтгэл амар амьдрах үндэс болдог байна. Гэригийн хамаатны нэг эгч нь Калифорнид амьдардаг ч түүнийг солиотой хэмээн үзэж огт уулздаггүй гэнэ. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд тэрээр өөртэйгөө ижил сэтгэхүйтэй өхөөрдөм эм “амьтныг” хайж байгаагаа нийтэд дэлгэжээ.

Хиймэл амьсгалын аппаратанд “61 жил” амьдарсан эмээ
Хиймэл амьсгалын “Iron Lung” гэж нэрлэдэг төхөөрөмжид амьдралынхаа 61 жилийг өнгөрүүлсэн энэ хүнийг Марта Мэйсон гэдэг. Тэрээр 1937 – 2009 онд Америкийн Хойд Каролина мужид амьдарч байсан нэгэн бөгөөд 11 настайдаа халдварт саагаар өвчилснөөсөө хойш тахир дутуу болж улмаар хиймэл амьсгалын аппаратанд амьдрах болжээ. Сэтгэл шимшрүүлэм түүний амьдралын тухай “Breath: Life in Rhythm of an Iron Lung” намтарчилсан номноос нь унших боломжтой юм. Эмч нар түүнийг 1 жил л амьдрах настай хэмээн оношилж байсан ч энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр өөрийн хүссэнээр сэтгэл амар амьдарсан нэгэн бөгөөд энэхүү төхөөрөмж нь түүний уушгийг тэлж агшааж амьсгалахад нь тусалдаг байжээ. Учир нь саа өвчний улмаас уушигны булчингийн хөдөлгөөн нь саармагжсан байсан байна. Тэрээр 2.1 м урт, 362 кг төмрөөр хийсэн “Iron Lung” төхөөрөмжийн тусламжтайгаар дэлхий ертөнцийг танин мэдэх туйлын сониуч бөгөөд талархах сэтгэлийг тээн амьдарсан нэгэн ажээ.

Сайн мэдээг түгээгч Христийн “аварга загалмайтай” элч
Английн иргэн Линдси Хэймон (60 настай) 1987 оноос хойших амьдралынхаа 26 жилийг Христийн тухай сайн мэдээг түгээхэд зориулан яваа сайн дурын номлогч нэгэн юм. Тэрээр Беларус, Бангладеш, Бельги, Герман, Франц, Голланд, Энэтхэг, Унгар, Шинэ Зеланд, ОХУ, Шри Ланк гээд маш олон орноор аялаад байгаа бөгөөд түүнийг онцлох онцгой нэгэн зүйл нь мөрөн дээрээ өдрийн 12 цаг гаруй авч явдаг Христийн загалмай нь юм. Энэ нь царс модоор хийсэн 3.6 м урт, 1.8 м өргөн загалмай бөгөөд Христийн тухай сонсохыг хүссэн хүмүүст сайн мэдээг түгээсээр маш олон жилийг үджээ. Энэ хугацаанд Линдсид гадаа гудманд хонохоос эхлээд 00 барихаар ухсан нүхэнд хүртэл хоног төөрүүлэх ч үе байдаг байсан ба тэрээр Латвиг зорихоосоо өмнө эхнэр хүүхэд дээрээ очихоор төрөлх Англи орноороо аялж байгаа юм байна. Түүний хэлснээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө өгүүлж байгаа бүхнийг минь хэл нэвтрэлцэхгүй ч сэтгэл зүрхээрээ мэдэрч сонссон маш олон хүмүүстэй тааралдаж тэдний өмнөөс залбирал үйлдсээр явах болно гэжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болохыг “мөрөөдөгч”
Төрөлхийн эсвэл олдмол хэлбэрээр тахир дутуугийн тэргэнцэр дээр нэгэн насыг барна гэдэг хүн бүрийн хувьд амьдралын маш хүнд сорилт хийгээд сэтгэлийн тэнхээ, асар их тэвчээр шаарддаг зүйл билээ. Тэгвэл эрүүл саруул төрсөн химич мэргэжилтэй энэ эмэгтэй бэлхүүснээсээ доош тахир дутуу болж үзэхийг мөрөөддөг нэгэн бөгөөд энэ ч утгаараа тахир дутуугийн тэргэнцэр дээр амьдрах амьдралын хачирхалтай хэв маягийг бий болгожээ. Түүнийг Хло Женнинс Уайт гэдэг ба 57 настай тэрээр Юта мужид амьдардаг ажээ. Тэрээр сэтгэцийн маш ноцтой “BIID” эмгэгээр шаналж байгаа нэгэн бөгөөд үүнээсээ үүдэн тахир дутуу болмоор санагддаг гэнэ.Женнинс өдрийн 12 цагийг тэргэнцэр дээр сууж өнгөрүүлдэг ба тахир дутуу болмоор санагдсан хүсэлдээ автаж машины осолд орчих юмсан, тэшүүрээр гулгаж байгаад нугасаа гэмтээчих юмсан гэхчилэн мөрөөддөг байна. Түүний хэлснээр маш олон хүнээс таагүй уур амьсгал бүхий сэтгэгдэл олон ирдэг ч миний дотор сэтгэлзүйд юу болоод байгааг огтхон ч мэдэхгүй учраас намайг ойлгодоггүй. Тахир дутуугийн тэргэнцэр дээр сууж өөрийгөө тахир дутуу болсноор төсөөлж амьдрах нь надад сайхан байна гэсэн байна.

Жоом “үржүүлэгч”
Мишиган мужийн нэгэн их сургуулийн оюутан Кайл Кандилиан нь гэртээ 200.000 орчим жоомтой амьдардаг амьдралын хачирхалтай хэв маяг бүхий хүмүүсийн нэг юм. Тэрээр жоомыг хөгжилтэй байх болон ашиг олох зорилгоор үржүүлэн тэжээдэг бөгөөд 15 жил амьдрах чадвартай “Macropanesthia Rhinoceros” төрлийн жоом нь $200 ам.долларын үнэ хүрдэг байна. Кайл бизнесийн маш олон хамтрагчтай бөгөөд эдгээр жоомыг нь эрдэм шинжилгээний зорилгоор худалдаж авах нэгэн байхад хүнсэндээ хэрэглэх зорилготой нэгэн нь ч байх ажээ. Энэ жил 20 настай Кайл өнгөрсөн 8 жилийн турш жоом үржүүлж байгаа ба 160 гаруй төрөл зүйлийн жоомтой болжээ. Түүний энэхүү этгээд амьдралын хэв маяг нь эцэг эхэд нь багагүй төвөгтэй байдаг ба нэг өглөө Кайлыг ээж нь эртлэн сэрээжээ. Тэгээд угаалгын өрөө рүү дагуулан ортол исгэрэн шаржигнах жоомнууд нь 00-ын цаасан дээр нь тухтай гэгч нь нойрсож байсан гэнэ.
Нөхөр ба нууц амрагтайгаа хамт “амьдрагч” эмэгтэй
Нөхөр эсвэл нууц амрагийнхаа чухам хэнийг нь сонгох эсэхээ шийдэж чадахгүй байсан хоёр хүүхдийн эх Мария нөхөр ба нууц амрагтайгаа нэг гэрт амьдардаг дэлхий дээрх хамгийн хачирхалтай бөгөөд хамгийн аз жаргалтай нэгэн ажээ. Тэрээр нөхрөөсөө салахаар шийдэж нууц амраг Петер Груман дээрээ очсон боловч амьдрал нь санаснаар болсонгүй нөхөр Полыгоо маш их санах болсноор энэ хоёр эрийн хэнийг нь ч орхиж чадахгүй гэдгээ ойлгожээ.Улмаар тэднийг танилцуулсан нь амжилттай болж нөхөр ба нууц амраг нар нь сайн найзууд болж хоёр охинтойгоо тавуул энх тунх, амар жимэр амьдарч байгаа гэнэ. Байшингаа томруулахаар шийдээд байгаа энэхүү хачирхалтай гэр бүлийнхэн Лондон хотноо амьдардаг бөгөөд Мария нөхөр ба нууц амрагийнхаа аль алинтай нь сексийн харилцаанд ордог ч энэ тухайгаа хэн хэнд нь дэлгээд бас мэдэгдээд байдаггүй нууцалдаг гэнэ. Энэ нь нэгийг нь байхгүй үед нөгөөтэй нь сексийн харилцаанд ордог гэсэн үг бөгөөд Мария охидуудтайгаа нэг өрөөнд байдаг бол нууц амраг нь буйдан дээр, нөхөр нь дээд давхрынхаа өрөөнд унтдаг байна. Зурагт байгаа арын том зураг бол орлуулж илэрхийлэх санааг гаргасан зураг бөгөөд жижигхэн хэсэгт 33 настай Мария нөхөр ба нууц амрагийн хамт байгаа нь юм. Зүүн талд нөхөр Пол, 37 настай. Харин баруун талд нууц амраг Петер, 36 настай ажээ.

1986 онд байгаа мэтээр “аж төрдөг” гэр бүл
Канадын Онтариод амьдрадаг Блэйр МакМилланы гэр бүлийнхэн 1986 онд байгаа мэтээр сэтгэж амьдардаг ээлжит нэгэн амьдралын хачирхалтай хэв маяг бүхий гэр бүлээр нэрлэгдэж байна. Блэйр ба гэргий Морган Пэти нар нь Трэй, Дентон нарын хоёр хүүтэй бөгөөд энэ гэр бүл гар утас хэрэглэдэггүй, интернэт ашигладаггүй, кабелийн суваг үздэггүйгээс гадна гэрт нь кофе чанагч ч байдаггүй гэнэ. Амьдралаа сонирхолтой байлгахыг хүссэн гэр бүлийн энэхүү санааг 1986 оноор сонгосон шалтгаан нь Блэйр МакМиллан ба Морган Пэти нар нь 1986 онд төрсөнтэй нь холбоотой юм байна.

700 мууртай амьдардаг “Америк” эмэгтэй
Америкийн Калифорни мужид амьдардаг Линия Латтанзио нь дэлхийн хамгийн олон мууртай буюу 700 гаруй муурны хамт амьдардаг Америк эмэгтэй юм. 1981 онд нөхрөөсөө салснаас хойш гадаа гудманд тааралдсан муурнуудыг авч гэртээ тэжээх болсон тэрээр 19.000 гаруй муурны амийг аварчээ. 700 гаруй муурнаас гадна 15 нохойн хамтаар аж төрдөг түүнд тусалдаг маш олон хүн байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн мөнгө санхүүгийн тусламж, хандиваар энэ олон муурыг тэжээж байгаа тухайгаа “Daily Mail” сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Линия Латтанзио нь багаасаа л мууртай болохыг хүсдэг байсан ч ээж нь зөвшөөрдөггүй байсан учраас муур тэжээж байгаагүй ч өдгөө маш олон муурны амийг аварч тэжээн тэтгэж байгаа билээ.

Аалзаар хүрээлүүлсэн “Англи” оюутан
“Steatoda” бол дэлхий дээр 120 гаруй төрөл байдаг хортой аазлнуудын нэг бөгөөд “False Widow” нэрээрээ танигдсан аалзны төрөл юм. Энэхүү аалзыг аминд халтай “Black Widow” аалзтай андуурах нь элбэг боловч энэ нь “Black Widow” шиг хүний амийг авч одоход хүргэх хөнөөлтэй шавж биш ажээ. Ийнхүү аалзтай амьдралаа холбосон маш олон хүн байдгаас нийтэд танигдсан нь Английн Бракнел хотод амьдардаг Жэй Райх хэмээх бүсгүй юм. Түүний үзэж байгаагаар аалз бол үнэхээр өхөөрдөм амьтдын нэг бөгөөд Сила гэж нэрлэсэн “False Widow” аалз нь 10 өндөг гаргажээ. Жэй Райхын хүсдэг зүйл нь “False Widow” аалз нь хүний биед ямар ч хоргүй гэдгийг батлах явдал бөгөөд олны өмнө үүнийг гэрчлэх мөрөөдөлтэй нэгэн ба аалзныхаа төрөл болон тоо хэмжээг нэмэх сонирхолтой нэгэн ажээ.
ЭХ СУРВАЛЖ: PLAYSKULL.MN