Хүн худалдаалах гэмт хэргийн Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн нийгмийн ажилтан Н.Ариунаатай ярилцав.
-Үндэстэн дамнасан хүн худалдаалах гэмт хэрэг сүүлийн үед ихэсч байна гэж иргэд түгшдэг. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгт чухам ямар үйлдлийг хамруулан ойлгож байгааг эхлээд тайлбарлаач?
-Энгийнээр хэлэхэд хүнийг албадан хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт ашиглах, худалдах зорилгоор тээвэрлэх орогнуулах, худалдан авахыг хэлнэ. Энэ гэмт хэрэг нь зөвхөн гадаад улс оронд бус дотоодод ч байна. Хүн худалдаалах гэмт хэргийг хувиар нь авч үзвэл, албадан биеийг үнэлүүлэх нь 70 хувь, үлдсэн хувийг албадан хөдөлмөр эрхлүүлэх, зуучлалын захиалгат гэрлэлт эзэлдэг.
-Монгол Улсад энэ төрлийн гэмт хэрэг ямар түвшинд хүрээд байна вэ?
-2001 онд манай орон зөвхөн дамжуулагч орон байсан. Гэвч 2013 оны эхний хагас жилийн байдлаар хүний наймааны дамжуулагч, гаргагч буюу илгээгч, хүлээн авагч улсад тооцогдож эхэлсэн. Үүнээс харахад гэмт хэргийн түвшин өндөр байна гэж үзэж болох юм.
-Хүлээн авагч орон болсон гэлээ. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүмүүс манай улсад орж ирдэг болсон хэрэг үү?
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон гадаадын иргэд манай улсад бий гэсэн үг. Жишээлбэл, БНХАУ-ын иргэдийг өндөр цалинтай барилгын ажилд оруулна гэж Монгол Улсад авч ирж ажиллуулж байгаад цалин хөлс өгөлгүйгээр бичиг баримтын зөрчилтэй хэмээн Монгол Улсаас албадан гаргах тохиолдол хэд хэд гарсан. Мөн сүүлийн үед Филиппин эмэгтэйчүүд гэрийн үйлчлэгчээр ажиллахаар манай улсад ирэх болсон. Тэдгээр эмэгтэйчүүд уртасгасан цагаар ажилладаг боловч маш бага цалин авдаг, зарим тохиолдолд цалингүй ажилладаг байсан. Одоогоор манай төвөөс Филиппин улсын зургаан иргэнийг эх оронд нь буцаагаад байна.
-Тэгвэл гэмт хэргийн хохирогч болсон монгол иргэдийг эх оронд нь авч ирсэн тохиолдол хэд байна вэ?
-Манай орны эмэгтэйчүүд хууран мэхлэгдэх замаар Эрээн, Хөх хот, Бээжин, Хонг Конг, Макао, Шанхай, Сингапур, Малайзад очиж, хэн нэгний эрхэнд орсноор биеэ үнэлдэг. Энэ талаар манай хуулийн байгууллагаас маш сайн тандалт хийж, нөхцөл байдлыг судалж хохирогч байж болзошгүй гэх эмэгтэйчүүдийн тоог гаргасан. Манай төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран хүний наймааны хохирогч 14 эмэгтэйг эх оронд нь эсэн мэнд авч ирсэн.
-Гэхдээ үүнээс гадна олон хохирогч гадаад орнуудад бий гэж ярьдаг. Хохирогчдыг бүгдийг эх оронд нь авч ирэх боломжтой юу?
– Боломж маш хомс. Учир нь эдгээр иргэд эх орноосоо сайн дураараа гарч явсан байдаг. Тухайн гэмт хэрэг гадаад оронд үйлдэгдсэн учир манай хуулийн байгууллагаас ямар ч ажиллагаа явуулах эрхзүйн үндэс байдаггүй.
–Саяхан гэхэд Малайзад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч байж болзошгүй Монгол эмэгтэй амиа алдлаа. Ийм гэмт хэргийн золиос болж амь насаараа хохирсон тохиолдол хэд байдаг бол?
-Одоогоор хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж амиа алдсан гэх албан ёсны тоо баримт байхгүй. Гэхдээ гадаадад амь насаа алдсан Монгол иргэдийн үхэл хэзээ ч эмнэлгийн нөхцөлд юмуу жам ёсоороо нас барсан тохиолдол ховор.
-Иргэдийг хохирогч болоход юу нөлөөлж байна вэ?
-Нэгдүгээрт манай иргэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдлэг мэдээлэлгүй байна. Хоёрдугаарт хохирогчдын санхүүгийн эмзэг байдал шууд холбоотой байгаа юм.
Б.Гантуяа montsame