…Зөгнөлт зохиолч 2014 онд хүмүүсийн үндсэн асуудал сэтгэлийн зовнил бухимдал болж, тэр цагт сэтгэлзүйч хамгийн эрэлттэй мэргэжил болно гэдгийг онцолсон байх юм. Үнэхээр энэ цаг үеийн хүн төрөлхтний асуудал бол стресс болсон…
Хагас зууны тэртээ Нью-Йорк хотноо зохиогдсон Даян дэлхийн үзэсгэлэн дээр Бостоны их сургуулийн профессор, зөгнөлт зохиолч Айзек Азимов тавин жилийн дараах дэлхий ертөнцийн байдлыг урьдчилан хэлсэн бөгөд түүний энэхүү таамаглал дэлхий нийтийн сонирхлыг үлэмжхэн татдаг юм. Энэ таамаглал тухайн үедээ “The News York Times” сонинд бүрэн эхээрээ нийтлэгдэж байжээ. Их зөнчийн урьдчилан хэлсэн таамаглалууд, тэр дундаа техникийн дэвшлийн талаархи ихэнхи төсөөлөл нь эдүгээ бодит биеллээ олоод байгаа юм.
Түүний хэлснээр 2014 гэхэд дэлхий нийтийн эрчим хүчний хэрэглээний тэн хагас шахам хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авна гэжээ. Түүнчлэн америкийн Аризон болон Казахстаны их цөлд нарны эрчим хүчний станц баригдах болно гэдгийг урьдчилан таажээ.

Сансрын нисэгчгүй хөлөг Ангараг гариг руу нислэг үйлдэж, тэнд хүмүүс амьдрах анхны загварыг гаргана гэхчлэн түүний зөгнөн хэлсэн олон таамаг бий. 1964 оноос хойш дэлхий ертөнц, хүн төрөлхтний амьдралын өнгө төрх үлэмжхэн өөрчлөгдсөн. Бүр танигдахын аргагүй болсон. Гэхдээ Айзек Азимовын зөгнөлүүд хэдийнэ бодит зүйл болоод байна. Халаасанд багтах хэмжээний утасны аппарат бүтээж хүмүүс хүссэн газраа авч явдаг болно гэдгийг тавин жилийн тэртээ мэдэж байж. Ингэхдээ хүмүүс утасныхаа дэлгэцнээс ном уншиж, зураг харж, бичиг баримтаа хүлээн авч болно гэдгийг нь давхар тодотгожээ. Ихэнх цахилгаан хэрэглэл утасгүй болж, удаан хугацааны турш цэнэгээ хадгалах зай тэжээл бүтээнэ гэдгийг бас мартсангүй.
Киног гурван хэмжээст /3D/ форматаар үзэхийн зэрэгцээ гэр орондоо хоол унд бэлдэх хугацаа үлэмж багасна гэжээ. Эзэгтэйн гал тогоо, ахуйн хэрэглээнд цагийн механизм бүхий автомат тоног төхөөрөмж зонхилж, хоол ундаа бэлдэх нь хобби болж хувирах гэнэ. Учир нь хүнсний ихэнх бүтээгдэхүүнийг тэр цагт бэлэн байдлаар худалддаг болно гэдгийг Айзек Азимов урьдчилаад хэлчихэж.
Зөнчийн таамаглалаар 2014 гэхэд байшин барилга, үйлдвэр аж ахуй ихэнхдээ газрын дор баригдана гэжээ. Харин ингэснээр газрын гадрага хүнсний ногоо тарих, цэцэрлэгт хүрээлэн барих, мал үржүүлэх орон зай болж хувирах юм байна. Харин тэрбээр тээврийн хэрэгслүүд нь замтайгаа холбогдож, гадаргаас нэг метр орчмын өндөрт нисч байна хэмээн таамагласан нь одоогоор амьдралд бодит биеллээ олоогүй байна. Усан тээвэр, хөлөг онгоц, завины хурдыг нэлээдгүй нэмэгдсэн байхаар төсөөлжээ.

Зөгнөлт зохиолч 2014 онд хүмүүсийн үндсэн асуудал сэтгэлийн зовнил бухимдал болж, тэр цагт сэтгэл зүйч хамгийн эрэлттэй мэргэжил болно гэдгийг онцолсон байх юм. Үнэхээр энэ цаг үеийн хүн төрөлхтний асуудал бол стресс болсон. Айзек Азимовын зөгнөлүүд өнөөгийн бидэнд дэндүү тодорхой түгээмэл зүйл шиг саиаэрдаж магадгуй.
Гэвч 50 жилийн тэртээ буюу 1964 онд түүний таамаглатыг хүмүүс шоглож төсөөллөөс дэндүү хол мэт санагдаж байсан нь тодорхой. Гэхдээ л тэрбээр өнөөдрийн энэ цаг үеийн дүр төрхийг итгэлтэйгээр үнэн зөв хэлсэн нь сонирхолтой.
П.Булган
Эх сурвалж: Өдрийн шуудан