Н.Батцэцэг: Урлаг өөртөө ухаан жолоогүй дурласан хүнд л хайр хишгээ өгдөг

527-1389068158batsteЭнэ удаагийн дугаартаа “Эх бүрдийн домог”, “Тойрох хуудас”, “Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа”, “Сийлэн бөөр” гэх зэрэг дэлгэцийн олон бүтээлд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон МУГЖ Н.Батцэцэгтэй ярилцлаа.

-Батцэцэг эгч 50 Мянгатын унаган охин. Хоёулаа ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье. Багадаа хэр нээлттэй охин байв?

-Миний хүүхэд нас 50 Мянгатад өнгөрсөн. Бидний үеийнхэн яаж өсч байсан, тэр үеийн айлууд хүүхдээ яаж өсгөж байсан яг л тэр жишгээр өссөн дөө. Би чинь эцэг эхээс дөрвүүлээ. Спорт сонирхоно, дуулж хуурдана, багт наадамд оролцоно. Өөрийгөө таньж мэдэхийн тулд юм юманд л авъясаа сорьж байсан үе юм шиг байгаа юм. Хүүхэд л болсон хойно янз бүрийн юм сонирхдог байлаа. Гэхдээ тийм ч нээлттэй, нүүрэмгий охин байгаагүй.

-Орос хэлний орчуулагч мэргэжилтэй. Оюутан насныхаа тухай дурсвал?

-Би МУИС-ийн Орос хэлний орчуулагчийн анги төгссөн. Анх оюутан болохдоо 17 настай байлаа. Оюутан нас минь маш их мөрөөдлөөр жигүүрлэсэн, олон найзтай бужигнаж шуугиж өнгөрсөн. Угаасаа хүний хориодхон нас гэдэг чинь хамгийн одтой, шидтэй, гоё нас байдаг шүү дээ. Ер нь миний оюутан нас их азтай байсан. Дөнгөж нэгдүгээр дамжаанд сурч байхдаа дүр хайж явсан киноныхонтой тааралдаж киноны сорилд орж байлаа.

Тэр сорилдоо тэнцээд дэлгэцэнд залуу насаа мөнхөлж байлаа. Оюутан байх таван жилийн хугацаандаа “Эх бүрдийн домог”, “Дэгдээхэй нас”, “Хүний амь”, “Тойрох хуудас”, “Суварган цэнхэр уулс” гээд таван кинонд тоглосон байдаг Насаараа урлагийн салбарт явж байгаа мөртлөө нэг кинонд тоглосон хүн ч байдаг шүү дээ. Тэгэхээр над шиг мэргэжлийн биш оюутны хувьд энэ олон кинонд дараалаад тоглоно гэдэг чинь бас л их хувь тохиол.

-”Эх бүрдийн домог” киноны тухай ярья. Таны ажилласан хамгийн анхны кино. Дээрээс нь мэргэжлийн жүжигчин биш учраас шантрах үе гарч байв уу?

-Энэ кино маань С.Эрдэнэ гуайн “Нарангарвуу” гээд өгүүллэгээс сэдэвлэсэн кино. Киноны сонгон шалгаруулалтад орохдоо өөрөөсөө их ичиж, санаа зовж байлаа. Их л олон гоё эгч нар, гадаад дотоод явдаг ганган хүүхнүүд байсан. Тэгэхэд би нүүрээ ч будаж мэдэхгүй амьтан байлаа шүү дээ. Хөөрхий “Хамуутай хар даага” гэдэг шиг л буланд зогсоод тэднийг хардаг байлаа. Дотроо “Ер нь би бараа сураггүй юм байна. Зүгээр хамгийн сүүлд нь орсон болоод явъя” гэж бодож байсан.

Тэгээд “Их сургуулийн оюутан Батцэцэг” гээд миний нэрийг дуудахаар нь “Намайг дараа нь оруулаад өгөөч, би хамгийн сүүлд нь оръё” гэж гуйгаад л. Их гоё хувцас өмсгөөд, нүүр будаж өгөөд, зөндөө олон унжуурга ээмэг зүүлгээд л оруулсан. Тэгтэл дараагийн шатны шалгаруулалтдаа тэнцлээ. Дараа нь гурав дахь шалгаруулалтад орсон. Тэгээд хичээлдээ явж байсан чинь манай гэрийнхэнтэй “Охин чинь энэ кинонд явахаар боллоо. Өмнөговь руу гурван сарын хугацаатай явна.

Биеэ даагаад явж чадах уу” гээд ярьсан байсан. Тухайн үед чинь би 18 нас хүрэх гэж байлаа. Тэгээд миний юмыг бэлдэнэ гээд л гэрээрээ бөөн юм болж байсан санагдана. Манай ээж надад цэргийн оёдлын үйлдвэрт ууттай хөнжил захиалаад л, эвхдэг ор бэлдээд л. Манайх тийм юм огт мэдэхгүй шүү дээ. Өөр юу хэрэг болдог юм болоо гэж сандраад л. Очоод чаддаг юм байхгүй маш хэцүү, бэрхшээлтэй байсан.

Уйлахдаа уйлаад, дуулахдаа дуулаад. “Би чадахгүй юм байна,буцлаа” гээд шантраад зам дагаад алхаж байсан үе ч бий. Гэхдээ кино дэлгэцэнд гараад, хүмүүс халуун дулаан үг хэлээд, би өөрөө өөрийгөө нэг шат ахиж байна гэдгээ мэдрэхээр хүн эргээд сэтгэлийн тэнхээ авч урамшдаг юм билээ. Гоё будаад, гоё хувцас өмсөөд, хэлдэггүй гоё үгс миний үгийн санд ороод ирэхээр би өөрийгөө огт өөр болсныг дэлгэцэн дээрээс харж мэдэрч байлаа. Тухайн үед миний нас, миний өөрийн байгаа байдал энэ кинонд таарсан болоод л намайг сонгосон байх гэж боддог доо. Түүнээс биш зөндөө л олон сайхан хүмүүс байсан шүү дээ.

-Энэ кинонд тоглохоосоо өмнө өөрийгөө жүжигчин болно гэж төсөөлж байв уу. Ер нь жүжигчний мэргэжлийг сонирхож байсан уу?

-Жүжигчин мэргэжлийг сонирхож байсан л даа. “Нөгөө цэргийн халаасанд генералын мөрдөс явдаг” гэдэг шиг /инээв/. Хэр хэмжээ минь хүрэхгүй ч гэсэн дотроо сайн сайхан юм мөрөөддөг байлаа шүү дээ. Миний хамгийн эхний мөрөөдөл бол “Кино жүжигчин болдогсон бол гоё доо” гэсэн мөрөөдөл байсан. Гэхдээ хүн хараад “Их санаатай амьтан” гэж хэлнэ гэж ичээд хүмүүст хэлдэггүй байсан л даа. Хоёр дахь мөрөөдөл минь болохоор хэлний орчуулагч байлаа.

Намайг хүүхэд байхад орчуулагч их өөр харагддаг байсан. Бидний мэддэггүй ертөнцөөр аялдаг, мэддэггүй хэлээр юм уншиж ярьдаг, өргөн хүрээний хүмүүстэй харьцдаг. Дээр нь хувийн соёл нь их сайхан санагддаг байсан. Хажуугаар зөрөөд өнгөрөхөд нь гоё үнэртэй ус сэнгэнэдэг, хувцас хунарыг нь харахад их өөр байдаг байсан даа. Тэгээд энэ хоёр мөрөөдөл минь миний чин хүсэл байсан болохоор үүндээ зорьсон доо.

-Ангийн найз Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатартайгаа “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс” гээд хэд хэдэн уран бүтээлд хамтарч ажилласан байдаг. Хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг уу?

-Бид хоёр хамгийн анх Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн “Хүний амь” кинонд хамт тоглосон. Төмөрбаатарынхаа багш болж тоглож байлаа. Бид хоёр хоёулаа жаахан хүүхэд хэрнээ би нүүр хувиргалт хийлгээд л тоглож байсан. Гэхдээ жижиг дүр л дээ. Дараа нь 1976 онд “Суварган цэнхэр уулс” кинонд бас хамт тоглосон. Анх Жигжидсүрэн найруулагч надад киноны зохиол өгөөд “Энийг сайн уншаад ир. Наад дээр чинь гарч байгаа Солонго гээд дүр чинь чи шүү” гэж хэлсэн.

Тэгэхэд би бараг “Баярлалаа” гээд хашгирахад ч багадахаар баярлаж байлаа. Гол дүрээ надад өгнө гэдэг чинь миний хувьд том аз завшаан байсан. Тэгээд бараг л өрөөнийх нь хаалгаар гараагүй байж уншаад эхэлсэн дээ. Ингэж л энэ кинондоо тоглосон. Тэрнээс хойш хэд хэдэн уран бүтээлд хамтарч ажилласан. Ер нь хүмүүс анзаарсан бол миний үеийн эрэгтэй жүжигчин их ховор. нэг бол би өөрөөсөө арваад насаар дүү Г.Золбоот, У.Батбаатар гээд жүжигчидтэй хамтрах болдог, нэг бол арай ах П.Цэрэндагва ах зэрэг жүжигчидтэйгээ тоглох болдог. Тэгэхээр миний “Партнерийн ханхүү” нь Төмөрбаатар болчихоод байгаа

-Орчуулагч бүсгүй хэрхэн кино үйлдвэрийн үндсэн жүжигчин болж, энэ хамт олонтой амьдралаа холбож байсан бол?

-1975 онд “Эх бүрдийн домог” кинонд тоглосноор би кино үйлдвэр гэдэг газрын босгыг анх давж байлаа. Бүх л кино энэ үйлдвэрийн хаалгаар л орж ирдэг. Тэр үеэс хүмүүстэй тодорхой хэмжээнд харьцдаг болж, уран бүтээлчидтэй танил болж эхэлсэн. Тэд маань надад их олон зүйлийг зааж сургаж байсан даа. Дотроо бол кино үйлдвэрт ажиллах юмсан гэсэн хүсэлтэй л байсан. Гэхдээ сургуулиа төгссөний дараа би мэргэжлийнхээ дагуу өөр газар хуваарилагдсан.

Харин яг тэр үед Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн “Тойрох хуудас” гээд кино хийгдэхээр боллоо. Азаар намайг гол дүрдээ сонгосон. Тэгээд Сэлэнгэсүрэн найруулагч надад “Чамайг ажлаас чинь чөлөөлүүлж авах гэсэн чинь чөлөө өгөхгүй байна. Эсвэл та нар наад хүнээ шилжүүлж ав гэнэ. Тэгэхээр нь бид авна гээд хэлчихлээ” гэсэн. Тэгсэн чинь зургийн дарга УГЗ Д.Гомбосүрэн гуай бараг л маргааш нь захиргааны бичиг хийлгэж аваад аваачаад өгсөн. Би гэдэг хүн чинь баярласандаа бараг л гуяа алгадаад гүйнэ шүү дээ. Ингээд л 1979 онд кино үйлдвэртээ ирсэн дээ.

-”Монгол кино” үйлдвэрт үндсэн жүжигчин болоод тоглосон эхний кино тань “Гэрлэж амжаагүй явна” кино байсан. Энэ киноны тухайд?

-”Гэрлэж амжаагүй явна” кино УГЗ Ж.Бунтар найруулагчийн кино. 1981 онд зураг авалт хийгдсэн санагдаж байна. Өмнөх уран бүтээлүүд дээр хамтарч ажилласан уран бүтээлчид надад их итгэл хүлээлгэсэн дээ. Тухайн үед найруулагчид кино үйлдвэрийн гуравдугаар давхарт байдаг байлаа. Нэг өдөр Бунтар найруулагч намайг өрөөндөө дуудлаа. Тэгээд яваад очсон чинь надад зохиолоо өгөөд “Энэ зун хийгдэх кино. Чи Сүрэн гэдэг дүрийг нь сайн уншаарай” гэсэн. Тэгэхэд би хүүхэд л байж дээ. Зохиолоо уншиж дуусчихаад “Надтай хэн тоглох бол” гээд асуучихаж байж билээ. Дараа нь “Газарчин” кинонд тоглосон.

-”Монголжин” студийн үйл ажиллагааг хэрхэн эхэлж байсан тухайгаа дурсаач?

-Нэг хэсэг зах зээлийн үеэр нөхрийнхөө мэргэжлийн дагуу Польш, Германаар явсан л даа. Тэгээд эргээд Монголдоо ирснийхээ дараа ханьтайгаа компани байгуулаад бизнес хийж байсан. Уг нь ч барилга бариулаад, контейнерууд ч эргэлтэнд ороод бизнес бол давгүй л байлаа. Харин 2000 онд хань минь надад “Чамд урлаг соёлын юм байгуулж өгье. Чи угаасаа л энэндээ илүү сэтгэлтэй юм байна” гэсэн.

Тэгээд “Монголжин” студиэ байгуулж байлаа Бид маш шуурхай кино руугаа орсон. Жилд хоёр ч кино хийж байлаа. Үйлдвэрлэлийн процесс маань өөрөө цаг хугацаа шаарддаг шүү дээ. Бэлтгэл ажлаа хийнэ зураг авалт, эвлүүлэг, дараа нь үзвэрээ өөрсдөө зохион байгуулах, тэгээд сурталчилгаагаа өөрсдөө хариуцна гээд л ажиллагаатай.

-Уран бүтээлчдийн гэр бүл байхын сайхнаас хуваалцаач. Таны хань маш том түшиг болдог байх?

-Урлагийн хүнд мэргэжлийн онцлогийг нь ойлгодог ханьтай байна гэдэг их аз. Гэрийн сайн эзэгтэй, лидер эмэгтэй байх, уран бүтээлч эмэгтэй байх гэдэг чинь огт өөр, хоорондоо ялгаатай шүү дээ. Урлагийн хүн гэрийн сайн эзэгтэй байхад маш хэцүү. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэдэг шиг аль нь ч биш замбараагүй юм болоод өнгөрнө. Урлаг бол өөртөө ухаан жолоогүй дурласан хүнд л хайр хишгээ өгдөг.

Тэгж чадаагүй хүнд бол хэцүү шүү. Тийм болохоор аль нэгийг нь дагнаж л чадахгүй юм бол урлаг руу ороод ч хэрэггүй. Нэгэнт орсон л бол урлагтаа бүхий л зүйлээ зориулах хэрэгтэй. Бүх юмаа зориулж чадсан хүн амьдрал өөр рүү нь мишээж байна гэдгийг мэдэрнэ. Түүнээс биш хэн ч биш байгаад, түмний тоосонд дарагдаж үлдчихээд дараа нь гомдол тээгээд хоцрох юм бол хэцүү шүү дээ. Хань минь намайг дэмждэг байгаад зогсохгүй, миний уран бүтээлийг авч явсан хүн юм шүү дээ.

“Монголжин” студийн уран бүтээлүүд миний уран бүтээлийн их том хэсгийг эзэлдэг. Хэдийгээр “Хүүхдийн төлөө үндэсний төв”-ийн захиалгаар “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”-г, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн захиалгаар “Сийлэн бөөр”-ийг, “Эмэгтэйчүүдийн холбоо”-ны захиалгаар “Жинжиймаа” киног хйисэн ч гэлээ ар талд миний хань тэр гараад байгаа дүрүүдийг надад зориулж хийдэг байсан. Тэр хүний хувьд мэддэг ганц жүжигчин нь би ч юмуу /инээв/.

Өнөөдөр л гэхэд би зураг авалтын ажил гээд л шөнө хагаслаад гэртээ харьдаг, өглөө эрт босоод л гарч байна. Энэ бүхнийг минь миний хань ойлгохын дэээдээр ойлгодог. Гэхдээ би амралтын өдрөөрөө, гадаадад байсан үеүддээ ханьдаа, хүүхдүүддээ аль болох сайхан цаг мөчийг бэлэглэхийг хичээдэг. Тэр нь даанч хомс юм даа.

-Хоёр хүүгээ урлагийн хүн болно, кино урлаг руу орно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хань бид хоёр М.Бишрэл, М.Ивээл гээд хоёр хүүтэй. Хоёулаа урлагийн чиглэлээр сурч байна. Бас “Mashbat brothers film” байгуулсан. Анх учиргүй алга ташаад баярлаагүй ээ. Угаасаа хоёуланд нь “Миний хоёр хүү аятайхан мэргэжил эзэмшээрэй. Ээж, аав хоёр шигээ гэрийн бараа хардаггүй урлагийн мэргэжил сонгоод хэрэггүй. Урлагийн ажил манай гэр бүлд аав бид хоёроор нь ингээд дуусъя” гэж хэлдэг байсан. Том хүүгээ эмч болгох гэсэн чинь өөрөө татгалзсан.

Тэгэхээр нь эдийн засагч болгох гэж үзсэн. Тэгсэн чинь нэг жил сураад л энэ миний мэргэжил биш юм байнаа гэсэн. Бага хүүгээ компьютер график дизайнераар сургах гээд дийлээгүй. Манайх сардаа нэг өдөр жижигхэн ширээ засч байгаад гэр бүлийн хурал хийдэг юм. Хурал гэхээсээ илүү бие биенийхээ санаа оноог сонсдог. Нэг өдөр манай хоёр “Хэдүүлээ өнөөдөр сууя л даа” л гээд байлаа. Би ч дотроо “Ямар нэг хэлэх юм байгаад байна даа” гэж бодож байсан.

Тэгээд орой нь юм ярьцгаагаад суулаа. Тэгсэн чинь манай том хүү “Би өөрийнхөө дуртай юмаа хийгээд, таныг ч тааваар чинь сэтгэл хангалуун байлгах, би өөрөө ч сэтгэл хангалуун амьдрах тийм боломж байгааг та олоод харах юм бол намайг та дэмжих л байх” гэдэг юм байна. Би ч сонсоод л суугаад байлаа. Тэгж тэгж нөгөө кино руу орох тухайгаа хэлсэн дээ. Тэгээд “Би таны итгэлийг эвдэхгүй, ямар ч байсан таны сонгож оруулах гээд байсан мэргэжлүүдээс чинь би доошоо орохгүй явж чадна.

Би киногоор л явмаар байна” гэсэн. Тэр дор нь хариулахад бас хэцүү л дээ. Тэгээд хэсэг бодож байгаад “Хүний өөрийнх нь дотроос нь хатгаад байгаа, хүний сэтгэл нь татагдаад дурлаад байгаа юмнаас татгалзуулаад хэрэггүй байх. Маш том амжилт, аз жаргалаас нь хориг саад тавьж байгаа ч юм билүү. Ээж нь хориглохоо больё. Урлагаар явна гэж бодож байгаа бол чи өөртөө байгаа бүх л зүйлээ сэтгэл зүрхтэйгээ хамт зориулж байж үр шимийг нь амсана шүү. Тийм учраас маш их зүйл хийх хэрэгтэй” гэж хэлээд зөвшөөрсөн дөө.

-”Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд бага хүүтэйгээ хамт тоглосон. Зураг авалтын үед хүүгээ өхөөрдөх, өрөвдөх зүйлүүд гарч байв уу?

-Тэр үед миний хүү жаахан байлаа. Сайндаа ч хүүгээ тоглуулаагүй л дээ. Кинонд тоглуулах жаахан хүүхэд хайж байсан. Гэтэл хүмүүс хүүхдээ тийм гуйлгачин тэнэмэл хүүхдийн дүрд тоглуулах их дургүй байсан. Манайхан чинь бэлгэ дэмбэрэл, ерөөл их эрхэмлэдэг шүү дээ. Сүүлдээ аргаа бараад “Миний хүү кинонд тоглож чадах уу” гээд хүүгээсээ асуусан. Тэгсэн миний хүү “Мэдэхгүй” гээд мөрөө хавчаад байсан. Жаахан юм чинь угаасаа юугаа ч мэдэх вэ дээ.

Тэгээд аавтай нь гурвуулаа суугаад би зохиолоо уншсан л даа. Тэгээд яг “Ээж ээ би таны сайн хүү байж чадна. Та хараа ороод ирээрэй” гээд ээжийнхээ хацрыг нь илдэг хэсэг дээр миний хүү бөмбөртөл уйлаад л эхэлсэн дээ. Тэрийг нь хараад миний хүү чадах юм байна гэж бодсон. Тэгээд уншиж дуусаад хүүгээсээ “Миний хүү одоо чадмаар санагдаж байна уу” гээд дахиад асуусан. Тэгсэн чинь “Ээж, аав хоёр хоёулаа дэргэд байвал чадаж магадгүй” гэсэн.

Хүүхэд болгон л тэгж хэлэх байх. Олон хүний дунд орохоор бага насны хүүхэд айна шүү дээ. Тэгээд “Ээж, аав хоёр нь хоёулаа дэргэд нь байна. Ээж нь энэ кинонд чиний ээжийн дүрд тоглоно” гэж ятгасааар байгаад тоглуулсан. Тэр үед их хөөрхөн. Нөхөр бид хоёр хүүгээ кинондоо тоглуулахын тулд өөрт нь том хүн гэдгийг нь мэдрүүлэхийн тулд, бусад жүжигчидтэйгээ адилхан гэрээ хийгээд гарын үсэг зуруулаад тоглуулсан. Сүүлд нь бүх жүжигчидтэйгээ гэрээнийхээ дагуу хөлсийг нь өгчихөөд бид хоёр хүүгээ мартчихаж. Тэгсэн хэзээ хойно хүү маань “Ээж ээ би кинонд чинь тоглосон. Мөнгөө хэзээ өгөх юм бэ” гээд бөөн инээдэм болж байсан даа.

-”Америк дахь монголчууд” гээд ном гаргаж байгаа. Ажил хэр ахицтай явж байна вэ?

-Америкт байхдаа бид “Үгүйлэн санана” гээд нэвтрүүлэг хийж байлаа. Дараа нь энэ номынхоо ажилд орсон. Ер нь Америкт байгаа монголчуудын тухай ном хийсэн хэд хэд хүн байдаг юм билээ. Энэ улсуудын ном их сонирхолтой. Харин бид хоёрын хувьд гэвэл Нью-Иорк, Вашингтон, Чикаго, Денвер, Сакраменто, Сан Франциско, Лос Анжелес гээд гээд монголчууд байдаг хотуудаар явж сурвалжилсан. Намайг залуу байхад Америкт монголчуудын эхний үе нь очиж байсан.

Тэр анхны үеийнхэн маань тэнд очоод одоо хөл дээрээ тогтчихсон, тодорхой хэмжээний өөрсдийн эрхэлдэг ажилтай болчихсон байдаг. Дараагийн үеийхэн нь одоо байр сууриа олох гээд ажиллаж байна. Энэ тухай монголчууддаа хүргэх хэрэгтэй юм байна гэсэн үүднээс эхэлсэн. DVD хавсралттай ном хийж байна. Төлөвлөгөөний дагуу ирэх хавар бэлэн болно.

-Монгол киноны 80 жилийн ойд зориулан “Гайхамшигт дэлгэц” төслийг эхлүүлээд байгаа. Энэ тухайд?

-”Монгол кино” үйлдвэр, “Монголжин” студи хамтран санаачилж хийж байгаа төсөл. Үндсэндээ 2015 оны арваннэгдүгээр cap хүртэл үргэлжилнэ. Нийт 25 цуврал гаргахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ дугаар жаахан нэмэгдэх шинжтэй байна. Яагаад гэхээр кино урлаг маань өөрөө баримтат кино, уран сайхны кино гээд олон төрөлтэй. Нийт уран бүтээлчдээ харуулах шаардлагатай байна.

Бид дугаар болгондоо кино үйлдвэрт ажиллаж байсан уран бүтээлчдээсээ оролцуулах гэж хичээж байгаа. Өнөөдрийн байдлаар гурван цуврал бэлэн болоод байна. Нэг цувралын зураг авалтанд хэдэн зуун хүн ажиллаж байна. mongolkino@yahoo.com, гайхамшигт дэлгэц төслийн фэйсбүүк хуудсаар холбогдож бидэнтэй хамтарч ажиллаж болно.

А.Халиун

Эх сурвалж:

macbook pro 13 blackwoman seeking couples


Н.Батцэцэг: Урлаг өөртөө ухаан жолоогүй дурласан хүнд л хайр хишгээ өгдөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: очирцэнд Огноо: 24 October 2014 Reply

маш тэнэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.