Америкийн усанд сэлэлтийн нэрт тамирчин Мэтт Греверс саяхан ээлжит алтан медалиа хүртсэний дараа алдрын тавцангаас буулгүй өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж байгаагаа дуулгасан байна. Тэрбээр саяхан болж өнгөрсөн Миссуригийн Гран-прид аваргалсан юм. Түүний медалийг усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчин болох найз бүсгүй Энни Чандлер нь гардуулжээ.
Медаль авсан нөгөө хоёр тамирчиндаа баяр хүргээд Греверс тэднийг шагналын тавцангаас буухыг хүссэн байна. Зөрүүлээд Чандлер бүсгүйг алдрын тавцанд гарч ирэхийг урьжээ. Үүний дараагаар Греверс түүнд гэрлэх санал тавьж үзэгчдийн нижигнэсэн алга ташилтыг хүлээв. Энни Чандлер ч зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн аж. Мэтт Греверс 2008 оны Бээжингийн олимпод оролцож мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр удахгүй Лондон хотод зохиогдох Зуны олимпийн наадмын үеэр медалийн өнгөө хувиргах хүсэлтэй байгаа юм.
wikimon.mn