
1. “The Innovator’s Dilemma” / Clayton M. Christensen
Олон улсын бизнесийн шилдэг номоор шалгарч дэлхийн 25 оронд худалдаанд гарч байсан тус ном нь аливаа ажлыг авч хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд авч үзэх алхам буюу ямар арга барил, тактикаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх тухай өгүүлсэн дэлхийн шилдэг бүтээл юм байна.

2. “Good to Great” / Jim Collins
Бизнесийн зөвлөх Жэймс Коллинсийн гаргасан 2001 оны энэхүү номд аливаа компаний хэрхэн өсөж дэвждэг тухай, зарим нь яагаад байрандаа байгаад л байдаг талаарх харьцуулалт дүгнэлт, онолын тухай өгүүлсэн байх агаад аливаа компаний уналт болоод өсөлтийг тухайн компаний ажилтан албан хаагчид, мөн өрсөлдөх чадварын шилжилтэд тулгуурлан авч үзсэн байна. Сайнаас агуу болох зорилтот компанид хэрэгтэй 7 шинжийг мөн дэлгэрэнгүй тоочжээ.

3. “The 7 Habits of Highly Effective People” / Stephen R. Covey
Худалдаанд гарсан даруйдаа дэлхийн 38 хэл дээр орчуулагдаж олон улсын бэстселлэр ном бож байсан Ютагаас гаралтай нэрт зохиолч Стефэн Ковигийн (1932 – 2012) “Үр бүтээлтэй хүний 7 дадал” номыг уншаагүй хүн гэж үгүй биз ээ. “Time” сэтгүүлээс гаргасан бизнесийн удирдлагын чиглэлээрх нөлөө бүхий 25 шилдэг бүтээлийн нэгээр нэрлэгдэж байсан тус ном анх 1989 онд хэвлэгдэж байжээ.

4. “The E – Myth Revisited” / Michael E. Gerber
Жижиг дунд бизнесийн зах зээлд 50 орчим жилийн тэртээгээс хөл тавьж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллагуудад бизнесийн сургалт явуулдаг компаниа байгуулсан Америкийн зохиолч Майкл И. Гербэр энэхүү номдоо бизнесийн арга ухааныг А үсгээс нь эхлэн сонсох хувилбартайгаар хавсарган гаргасан бөгөөд яагаад жижиг дунд бизнес алдагдал, дампууралд хүрдэг болох үүнээс хэрхэн сэргийлэх, гарах зэрэг тухайн зах зээлээ хэрхэн зөв мэдэрч ажиллах бүхнийг өгүүлжээ.

5. “How to Win Friends & Influence People” / Dale Carnegie
Аливаа ажил бизнесийн амжилттай гараа нь юун түрүүнд өөрийгөө, оюун бодол болоод ирээдүйд итгэх итгэл, сэтгэлийн галыг бадамлаах явдал байдаг. Америкийн нэрт зохиолч, лектор Дэйл Карнегийн (1888 – 1955) одоо ч эрэлт ихтэй байдаг 1936 оны эл ном нь хувь хүний хөгжилд зориулагдан гарсан анхны бэстселлэр номнуудын нэг юм. Гэр бүлээ хэрхэн аз жаргалтай залж чиглүүлэх, удирдагч байхын тулд мөрдвөл зохих онол, хүмүүсийг хэрхэн өөртөө татаж багийнхаа гишүүнээр элсүүлэх тухайгаас эхлээд түүний энэхүү номд хувь хүний чадамжийн тухай товч бөгөөд тодорхой олон санааг гаргасан байдаг.

6. “Getting Things Done” / David Allen
Үндэсний бэстселлэр болж байсан зохиолч Дэйвид Аллены энэ ном нь цагийн менежментийг өөртөө хэрхэн төлөвшүүлж бага хугацаанд хэрхэн ихийг бүтээх – хөдөлмөрийн бүтээмжид зориулсан ном ажээ. Түүнчлэн аливаа зорилго, зорилтоо бодол санаандаа нөөгөөд л суух биш тухай бүрт нь ажил болгохын үнэ цэнэ, утга учрыг томруун өгүүлсэн гайхалтай бүтээл болжээ.

7. “Wealth of Nations” / Adam Smith
Шотландын эдийн засагч, философич Адам Смитийн 1776 онд гаргаж байсан “Үндэсний баялаг” хэмээх тус ном бол эдийн засгийн сонгодог онолын ном гэж нэрлэгддэг бөгөөд аж үйлдвэржиж эхэлж байсан тэртээх он жилүүдэд ид шуугианы бай болсон чөлөөт эдийн засгийн тухай маргаантай асуудлыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл юм байна. Тухайн үеийн нийгэм санхүүгийн тогтолцоо, макро эдийн засгийн цаадах нарийн учгийг олж хараагүйн улмаас ихэд бүдүүлэг балмад байсан гэнэ.

8. “The Art of War” / Sun Tzu
Эртний Хятадын цэргийн нэрт жанжин, философич Сунзигийн өдгөөгөөс 2000 гаруй жилийн тэртээ бичсэн цэрэг дайны стратегийн тухай өгүүлсэн “Дайтах урлаг” – түүхэн ном бол яахын аргагүй удаах шилдэг бүтээлийн нэгээр нэрлэгдэх нь зүй юм. Хэрхэн ямар арга зам тактикаар дайснаа дарах нарийн боловсруулсан арга болон бизнесийн салбарт амжилт олохоор яваа залуу мэргэжилтний ур сэтгэхүйг нэг өнцгөөр жишин үзэж болохуйц тус номыг уншаад нэг үзээрэй. Анх Франц хэл дээр 1772 онд орчуулагдан гарч байсан ном 13 бүлэгтэй ба Англи хэлээр 1910 онд гарч байжээ.

9. “The Millionaire Next Door” / Thomas J. Stanley & William D. Danko
Томас Жэй. Стэнли нь “New York Times”-ийн бэстселлэр цөөнгүй бүтээлүүдээрээ олонд танигдсан Америкийн нэрт зохиолч юм. Түүний цөөнгүй бүтээл хэд хэдэн шагналыг хүртсэн ба Виллиам Ди. Данкотой хамтран бичсэн Америкийн баялагийн тухай гайхалтай нууцуудын тайлал хэмээн тодотгосон энэ бүтээл анх 1996 онд хэвлэгдэн гарч байсан бөгөөд 2010 онд дахин худалдаанд гарсан ажээ.
Саятан хүнд байх 7 онцлог шинжийг авч үзсэн тэрээр мөнгө санхүүгээ хэрхэн зөв удирдан зарцуулах, цаашлаад боловсрол мэдлэг – ажил мэргэжлээ хэрхэн сонгоход чиглэсэн хэд хэдэн гол санаа ба онолыг дэвшүүлсэн байна.

10. “The 4 Hour Workweek” / Timothy Ferris
Хүнсний нэмэлт тэжээл витамин зарж амьдралынхаа цөөнгүй жилийг үдсэн Тимоти Феррисийг алдрын оргилд хөтөлсөн гэж болохоор энэ ном нь шилдгүүдийн жагсаалтад зүй ёсоор бичигддэг бөгөөд тэрээр өөрөө өөртөө туслах бие хүний эзэмшвэл зохих чадваруудыг туулж өнгөрүүлсэн амьдралаасаа сэдэвлэн бичсэн гэдэг. Тэрээр дэлхийн Гиннесийн номд танго бүжгийн хосгүй эргэлтээрээ дээд амжилтын өргөмжлөлийг эзэмшдэг нэгэн ажээ.
Интернэтийн бизнес эрхэлж байсан Тимотигийн тус номд энэ талын цөөнгүй мэдээлэл, туршлага гарах ба айдас эргэлзээгээ хэрхэн таягдан хаяж, хаана хүрэхийг хүссэн өндөрлөг болоод хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь байх тухай өгүүлэхээс эхлээд мөнгө санхүү, цагийг хэрхэн үр дүнтэй ашиглах зэрэг амжилтад хүрэх алхмуудын тухай 4 бүлэгт багтаан өгүүлжээ.

10 + 1. “Nothing to Lose, Everything Gain” / Ryan Blair
Гудамжны гэмт бүлэглэлийн бүдүүлэг хүүгээс хэрхэн дэлхийн шилдэг саятнуудын эгнээнд өөрийн хүч хөдөлмөрөөр хүрсэн тухайгаа өгүүлсэн Америкийн зохиолч, бизнесмэн Райны энэхүү номд түүний гэх ертөнцөд орших дэлхийн бизнесийн голч тэнхлэг агуулагдах ажээ. Тэрээр аливаа бизнесийн төлөвлөгөө нь хэвлэмэл цаас, найруулга эсвэл агуулгаараа бус бодит амьдрал дээр хэрхэн биелэлээ олж хэрэгжсэнээрээ үнэлэгдэх учиртай гэж үздэг нэгэн бөгөөд энэ чиглэлд сонирхолтой хүн бүрийн мэдүүштэй олон үзлийг шингээжээ.
ЭХ СУРВАЛЖ: PLAYSKULL.MN