АМИН АНД МИНЬ

/Амин анд найздаа зориулав/

 

 

Анд нөхрийнхөө төлөө

Алтан амиа хайрлахгүй өргөдөг

Амьсгалынхаа эцсийн мөчид ч

Аз жаргал ерөөж чаддаг

Агуу нөхөрлөлийн түүх

Үлгэр домогт л зөвхөн байдаг гэж үү?

Үгүй шүү үгүй

Үнэн амьдралаас

Үлгэр домог эхтэй юм шүү

Үнэнч нөхөрлөлийн өмнө

Үхэл хүртэл өвдөг сөгддөг юм

 

Амин анд минь гэж андгай өргөөгүй ч

Аз жаргал, амьдралынх нь төлөө

Алд биендээ андынхаа зовлонг нь үүрч чаддаг

Ач хэзээ ч нэхддэггүй бас бач санадаггүй

Анзаарагдахгүй атлаа ард минь бат хэрэм шиг зогсдог

Агуу найз жүжиг, зохиолд л оршдог юм уу?

 

Бас л үгүй  шүү үгүй

Баримт түүхээс

Бүхий л урлаг улбаатай юм шүү

Бат нөхөрлөлийн өмнө

Бартаа зовлон хүртэл юу ч биш болдог юм

 

Амьдрал гэдэг баян хэрнээ ядуу

Амьд явна гэдэг хүнд ачаатай бас хүнд даваа олонтой

Аз жаргалтай үед анд нөхөд олон

Ачтан тустан олон

Амьдралыг чи өнгөтөөр харж

Амттанаар төсөөлнө

Агуу ихийн дэмийрэлд автаж

Аяа “би би” гэж цээжээ дэлдэж дүрдээ итгэнэ

Анд нөхдийг чи дэмээр нь үнэлж, зусраар нь шагнана

Андгай биш хундага өргөж салют буудуулна

Амьдрал биш ашиг орлого, эрх мэдэл ярилцана

Ядар ч явсан үеийн найзуудаа мартаж

Яг л төрөл арилжсан мэт холын нэгэн болно

 

Хүндэлсэн болгон чиний найз болохын цагт чи өөрийгөө ч танихгүй

Хатуу үг хэлсэн бүхэн чиний дайсан болохын цагт чи найзыгаа танихгүй …

 

Алдаж эндэхийн цагт хорвоод чи цор ганцаараа

Адлагсад, архирагчид олон

Асгарах нулимс, цусны өнгөөр хорвоог харж

Айдас алдаагаар амьдралыг төсөөлнө…

 

Алдаагаа чи зөвхөн ганцаараа үүрдэг жамтай орчлонд

Ах дүү, амраг хайрт, хамтран зүтгэгч, журмын нөхөд, дотно найзаа

Ахин дахин он цагийн хуудсыг буцаан эргүүлж дэнслэх болно

Асар их харуусал аргасан нүдэнд хурж аянга шиг цахилна

Аньсан нүдийг чинь нээж сохрын үүлнээс салгана

 

Нээгдсэн нүдэнд, цэлмэсэн ухаанд чинь

Нэгэнт өнгөрсөн амьдралыг буцааж болохгүй ч

Нэг хоромыг ч алдалгүй нөхөхсөн гэж үзэгдэнэ

Нэг насаараа одоо дахиж алдахгүй юмсан гэж санагдана

 

Амьдрал гэдэг чинь  БОДИТ БАЙДАЛ гэж чи дуу алдана

Амьдрал гэдэг чинь АМАР АМГАЛАН гэж чи дуу алдана

Амьдрал гэдэг чинь ГЭР БҮЛ гэж чи дуу алдана

Амьдрал гэдэг чинь АНДЫН НӨХӨРЛӨЛ гэж чи дуу алдана…

 

Амин ганц найз чинь тэр үед чиний төлөө яг хэвээрээ байх болно

Амжилтын чинь дарснаас хүртэх зиндаа дутаж явсан байлаа ч

Ухаарлын чинь нулимсыг хамт залгилах анд чинь байнаа

Уучлалын сэтгэлдээ гомдлын мөргүй нөхөр чинь байнаа

 

Урмын үгийг зүрхэнд чинь шивнэж

Угтах амьдралд дэргэд чинь хэвээрээ

Хатуухан үгээр алдааг чинь хэлж

Халж хөрөх амьдралд  хажууд чинь хэвээрээ

 

Даваад гарах зориг чамд байвал

Дэвээд өгөх заяа түшдэг

Дэмнээд өгөх нөхөр чамд байвал

Дэвшээд гарах ухаан бий шүү…

 

Аз жаргал гэдэг зовлонгийн эх

Амьдрал гэдэг зовонгийн эцэг

Аяа бидэн түүний үр билээ

Аз жаргалаар амьдралыг сүлэх учиртай

 

Анд минь чи бид хамтдаа

Асаж амьдрах дөл

Унтарсан түүдэг асаах цог билээ

Унтартлаа шатах илч, гэрэл билээ

 

Нартад би азтай хүн

Намайг гэх найзтай хүн

Энэ хорвоод хүн бүхэн

Эгнэшгүй сайхан найзтай байдаг

 

Яг одоо та ч гэсэн

Ялгаагүй над шиг найзынхаа тухай бод

Олон сайхан найзууд дундаасаа

Онцолж заримыг нь санаарай

 

Багын найз, байрны найз

Нутгийн найз, нугын найз

Цэцэрлэгийн найз, цэргийн найз

Зуслангийн найз, зугаалгын найз

Арван жилийн найз, оюутны найз

Ажлын найз, журмын найз

Гэр бүлийн найз, гэнэтийн найз

Ойрын найз, холын найз

Тусалдаг найз, холгодог найз

Заганадаг найз, магтдаг найз…

Энэ олон найзын ангилалд чинь

Их л олон нэрсүүд хөвөрнө

Эдэн дундаасаа алийг нь ч онцлох

Их хүнд гэдгийг мэднэ

 

Хүн болгонтой нөхөр явах сайхан

Хүндлэл хайрыг бусдад түгээж явах буян… Гэхдээ

Олон түмнийг найзаа гэж явдаг хүн

Орь ганцаар үлдэхэд нэг ч найзгүй байдгийг санаарай

 

Хүн болгонд таалагдаж явдаг хүн

Хэрэг дээрээ өөрөө ганцаардаж явдгийг бодоорой

 

Тийм л учраас хүмүүс

Дотно найз, амин анд, андгай өргөсөн нөхөр…

Хамгийн дотно гэж заримыг онцолдог бизээ

Хамаг бүхнээ итгэж даатгадаг

Ийм л нарийн надин холбоонууд

Их амьдралын замд аалзны тор шиг хэлхэлддэг

Нийгэм хэмээх тогтоцын

Нэг том эд эс нь болдог

 

Нэгхэн олдох амьдралдаа

Найз минь л гэж бие бие дээ…

Нууцаа хадгалуулах андгүй бол

Нулимсаа арчуулах андгүй бол

Зовлонгоо хуваалцах андгүй бол

Зориг нэмэх андгүй бол

Амьдралаа зөвлөх андгүй бол

Алдаагаа хэлэх андгүй бол

Өмөөрч хамгаалах андгүй бол

Өрөвдөж хайрлах андгүй бол

Дэврэхэд дарах андгүй бол

Дордоход өргөх андгүй бол

Хундага өргөх андгүй бол

Дөрөө харших андгүй бол

Дөлөө хүү гэж би хэн юм бэ

Дуулимд амьдрах утгагүй шүү дээ

 

Амин анд минь эээ

Алдаа онооны минь аль ч цагт

Дэргэд байдаг итгэлт нөхөр минь

Дэнслэвч ялалдаггүй бурхан найз минь

 

Амин анд гэж

Нэгдээ уурлахад өөдөөс нь зөөллөдөг

Нэгнээ асаж дайрахад урдаас нь тэрслэхгүй тайвшруулдаг

Нэгнээ гуниж гутрахад хатуужуулж зоригжуулдаг

Нэгнээ хөөрч дарвихад дарж ухааруулдаг

 

Амин анд минь чамайг

Дуу гэвэл би аяыг чинь мэднээ

Дарс гэвэл би охийг чинь мэднэ

Илд гэвэл би ирийг чинь мэднэ

Бамбай гэвэл би нөмрийг чинь мэднэ

Гал гэвэл би ичлийг чинь мэднэ

Гол гэвэл би гүнийг чинь мэднэ

Ном гэвэл би төгсгөлийг нь мэднэ

Нулимс гэвэл би үнэ цэнийг нь мэднэ

 

Амин анд минь чи

Амьдралын минь түүхийн хуудас бүхэнд

Алтан үсгээр бичигдэх

Аялгуу дуу шүлгийн минь мөрөнд

Ая дан болон буух

Аминаас үнэтэй

Анд минь л билээ.

 

Болодын .Мөнхдөл.

2013-12-21 өдөр

 

 чехол айфонdubai escort japanese


АМИН АНД МИНЬ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: zochin Огноо: 21 December 2013 Reply

goy shuleg bna

Нэр: баяртуяа Огноо: 10 April 2014 Reply

маш их гоё шүлэг юмаа чинхэн найзийн талаар бичсэн шүлэг байна надад таалагдлаа

Нэр: отго Огноо: 21 November 2014 Reply

гоё юумаа

Нэр: enhmend zozko hoer ni bnaoo Огноо: 29 October 2015 Reply

mash ih goy shulegnuud bna
oshoo olon shuleg bicheerei

Нэр: Билгүүнбаяр Огноо: 11 November 2016 Reply

Үнэхээр сэтгэл дулаацуулсан гайхалтай шүлэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.