Хүүхдийн дуу цангинаж гадаа хүүхдүүд тоглодог байсан үе саяхан. Гэтэл одоо өсвөр насныхан цахим хуудсуудад тавигдсан хэн нэгэн сайхан эмэгтэй, эрэгтэйг дуурайн хувцаслаж, нүүрээ будаж, хүүхэд насанд байхааргүй задгай хувцаслаж хурдан том хүн болохийг эрмэлзэх болжээ. Дэлхий нийтэд сая сая хүн хэрэглэгчтэй цахим ертөнцөөс манай орны хүүхдүүд ч хоцрохгүй хөл нийлүүлэн яваа нь сайн талтай ч уг цахим ертөнц ямар сөрөг талтайг сүүлийн жилүүдэд гарч буй хүүхдүүдийн эрс өөрчлөлтөөс харж болохоор байна.
Цахим ертөнц нь сайнаасаа саар уршигыг илүү дагуулдаг. Жилд сая сая хүүхэд гэрээсээ гаралгүй компютер, ухаалаг утас ширтсээр хөдөлгөөний дутагдалд орж байна. Цаашлаад хүүхдүүд хүн хайрлах энэрэх сэтгэлгүй, хатуу ширүүн харгис болсон гэх хүмүүс олон бий. Үүний гол шалтгаан нь бодит харилцааг үгүйрүүлж буй цахим ертөнц юм. Бага насны охид хүчирхийллийн хэрэгт өртөх, сэтгэл санааны тогтворгүй байдалд орох, зан харилцаа ёс суртахууны доголдолтой болох явдал ихэссэн. Сүүлийн үед хүүхдүүд харгис хэрцгий, хүн хайрлах хүндлэх сэтгэлгүй, өнгө мөнгө хөөсөн болсон гэх хүмүүс цөөнгүй. Өсвөр насны хөвгүүдийн хувьд кибер спорт гэгдэх компютер тоглоомонд хамаг цагаа үрж, хүүхэд нас нь компютерийн урд “дайтаж” өнгөрч байгаа юм. Энэ бол эрт үед хүүхдүүдийн тоглож байсан шиг тоглоомон буу бариад байлдаж тоглох тоглоомоос эрс ондоо зүйл юм. Уг тоглоомууд харгислал, алан хядлага, хүчирхийлэлийг хамгийн ихээр сурталчилан харуулдагаас хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйд шууд сөрөг нөлөө үзүүлдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлалын VIII клиникт сар тутамд ПС тоглоомд донтсон гэх шалтгаанаар 10 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг талаар хүүхдийн тасгийнхан мэдээлсэн. Өөрөөр хэлбэл хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүүхэд тутмын 3 нь тоглоомд донтсоны улмаас мэдрэлийн ядаргаанд орсон оноштой байна. Харин насны хувьд дийлэнх нь 10-16 насныхан бөгөөд ПС-нд донтсоны улмаас нойргүйдэж, тоглохын тулд гэрийнхнээсээ мөнгө хулгайлах зуршилтай болсон байдаг гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүүхдийн сэтгэцийн энэхүү эмгэг өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээхэн нэмэгдэж байгаа аж.
PC тоглоомонд олон хүн донтож, хичээл сургуулиа алдаж, хагас солиорлын байдалтай болж нэг хүүхдийн амьдралыг цаашлаад гэр бүлийн амьдарлыг орвонгоор нь эргүүлдэг. Хэн л миний хүү компютер тоглоомонд донтоод мэдрэл муутай болсон гэж хэлэхийг хүсэх билээ. Ил тод биш ч өсвөр насны хүүхэдтэй айл бүрт тохиолддог асуудал болоод байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Эцэг эхчүүд хүүхдээ гадуур тэнэж хэрэг төвөгт орчихвий гэсэндээ эрхлүүлж биш эмээсэндээ гэртээ компютер авч өгч дуртай тоглоомыг нь суулгаж өгнө. Нүүрэн дээрээ хүүхэд томоотой гэрээс гарахгүй сэтгэлд амар дэргэд байгаа мэт боловч угтаа хүүхэд тань гадуур тэнэхээс ч илүү сөрөг нөлөөллийг өөртөө үлдээж байгаа.
Нийгмийн сүлжээ гэдэг хэдэн зуун сая бүртгэлтэй хэрэглэгчид холбогдож өөр хоорондоо мэдээлэл дамжуулах үйлдлийг хэлдэг, Залуучууд зах хязгааргүй уг сүлжээнд ихээр дурладаг. Цахим сүлжээнд үүссэн харилцаа бодит амьдрал дээр сайн зүйл авчирдаггүй бөгөөд эсэргээрээ интернэт орон зайд үүсч байгаа харилцаа холбоо бүр аюулыг өөртөө агуулж байдаг.
Олон улсын нийгмийн сүлжээ сайтууд нь хүмүүсийг өөрсдийн хувийн мэдээллийг нийтлэх, зураг, сонирхол, тэмдэглэл зэргийгээ гүйцэд бөглөхийг шаарддаг. Ингэснээр өөрт тохирох найз нөхдөө олох, хүрээллээ үүсгэхэд илүү хялбар мэтээр тайлбарладаг. Эдгээр сайтууд бага насны хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татдаг нь араатнуудын сонирхлыг зүй ёсоор татдаг. Өөрөөр хэлбэл хохирогчын талаарх мэдээллээ төвөггүй олж авах боломжтой байдаг. Илүү муу зүйл нь сэтгэлгээ нь хөгжөөгүй, өөрийн гэсэн үзэл бодол нь тогтворжоогүй, хэн нэгнийг даган дуурайх хүсэлтэй хүүхдүүдийн хэн нэгэнд гоё сайхан харагдах гэсэн эрмэлзэл нь хэт задгай зургуудаа сайтад байршуулахад хүргэдэг.
Албан бус судалгаанаас үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн 38 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээ сайтуудад нийтэлдэг бол, 10-17 насны хүүхдүүдийн 46 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг байна. 16-17 насны хүүхдүүдийн 56 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг аж.
Нийгмийн сүлжээ сайтууд хүмүүсийн хувийн мэдээллийн байнга шаарддагаас гадна хүүхдүүд бусдад их найз нөхөдтэй харагдахын тулд бодит амьдрал дээрээ таньж мэдэхгүй хүмүүсийг найзын жагсаалтандаа оруулдаг нь бас нэг том эрсдэл юм. Мөн сайн таньж мэдэхгүй хүнтэй холбоо үүсгэх өөрийнхөө тухай болоод гэр бүлийнхээ тухай мэдээллэх, хаяг байршилаа заах, гадаад иргэдтэй танилцах зэргээр эрсдэлтэй харилцааг үүсгэдэг. Тэд интернэт орчинд бичсэн зүйлсийг буцаах боломжгүй, тэднийг найз нөхөдөөс нь гадна гэмт этгээдүүд харж байгааг мэдэдгүй учраас ийнхүү мэдээллээ нийтэлдэг.
Хэрхэн сэргийлэх вэ?
– Хүүхдийнхээ интернэт ашиглалтанд онцгой анхаарч хяналт тавьж байх
– Интернэтэд мэдээллээ ил тавих нь тийм ч чухал биш гэдгийг хүүхдэд ойлгуулах
– Аюулгүй ажиллагаа, мэдээлэл бүхий сайтуудаар зочилдог байх
– Гэмт хэргийн шинжтэй үйлдэл ажиглагдсан тохиолдолд хуулийн байгууллагад тухай бүр мэдэгдэж байх
– Өөрийн хүүхэддээ интернэтэд тавьсан зүйлсээ хэзээ ч буцаан авах боломжгүй байдаг гэдгийг ярьж ойлгуулах
– Зөвхөн таны хяналт доор хүүхэддээ интернэтэд ямар нэг мэдээлэл тавьж байхыг зөвлөх
– Тэдний найзын жагсаалт, хувийн мэдээллийг тогтмол шалгаж үзэж байх
– Бодит амьдрал дээр таньж мэдэх хүнээ найзын жагсаалтдаа бүртгэж байхыг сануулах
– Зохимжтой дэлгэцийн нэр болон хоч хэрэглэж байхыг анхааруулах
– Хүчтэй, аюулгүй нууц үг ашиглаж сурах талаар харилцан ярилцах
– Онлайн байдлаар хүүхэдтэй тань харилцаж байгаа этгээдүүдийн талаар тогтмол асууж, ярилцаж байх
– Хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхад суралцаж, хэн нэгэн этгээд харьцаа тогтоохыг хүсвэл эцэг эхдээ мэдэгдэж байхыг сануулах
– Сэжигтэй мессеж, санал хэн нэгнээс хүлээж авбал уншихгүй байх, хариу өгөхгүй байж эцэг эхдээ мэдэгдэж сургах
-Цахим ертөнцөд нэр хүнд өндөртэй ялагч байх нь бодит амьдралд өчүүхэн ч эерэг нөлөө үзүүлэхгүй болохийг ойлгуулах
– Та хүүхдийнхээ ашиглаж байгаа интернэт сайтууд, программ хангамж, аппликэйшн зэргийн талаарх өөрийн мэдлэгийг тогтмол дээшлүүлж байх
– Гар утсыг битгий мартаарай, тэд яг компьютертэй адилхан үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг санах хэрэгтэй.
http://undesten.mn/s/41015