“Би сайн жүжигчин л дээ. Гэхдээ агуу биш” . Tэр нэгэн ярилцлагадаа ингэж хэлсэн байдаг. Энэ үгээ магадгүй өнөөдөр ч давтах биз. “Би олон сайхан кинонд тоглосон. Бүгд л муугүй болсон гэж боддог” гэж тэрбээр уран бүтээлийн болон амьдралын туршлагаа хуваалцаж байв. “Муугүй болсон” гэдэг үг нь юу илэрхийлж байгааг бүгд мэднэ. Нэр хүнд, үзэсгэлэнт гэргий, зургаан хүүхэд, олон зуун шагнал, дэлхийн өнцөг булан бүрт байх тансаг орд харш Брэд Питтийнх. Тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд харамгүй оролцож, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалдаг. Брэд папарациудаас нуугддаг ч бүхий л хэвлэлд ярилцлага өгөхдөө нээлттэй жүжигчин. Ялангуяа Африкийн өлсөж буй хүмүүс, экологийн байдлын чиглэлээр бол тэр дуртайяа ярина. Тэр ер нь их яриасаг жүжигчин. Брэдийг 1991 онд “Тельма, Луис хоёр” кинонд тоглосноос нь хойш хорь гаруй жил хамгийн тачаангуй залуу гэсэн нэр дагаж яваа.
Гурван аймшигтай зүйл байдаг нь гоо үзэсгэлэн, алдар нэр, эд баялаг
Жулиа Робертс: “Тэр алдар нэр, мөнгөгүй байсан ч Холливуд түүнийг хэзээ ч мартахааргүй цорын ганц хүн”
Жүжигчний гэр бүлийг төрсөн, өргөмөл нийлсэн зургаан хүүхдийнх нь хамт хэвлэлээр янз бүрээр бичиж, шог зураачид зурж Брэдийнхэн ёстой л дэлхий нийтийн сэдэв болдог. “Би саяхан тамхи татахаа больсон. Зарим кино маань намайг тамхи татахыг шаардаад байдаг байсан юм” гэж жүжигчин ярьсан байдаг. Алдарт “Хөвгүүдийн клуб” (1999) киног бүтээсэн компанийн тэргүүн Лайра Зискин Питтийн талаар “Тэр байгалиасаа л сайхан төрсөн залуу. Тухайлбал, нэг кинон дээр шүдээ мултлуулчихсан гарч байгаа харагдсан. Гэсэн ч тэр яг л бурхан л тийм байдаг байх гэмээр төгс харагдаж байсан” гэж ярьсан байдаг.
Харин Брэд нэг удаа “Би заримдаа бөөн барилгын ажилчдын хажуугаар өнгөрч яваа бүсгүй шиг л өөрийгөө мэдэрдэг байсан” гэж хошигнож байв. “Төвдийн лам нар гурван аймшигтай зүйл байдаг гэж өгүүлсэн байдаг. Тэр нь гоо үзэсгэлэн, алдар нэр, эд баялаг. Би үүнтэй санал нийлдэг юм” гэж жүжигчин ярьсан удаатай.
Холливудыг байлдан дагуулсан нь
Оклахома муж. Шоуни хот. Брэдийн аав Уильям Питт ачаа тээврийн компанийн менежер, ээж Жейн Этта Хиллхаус нь дунд сургуулийн зөвлөх байв. Брэд Питт Даг, Жули хэмээх хоёр дүүтэй. Уильям Брэдли Питт уламжлалт, ёс заншилтай, ихээхэн хүмүүжилтэй гэр бүлд төржээ. Холливудын оддын дунд ховор байдаг гэр бүлд төрсөн Брэд эцэг эхийгээ дуурайхыг хүсээгүй аж. Питтийн гэр бүл бүтэн сайн өдөр бүр сүм явдаг шашинлаг гэр бүл байсан гэдэг. Хооллохынхоо өмнө залбирал үйлдэнэ. Брэд сүмийн найрал дуу дуулна. Энэ бүхэн залуу Брэдэд таалагддаггүй байжээ. Удалгүй тэр гэрээ, төрөлх Спрингфилдээ орхин Лос-Анжелесийг зорихдоо Холливудыг гайхшруулах зорилготой байсан гэдэг. Дунд сургуулийн найзууд, оюутны ангийнхан нь Брэдийг бага зэрэг ичимхий ч нийтэч, бас жаахан залхуу гэж дурсан ярьсан байдаг. Түүнийг Питтбул гэж хочилдог байсан аж.
Лос Анжелест тэр амжилтын үзүүрээс атгажээ. Оюутан залуу “El Pollo Loco”-гийн сүлжээ ресторанд ажиллаж, ачаа зөөж, жолооч хийж амьдралаа залгуулдаг байжээ. Энэ зуураа цуврал кинонуудад тоглож байв. Удалгүй “Тельма, Луис хоёр” кино Брэдийг “секс-бэлэг тэмдэг” болгов. Сайхан залуу, авьяаслаг жүжигчин Брэд ийнхүү олны анхаарлын төвд байх болжээ.
Анжитай учирсан нь хамгийн том шагнал
Брэд Питт дөрвөн бүсгүйтэй нэр холбогдсон нь бүгд алдартай бүсгүйчүүд. Жульет Льюис, Гвинет Пэлтроу, Женнифер Энистон, Анжелина Жоли. Харин жүжигчний анхны хайр ангийнх нь Лора хэмээх охин байсан гэдэг. Дурлалдаа шатсан хөвгүүн Лорагийн цонхны доор өвлийн шөнийн хүйтнийг үл харгалзан зогсож, цасан дээр нэрийг нь бичиж байсан ч охин түүний сэтгэлийг хүлээж аваагүй аж.
Харин залуу хатагтай Жульет бол арай өөр. Жульет Льюисийг 17 настай байхад Брэд 26 настай байв. “Үхэхэд хэтэрхий эрт байна” кино тэдний хайр дурлалийн эхлэлийг тавьжээ. Хосууд амжилтад хүрэв. Гэвч олны анхаарлын төвд байгаа найз залуугаа хардсан Жульет “Калифорниа”-д хамтран тоглоод гурван жилийн хамтын амьдралдаа цэг тавив. Гэвч бүсгүй Брэд, Гвинет Пэлтроу хоёрын хайр дурлалын талаар сонсоод амиа хорлохыг завдаж байсан гэдэг.
Харин нөлөө бүхий продюсер аавтай, нэрт жүжигчин ээжтэй Гвинет боловсролтой, жинхэнэ дээдсийн удамтай бүсгүй байв. Брэд киноны зураг авалтын үеэр түүнд ухаангүй дурлажээ. Тэд анхны уулзалтаараа л бие биедээ татагдсан аж. Гэвч Гвинетийн эцэг, эхийн хувьд охиных нь дурлал толгойн өвчин болов. Гвинет ухаантай, хүмүүжилтэй бүсгүй байсан тул ээжтэйгээ маргасангүй. Тэр зүгээр л хайртыгаа хүмүүжүүлэхээр шийджээ. Хөөрхий Брэд. Зурагтын өмнө хэдэн цагаар ч хамаагүй хэвтдэг байсан залуу уран зургийн галерей, театраар явж, ном уншин, классик хөгжим сонирхох хэрэгтэй болов. Тэр гурван жил л тэсчээ. Брэд, Гвинет хоёрын салалтын талаар хэвлэлүүд мэдэх гээд чадаагүй гэдэг. Хожим нь Гвинет “Брэд намайг юу хийхийг нь зааж үйлдэл болгоныг нь шийдэхгүй байхыг хүсдэг байсан” гэж ярьжээ. Салсныхаа дараа Брэд “Гвинет гэж хэн юм бэ”, харин Гвинет “Түүнийг ийм удаан тэснэ гэж бодоогүй шүү” гэх мэтээр нэгнээ үзэн ядсан өнгө аясаар ярилцлага өгч байв.
Удалгүй Брэдийн амьдралд Женнифер Энистон гарч ирлээ. “Найзууд” киноны од бүсгүй түүнээс хүмүүжил шаардсангүй. “Жен намайг байгаагаар минь л хүлээж авсан. Би бүтэн цагаар ч хамаагүй зурагт үзэн гэртээ сууж , дугуй, мотоциклоор явах дуртай. Жен алийг нь ч эсэргүүцээгүй” гэж Брэд дурссан байдаг.
2000 оны зун Холливудын тансаг хуримнуудын нэг болсон нь Брэд, Женнифер хоёрынх байв. Гэвч тэд долоон жилийн хамтын амьдралдаа цэг тавих болсон шалтгааныг нь Анжелина гэж байв. Гэвч Анжелина “Би буруугүй ээ, тэр өөрөө л ирсэн” гэж хашгирах ч эрхтэй аж. “Би түүнийг сэтгэлийн шаналлаас нь салгасан. Брэд хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа их шаналдаг байсан юм” гэж Анжи ярьсан байдаг. “Анжелинатай учирсан нь надад хамгийн том шагнал” гэж Брэд нэг ярилцлагадаа хэлсэн билээ. Тэд одоо зургаан хүүхдийн эцэг эх, аз жаргалтай гэр бүл.