Монголын “Соронз” сэтгүүлийн 2013 оны 89 дэх дугаарт 44 жилийн турш Монголын төрийг барьсан Ю.Цэдэнбалын ач охин Анастасия Цеденбалтай хийсэн ярилцлага хэвлэгджээ.
Өөрийнхөө тухай бидэнд ярьж өгөөч. Хаана амьдарч байна, ямар ажил хийдэг вэ. Монголчууд Ю.Цэдэнбалын цорын ганц ач охины талаар их сонирхдог л доо?
Манай гэр бүлийн талаар сонирхдог гэдгийг сонсох их таатай байна. Монголчууд манай өвөө, эмээ хоёрыг санан дурсаж, хүндэлж явдагт их баяртай байна. Би Москвад төрсөн. Ээжтэйгээ амьдардаг. Ээж маань эмч хүн л дээ. Би өөрөө Москвагийн Их Сургуулийн дэргэдэх Ази, Африкийн улсуудын Институтыг төгссөн. Одоогоор Москва дахь нэгэн аялал жуулчлалын компанид ажиллаж байгаа. Манай компани Азийн тэр дундаа Монгол, Төвд, Энэтхэг улсууд руу, Африкийн болон Латин Америкийн улсууд руу аялал зохион байгуулдаг. Манай үйлчлүүлэгчид дунд манай өвөөгийн үед монголд ажиллаж байсан хүмүүс байдаг.
Монгол дахь хамаатнуудтайгаа холбоотой байдаг уу?
Холбоотой. Ихэвчлэн интернетээр л харьцдаг.
Хэдэн жилийн өмнө та Монголд ирж байсан. Тэр үед таньд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Би Монголд нэг л удаа байсан. 2005 онд ТВ9 телевизийн урилгаар очсон. Ер нь бол ахиад нэг удаа очиж үзэхээр төлөвлөгөө зохиочихсон байгаа. Хамгийн дулаан, сайхан дурсамжууд үлдсэн. Яаж намайг хүлээж авсныг, ямар сайхан байгаль байсныг мартаж чаддаггүй. Хязгааргүй тал, цэвэр тунгалаг голууд. Монголд би буддизмын үндэстэй танилцсан. Магадгүй энэ бүгд миний цусанд байдаг байх. Тийм болохоор би одоо жинхэнэ буддын шашинтан.
Өвөөгийнхөө нутагт ирээд түүний ажиллаж байсан Төрийн ордонд айлчилсан байх?
2005 онд Улаанбаатараас гадна Өвөрхангай аймгийн Хархоринд очиж үзсэн. Өвөөгийнхөө төрсөн газар Увс аймгийн Давст суманд очиж үзэхийг их хүссэн. Төрийн ордонд намайг тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр хүлээж авсан.
Таны судсаар Монгол цус урсаж байгаа. Тийм учраас орос охидуудаас арай өөрөөр өөрийгөө мэдэрдэг үү?
Цусны хувьд мэдэхгүй юм. Гэхдээ Миний өвөө, эмээгийн зан ааш надад байгааг мэдэрдэг. Тэд тэс ондоо хүмүүс байсан. Гэсэн хэдий ч сайхан хосууд байсан. Миний генинд Зүүнийг судлах, зүүний хэлийг сурах эрмэлзэл ямагт байдаг.
Таны эцэг Орост амьдардаг. Тэр юу хийдэг вэ?
Эцэг маань заримдаа Улаанбаатар байдаг. Гэхдээ ихэвчлэн Москвад байдаг л даа. Тэр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Биологийн факультетийг төгссөн. Англи, франц хэлтэй. Одоо Ю.Цэдэнбалын Академийг удирддаг.
Таны эмээ дандаа л “Цуг Монгол явья. Өвөөтэй чинь холбоотой газруудад очьё” гэж ярьдаг байсан.
Тийм, эмээ маань янз бүрийн зураг үзүүлж тайлбарладаг байсан. Би жаахан байсан учраас энэ бүгдийг эерэгээс хүлээж авдаг байсан. Улс төрийн үзэл бодол миний сонирхлыг татдаггүй байлаа.
Хүчирхэг эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг. Филавова гуай нөхөр Цэдэнбалын найдвартай дэмжигч нь байсан. Тэр Монголын хүүхдийн зуслан “Найрамдал” “Хуримын ордон” зэргийг барихад их хувь нэмэр оруулсан. Та эдгээр газруудыг очиж үзсэн үү?
Эмээ маань гайхалтай хүн байсан. Гаднаасаа их хатуу эмэгтэй шиг харагддаг бйсан ч их зөөлөн, эелдэг хүн байсан. Өвөө, эмээ хоёр маань миний найз, үлгэр жишээ байсан. Мэдээж би хуримын ордонд байж үзсэн. Хүүхдийн “Найрамдал” зусланд хамгийн анх шөнийн оддыг хараад тэгэж их гайхаж билээ. Арцны үнэр анхилж байсан.
Таньд болон таны гэр бүлд Монголын засгийн газарт гомдсон гомдол байдаг бол нуулгүй хэлээч.
Миний бодлоор гомдол гэдэг бол утгагүй зүйл. Хэнд ч хэрэггүй мэдрэмж. Эргэн тойрондоо яаж хандаж байна тэрнээс л энэ бүгд тодорхойлогддог. Хэрвээ та хайр дүүрэн амьдардаг бол энэ бүх зүйлд тэгэж л нөлөөлдөг. Ямар ч гэнэтийн зүйл гэж байхгүй.
Таны эцэг “Цэдэнбал судлалын академи”-ийг байгуулсан. Та үүнд ямар нэгэн хувь нэмэр оруулах уу?
Мэдээж, эцэг маань санал болговол дуртайяа туслана. Одоогоор би оросуудыг Монгол улстай танилцуулах аялал жуулчлалын хөтөлбөрт ажиллаж байгаа.
Залуу бүсгүй чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэхийг хүсдэг нь тодорхой. Спорт, ямар нэгэн урлагаар хичээллэдэг үү?
Чөлөөт цаг тийм их гардаггүй. Би ууланд авирч, аялах дуртай. Далай ламд болон өөрийн багш Гэвш Жамба Тинлейд мөргөл үйлддэг. Удахгүй Далай ламд мөргөл үйлдэхээр явах гэж байгаа.
Гэр бүлтэй болох талаар боддог уу? Монгол хүнтэй хувь заяагаа нэгтгэх хүсэл байдаг уу?
Өвөө эмээ хоёр маань надад үнэнч хайрыг харуулж чадсан. Хэрвээ хайртай бол гарал угсаа хамаагүй гэж боддог.
Монголчуудад юу хэлэхийг хүсдэг вэ?
Миний судсаар баатарлаг монголын цус урсаж байгаа гэдгээр бахархдаг. Монгол Улс намайг үргэлж татаж байдаг. Энэ зуны амралтаараа би Буриад улсад байсан. Тэр бүх хугацаанд Монгол руу очихыг, Монголын талаар бүр ихийг мэдэхийг хүсэж байсан.
Орчуулсан: Ч.Баярмагнай