Сэцэн хан амйгийн Хөвчийн жонон вангийн хошууны хошуу ноён бэйл Цанлигдоржийн аягач байгаад Монголын сүүлчийн эзэн
хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина“ гэсэн 4кг жинтэй мөнгөн тамга барьж явсан Дондогдулам хэмээх энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байсан бөгөөд 1902 онд Богдын хатанд өргөмжлөгдөн “Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан Дарь” цол авчээ. Дондогдулам хатан бол Богд хаантай 21 жил хамт амьдарчээ. 1902 оноос хатнаар залагдаж нэг жилийн дараа Эх дагины аймаг байгуулагдан эд хөрөнгө, эрх мэдэл, шавь албат олон болохын хамт улс төрд үзүүлэх нөлөө, эрх мэдэл нь ч өсчээ.
1921 оны долоодугаар сард Их хүрээнд МАН хийгээд улаан армийн цэргүүд орж ирснээр Монголын уламжлалт төр ёсны эсрэг идэвхтэй бодлого явуулж ердөө хагас жилийн дараа Бошгыг халах залуучдын эвлэл гэгчийг байгуулан эмэгтэйчүүдийн үс, эрэгтэйчүүдийн нударгыг тайрч эхлэв. Мөн тэр л үед ураг, овог хэрэглэхийг хориглох зэрэг илт дайсагнах бодлого явуулсан байдаг. Энэ ёс бус үйлдлийн эсрэг Дондогдулам хатан өөрийн чадлаараа тэмцэж байсан төдийгүй Цагаан шүхэртийн догжир гаргуулж, хурал ном уншуулж байжээ. Эмэгтэй хүн төрийн хэрэгт хутгалдав хэмээн түүнийг 40 хоног Богдын хамт Сүй-шү-жан гамингийн шоронд хорьжээ. Энэ нь Дондогдуламын зүрх зоригийг мохоох бус харин ч тэмцэлд уриалан дуудах, иргэний болон эх орноо хайрлах үзэл санааг батжуулсан гэж үздэг юм билээ.
Түүнийг тэнгэрт хальсны дараа Шарга морьтын урьд Сэлбэ голын эхэн дээр чандарлажээ. Хатантан Дамбадаржаагийн өмнөд этгээдэд байх Чандагатын харзнаас хүртэж, Уужийн бургасанд очиж далийн ягаан цэцгэнд сууж эрхэмсэглэдэг байсан гэнэ. Тэгээд Дондогдуламын шарилыг хөлөглөж явсан найман шарга морийг тэнд нь онголж дархласан гэдэг. Уужийн бургасанд найман шарга амгалан тогтуунаар идээшлэсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн бидний үед Шаргаморьт хэмээх нэрийг үүсгэсэн үнэн домог юм. Чандагатын харз Дондогдуламын рашаан алдрыг хүлээсэн түүхтэй.