Өнгөрсөн намраас хэт богино долгионы радиогоор “Ээждээ би” нэртэй дуу цацагдаж олны хүртээл болсноос эхлээд олон радиогийн хит парадын эхний аравт байнга орох болов. Гэхдээ энэ дуу аялгуу, шүлгийн хувьд шууд түрүүлэх магадлал өндөртэй байсан боловч хоёр дуучин нэгэн зэрэг дуулаад байгаад сонсогчид төөрөлдөх болов. Анх залуу дуучин Ц.Намсрайноров дуулан цацагдаж байсан бол удалгүй СТА Лодойн Банзрагчийн дуулснаар мөн л FM радиогоор цацагдсан аж. Хоёр эзэнтэй нэгэн сайхан дууг чухам хэн зохиосныг радиогийн хөтлөгчөөс асуувал хөгжмийн зохиолч Г.Энхбаярын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг аж.
Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр бол уг дууны захиалагч нь Архангай нутгийн төрийн алба хашдаг залуу бөгөөд анх Ц.Намсрайноровоор дуулуулаад найз нартаа сонсгосон чинь голж Л.Банзрагчаар дуулуулсан юм байх. Үүнд нь яруу найрагч Д.Ган-Очир дургүйцэн захиалагчид уур бухимдлаа илэрхийлсэнд сайхь залуу “Би дуугаа захиалсан. Хэнээр дуулуулахаа би мэдье” хэмээн амыг нь таглажээ. Ингээд эрхэм найрагч учрыг нь залуу дуучинд хэлж өөрсдөө учраа ол хэмээсэнд Ц.Намсрайноров уурлан найрагчийг энд тэнд муулж яваа сурагтай.
А.Харанга wikimon