Нижгэр хурим хийсэн хэрнээ удалгүй салсан хосууд амьдрал дээр олон байдаг. Хүмүүс яагаад салж сарнидаг вэ?… гэсэн асуултыг эрдэмтэд олон жил судалжээ. Ингээд,
– Сайхан хүүхнүүд
– Ухаантай боловсролтой хүүхнүүд эр нөхрөөсөө салах нь их байжээ.
Сайхан хүүхэнтэй ханилсан харцуул болохоороо эхнэрээ,
-Өөрийгөө л боддог,
-Цэвдэг сэтгэлтэй,
-Үнэнч бус… гэж зэмлэдэг бол,
Ухаантай боловсролтой хүүхнүүд эр нөхрөө эхнэртэй хүн, эцэг хүн гэдгээ мартдаг гэж буруушаадаг байх юм.
Үүний учрыг олохыг хичээцгээе. Орчин үеийн эмэгтэйчүүд ёстой л алх, дөш хоёрын дунд байгаа ажээ. Одоогийн эмэгтэйчүүд юм мэддэг, боловсролтой болсон учраас өөртөө итгэлтэй байдаг байна. Тийм ч учраас хэний ч мэдэлд орох дургүй болжээ. Нью-Иоркийн ч, Токиогийн ч, Москвагийн ч хүүхнүүд нөхөр маань намайг ойлгохгүй байна, халамжгүй байна гэж ав адилхан гомдоллодог. Зуун жилийн өмнө байдал өөр байсан уу гэвэл үгүй ажээ. Эрэгтэйчүүд нь найрладагаараа найрлаж, ан гөрөөнд явдгаараа явж, мөрийтэй тоглоом тоглодогоороо тоглож байхад эхнэрүүд үдэш орой нэг гэртээ цуглаад үйл хийж байхдаа дор бүрийнхээ зовлон жаргалыг ярьж бөглөрсөн сэтгэлээ онгойлгодог байжээ.
Тэгвэл XX зуунд бүх эмэгтэйн гомдол гутрал хөөрхий муу харцуул дээр бууж ирсэн байна. Эмэгтэй хүний шинжээ алдсан хүүхнүүд хайртай хүнээ олж авахын тулд хүч хэрэглэхийг оролдох болжээ. Үүнээс том алдаа гэж байх уу даа! Эрэгтэй хүн ийм үзэгдлийг тэвчиж чаддаггүй юм. Тэр байтугай биеэ даасан бодлоготой, хүүхнүүдийг хүндэтгэдэг эр хүн ч гэсэн эхнэр нь хэтэрхий их цэцэрхээд, ямар нэг юман дээр ухаан заагаад байх юм бол тэвчиж үл чадна.
Ер нь эмэгтэй хүн албан ажлын хичнээн өндөрлөгт гарлаа гэсэн эр нөхөртөө халамжтай байж хүндэтгэж байхгүй бол амьдрал нь эргэлзээтэй болж ирнэ гэдгийг мэдвэл зохино. Зарим залхуу эрчүүд бэлгийн хүслээ эхэлж илэрхийлдэг зоригтой хүүхэнд дуртай гэж хэлэх боловч эмэгтэй хүн түрүүлэн өдөх юм бол шууд л няцааж байх жишээтэй. Эр хүн гэдэг орондоо хэвтэж байх үедээ эзэн нь байхыг хичээдэг. Тийм болохоор эхэлж өдсөн хүүхнүүд тэдний дургүйцлийг хүргэнэ. Түүгээр ч барахгүй бэлгэ эрхтнийг нь босгохгүйд хүргэж болно. Ухаантай хүүхнүүд заримдаа хачин байдал гаргадгийн учир одоо хэр нь ойлгогдохгүй байна. Энэ нь ухаантай сайхан хүүхнүүд адгийн үл бүтэх, дүрэм дүрсгүй эсвэл архичин, балмад танхай, хүүхэн хөөхөөс өөрийг мэддэггүй эрчүүдэд хөл алдан дурладаг байх юм. Энэ нь тэдгээр хүүхний хэзээ боловч шүтүүлж тахиулж байх хүсэлтэй холбоотой байж болно. Гэхдээ ингэж хүүхэд шиг болчимгүй загнасныхаа төлөө насан туршийн зовлон эдлэх нь бий.
Америкийн сэтгэл зүйчид бас нэг зүй тогтлыг илрүүлжээ. Бие даасан, боловсролтой хүүхнүүдийн янагийн холбоо олонхдоо амжилтгүй болж сэтгэлийг нь гонсойлгож урт удаан гансралд оруулдаг байна. Ийм азгүй явдлыг үүсгэхгүйн тулд эмэгтэйчүүдийн баталж байгаагаар тэд аливаа хямралаас биеэ ангижруулж амжилтгүй гэрлэлээ гэж гомдож байхаа болиод ертөнц гэдгийг ертөнц чигээр нь ойлгож, ер нь бодож мөрөөдөж байснаасаа шал өөр хүнтэй жаргалтай сайхан аж төрж, хайрлаж дурлаж болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бас өвөрмөц онцгой, гял цал харцуул эмэгтэйчүүдийн найдлагыг биелүүлэх нь ховор, тэр байтугай эмэгтэй хүнд зовлон авчирдаг гэж эрдэмтэн мэргэд бичиж байна. Сайхан хүүхнүүд үүнийг мэдвэл зохилтой ажээ. Тэдэнд өөрсдөөс нь өөр хэн туслах билээ дээ.