Амьдрал юун дээр тогтдог юм бол. Хүүгийн минь гэнэн атлаа ухааны учиг ээдүүлсэн энэ асуултад хүн бүр л өөр, өөрийнхөөрөө хариулах байх. Харин амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн бол шууд л эрүүл энх байх нь амьдралын утга учир гэж хэлэх буй заа.
Миний хувьд амьдрал эрүүл мэнд дээр л оршин тогтнодог. Өвөг дээдэс маань энэ ухаарлаа “Өвчин үгүй бол жаргал” хэмээн товчхон атлаа гүн утга бүхий зүйрлэлээр захисан байдаг. Өвчин хүрэхгүй байхын тулд яах ёстой вэ.
Энд олон хариулт бий. Тэр бүхнийг олон талаас нь тайлбарлаж болно л доо. Эмч нар өвчинөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөх бол багш нар багаас нь эрүүл мэндийн талаар мэдлэг эзэмшүүлэх, харин тамирчид бол мөнхийн хөдөлгөөн таны эрүүл мэндийг аварна гээд л онолдох байх.
Гэхдээ хүүхдэд онолын талаас нь хэлээд ойлгож, тогтоож авах нь юу л бол. Тиймээс хүүдээ би нэгэн домог яръж өгсөн юм. Хүн болгон мэддэг байж болно. Гэхдээ хүүхэддээ хэлэхээ л битгий мартаарай.
Эрт урдын цагт эрүүл энх, эд баялаг, аз жаргалыг урин дууддаг гурван өвгөн тал нутгаар хэрэн явсаар нэгэн ноорсон ядуухан айлын гадаа очжээ. Тэр айл хэдий ядуухан ч ганц хүү нь ихэд эрх дураараа юм байж. Холын гурван өвгөнийг угтан тоссон гэрийн эзэн тэднийг амарч тухлаад холын аян замаа үргэлжлүүлэхийг хүсч, гэртээ урьжээ. Гэтэл тэд бид хамтадаа айлд ордоггүй юм хүү минь. Нэгийг нь урь, бусад нь танай гадаа байж байя гэжээ.
Учрыг нь эс ойлгосон гэрийн эзэн та нар юун учиртай өвгөд болоод нэгэн гэрийн дээвэр дор хамтадаа тухлаж эс болов гэхэд
– Бид бол аз жаргал, эрүүл энх, эд баялгыг урин залдаг өвгөд билээ. Нэгэн гэрт хамт орох ганцхан шалтгаан буй. Харин түүнийг учирлан хэлэх ёсон үгүй. Тиймээс уригдсан нэг нь орж айл гэрийн эздэд хүссэнийг нь бэлэглэдэг юм. Гэрийнхэнтэйгээ зөвлөөд бидний нэгийг урьж, дайлж, цайл хүү минь гэжээ.
Гэтэл гэрийн эзэн бодож бодож эд баялгыг гэртээ урьжээ. Харин эхнэр нь Үгүй аз жаргалыг урина гэжээ. Хүү нь эрүүл энхийг урина гэж уйлагнан эрх дураар аашилсанд эцэг, эх хоёр нь аргагүйдэн эрүүл энхийг гэртээ урьтал нөгөө хоёр өвгөн нь дагаад ороод ирж гэнэ.
-Та гурав нэгэн гэрт хамт ордоггүй атал юунд ийн манайд гурвуул орж ирэв хэмээн учрыг нь асуутал нөгөө хоёр нь,
-Бид ямагт эрүүл энхийг дагаж явдаг юм аа гэсэн гэдэг.
Тиймээ, эрүүл энх байхад хүний сэтгэл тэнэгэр, хийж бүтээхийн урам арвин байдаг. Эрүүл энх, өвчин зовлонгүй байх нь аз жаргал төдийгүй эд баялаг юм. Энэ эд баялагаа хайрлаж, хамгаалж, алдахгүй явбал амьдрал үргэлж, баяр баяслаар гийж байдаг. Амьдрал эрүүл мэнд, инээд баясал дээр тогтдог юм хүү минь.